Норвегийн тусламжийн байгууллага ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны орчинг сайжруулах зорилгоор Баян-Өлгий, Ховд аймагт төсөл хэрэгжүүлж дуусчээ. Ховд аймгийн бүх сумын дотуур байрт 10 жил, Баян-Өлгий аймгийн бүх сумын дотуур байрт таван жил уг төслийг хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн мягмар гарагт болсон тайлангийн уралд Ховд аймгийн 17 сумын сургуулийн захирал, дотуур байрны эрхлэгч, багш нар оролцож тайлангаа дүгнэжээ.
“Төслийн үр дүнд сургууль, дотуур байрын багш, ажилтнуудыг чадваржуулахад чиглэсэн үйл ажиллагаанууд нь үр дүнтэй арга аргачлалуудыг бий болгож, эдгээр нь төрийн бодлогод тусгагдан, цаашид төслийн оролцоогүйгээр Ховд аймагт төдийгүй улс орон даяар үргэлжлэн хэрэгжих боломжтой болсонд бахархаж байна” гэж Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди ярьжээ.
Тус төсөл нь 2014-2018 онд хоёр үе шаттай хэрэгжихдээ судалгааны ажлын үр дүнд тулгуурлан нотолгоонд суурилан үйл ажиллагаагаа төлөвлөн явуулснаар богино хугацаанд дотуур байрны багш, эмч, тогооч, ажилтнуудыг чадавхижуулан, дотуур байрны орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй байдлаар зохион байгуулж чаджээ. Төслийн үр дүнг зөвхөн төсөл хэрэгжүүлсэн баг, сургуулийн захирал, дотуур байрны багш нар хэлэлцээд зогсохгүй хөндлөнгийн үнэлгээнд төсөлд хамрагдсан албан тушаалтан, эцэг эх, хүүхдүүдийн саналыг тусгаж, ярилцсанаараа тайлангийн хурал онцлогтой байлаа.
Төсөлд Норвегийн тусламжийн байгууллагаас чамгүй хөрөнгө гаргасан ч орон нутгийн сургуулийн хамт олон идэвхи, санаачлагатай ажиллаж, Ховд аймагт л гэхэд сүүлийн 5 жилд Орон нутгийн хөгжлийн сан болон бусад эх үүсвэрээс 279 сая гаруй төгрөгийг гаргуулж дотуур байранд хүүхэд амьдрах нөхцөл боломжийг сайжруулах үйл ажиллагаанд зориулж босгож чадсан нь сайшаалтай. Энэ бол цаашид дотуур байрны хөгжлийн асуудлыг орон нутагт бие даан шийдвэрлээд авч явах нөөц боломж бүрдсэнийг нотолж байна гэж Норвегийн тусламжийн байгууллага үзэж байгаа ажээ.
Б.АЗАА
Сэтгэгдэл ( 0 )