Япон улсаас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламж нь 1977 онд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт үндэслэн “Говь” ноолуурын үйлдвэрийг барьж, байгуулах буцалтгүй тусламжаар эхэлж, 1989 он хүртэл дадлагажигч хүлээж авах, мэргэжилтэн томилох, тоног төхөөрөмж нийлүүлэх зэргийг голлосон техникийн хамтын ажиллагаа, соёлын буцалтгүй тусламж гэх зэргээр хамтран ажилласан түүхтэй. Харин өдгөө Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах үүднээс буцалтгүй тусламжаар Гачуурт дахь ус санг бий болгосон байдаг.
Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төслийг Япон улсын Засгийн газар буюу Жайка олон улсын байгууллагаас 1996 оноос хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, Монголд нэн чухал уг төсөл нь гурван үе шаттайгаар хэрэгжсэн юм. Ингэхдээ нэгдүгээрт, усан хангамжийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт усан хангамжийг нэмэгдүүлэх, гуравдугаарт усан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллажээ.
2011 оноос хойш бүтээн байгуулсан Гачуурт дахь усан хангамжийн эх үүсвэрийн талаар дараах мэдээллийг хүргэе.
Гачуурт дахь усан хангамжийн эх үүсвэр нь хоногт 25200 м.кв ус олборлон түгээх хүчин чадалтай ба нийтдээ 30 сая ам.доллараар бүтээжээ. Одоогийн байдлаар хоногт дунджаар нийт ундны усны хэрэглээний 5-8 хувь буюу 8000-12000 м.куб усыг олборлон түгээж байна.
Мөн Гачууртын эх үүсвэр ашиглалтад орсноор Зүүн хойд бүсийн усан сангаар дамжуулан Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Дамбадаржаа чиглэлийн гэр хорооллыг усаар хангах, цаашдаа гэр хорооллуудад дахин төлөвлөлт хийж барилгажуулахад ундны усаар хангах томоохон ач холбогдолтой төсөл хэмээн холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.
Гачууртын усан хангамжийн эх үүсвэр нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрладаг. 7.2 га талбайтай.
SOS: 2000 оны эхэн үед иргэд хоногт 6 литр орчим ус хэрэглэдэг байсан бол 2018 оны байдлаар 7,8 литр ус хоногт хэрэглэж байна.
Гачуурт дахь усан хангамжийн станц нь 30-40 хувийн хүчин чадлаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө хэрэгжсэнээр энэхүү эх үүсвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм. Төсөл эхэлснээс хойш Дарь-эх, Дамбадаржаа, Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн мянга, Толгойт, Баянхошуу гэсэн гэр хорооллын хэсгүүд төвлөрсөн шугамд сүлжээнд холбогдоод байна. Үүнээс гадна шугам сүлжээтэй ойр байгаа айл өрх аж ахуй нэгжүүд төв шугамд холбогдчихсон төдийгүй 24 цагаар тасралтгүй ус авах бололцоотой болсон.
"Улаанбаатар хот усны нөөцгүй болж байгаа талаар тогтмол ярьж байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд усны зөв зохистой хэрэглээг зайлшгүй суулгах хэрэгтэй. Бидний хийсэн судалгаагаар орон сууцанд амьдарч байгаа нэг өрх айл долоо хоногт 140 литр усыг зөвхөн аяга таваг угаах, ахуйн цэвэрлэгээ хийхэд ашиглаж байна. Иймд бид усны хэрэглээг багасгах шаардлагатай гэж бидний зүгээс үзэж байна" хэмээн Ус сувгийн удирдах газрын Улаанбаатар хотын инженерийн бодлогын хэлтсийн дарга М.Одхүү ярилаа.
SOS: Орон сууцанд амьдарч байгаа нэг өрх айл долоо хоногт 140 литр ус хэрэглэж байна.
Гачуурт дахь усан хангамжийн эх үүсвэр нь 30-40 метр гүнээс ус гаргадаг аж. Нянгийн бохирдлоос сэргийлэх үүднээс халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулсан байдгаараа онцлогтой. Ингэснээр хүн амын аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын нийт хүн амын 10 орчим хувийг зөвхөн энэ станц усаар хангадаг. Тус станц ашиглалтад ороогүй байхад дөрвөн эх үүсвэрээр Улаанбаатарын усыг хангаж ирсэн. Харин одоо Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар бүтсэн долоон эх үүсвэр 24 цагийн турш найдвартай усаар биднийг хангаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Усны зүй зохистой хэрэглээг хэвшүүлцгээе! Усны хэрэглээг багасгаж чадах юм бол ус хангамжийн эх үүсвэрүүд хэвийн хэмжээнд ажиллах бүрэн боломжтой.
Б.АМИРДАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )