Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа

2018 оны 11 сарын 17

Энэ жил нийслэлийн Соёлын төв өргөө үүсч байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор соёл урлаг, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн олон талт арга хэмжээг зохион байгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.

Шагналыг “Соёлын төв өргөө-30 жил” хүндэтгэлийн Гала тоглолтын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан гардуулав.
Тэрбээр хэлэхдээ “Энэ байгууллагын 30 жилийн түүх гэдэг бол монгол түмний соёл иргэншил, хөгжил дэвшлийн түүх юм. Аливаа улс орны оршин тогтнох үндэс нь хэл, түүх, соёл байдаг. Монгол түмний оршин тогтнох, ирээдүйн хөгжил дэвшлийн үндэс суурь нь энэ аугаа тайзнаас Монголын тал нутаг даяар цуурайтаж, эх орны минь өнцөг булан бүрт энэ тайзнаас төрөн гарсан үе үеийн урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд уран бүтээлийн их түүхийг түгээсээр ирсэн ариун газар билээ. Соёлын төв өргөө анх социализмын үед ЗХУ-ын ард түмний найрсаг сэтгэлийн хандиваар бүтсэн түүхтэй. Өдгөө 1988 оноос хойш энэ байгууллагын үйл ажиллагааг амжилттай авч яваа нийт ажилтан алба хаагч, үе үеийн ахмад зүтгэлтнүүд соёл урлагийн ажилтнууддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Ойг тохиолдуулан тус байгууллагын зүгээс төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлж, хотын соёлыг төлөвшүүлэх зорилтын дор дэмжигч, түншлэгч байгууллагууд, үзэгчиддээ зориулан урлаг соёлын цогц үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top