”Макс” гал хурдан угшилын 39 адууг дуудлагаар худалдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Өлзийт хороололд өчигдөр /2018.11.18/ хурдан угшилын адууны дуудлага худалдаа боллоо. Монгол Улсын Тод манлай уяач, “МАКС" группийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнчимэдээс тэдний зохион байгуулсан дуудлага худалдааны талаар сонирхлоо.

-Дуудлага худалдааг хэзээнээс эхэлж зохион байгуулж байна вэ?

-Анх 2008 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байлаа. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрөхөд нийтдээ 6-7 удаа дуудлага худалдааг үргэлжлүүлсэн. Энэ үеэр олон улсын жишигт хүссэн адуугаа дуудлага худалдаанд оруулдаг.  Монголд адууны дуудлага худалдааг хөгжүүлэхийн тулд энэ арга хэмжээг жишиг болгон зохион байгуулж ирсэн.

-Дуудлага  худалдааны орлогоос сайн үйлсийн аянд хандивладаг гэсэн?

-2008 оны дуудлага худалдаа “Морины” хэмээх тодотголтой, Гавьяат жүжигчин, дуучин Г.Батбаярын уран бүтээлийн тоглолтын үеэр тохиосон. "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулагдсан тоглолтын үед хурдан угшилын гурван даагыг  дуудлага худалдаанд оруулж, орлогын тодорхой хувийг Г.Батбаяр ахын эмчилгээний зардалд хандивлаж байлаа.


-Дуудлагаар худалдсан адуунаас улс, бүсийн наадамд хурдалсан адуу хэд байгаа бол?

-Г.Батбаяр ахын хандивын тоглолтын үеэр дуудлагаар худалдсан гурван дааганы нэгийг Дундговийн хүн авсан юм. Хожим нь бүсийн наадмуудад цөөнгүй түрүү, айраг хүртсэн байсан. Түүнээс хойш олон үрээ, даага улс болон бүсийн наадмуудад түрүүлж, айрагдан, уясан эзнээ баярлуулж байна.

-Энэ удаагийн худалдаанд  хэчнээн адуу худалдаалах гэж байна вэ?

-“МАКС” уяанаас гэхэд хурдан удмын үрээ, даага, гүү нийлсэн 39 адуу дуудлагаар оруулж байна. Энэ үеэр хурдан угшилын адуу худалдаалах нь хэн бүхэнд нээлттэй.

-Уламжлал ёсоор хандивт орлогын  тодорхой хувийг зориулах байх?

-“МАКС” групп асрамжийн газрын хүүхдүүдэд хандив өгөх ажлыг зохион байгуулдаг. Бүтэн өнчин 300 орчим хүүхэд тус бүрт 500 мянган төгрөгийн хадгаламжийн данс нээж өгсөн. Эдгээр хүүхэд 18 нас хүрээд хадгаламжаа өөрөө захиран зарцуулах  эрхтэй болдог. Энэ удаагийн дуудлага худалдаанаас олсон орлогын 10 хувийг мөн асрамжийн газрын бүтэн өнчин хүүхэд тус бүрт 500 мянган төгрөгийн хадгаламж нээж өгөхөд зориулна.

 

 



Д.ДАМДИН

Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top