ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Бодлого чангарч, ТОГТВОРТОЙ байхыг сануулав

2018 оны 12 сарын 01

Эдийн засгийн салбарын онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна. Эдийн засгийг эрсдэлээс хамгаалсан “шүхэр”-ийг гартаа атгасан байх ёстой засаг нь унах уу, үлдэх үү дээрээ тулсан өдрүүд энэ долоо хоногт ч хадгалагдав. Төгрөг ам.долларын эсрэг уруудаж, дагаад асуудлууд тулгарч болзошгүй байгаа энэ үед “хүлээлт”-ээр наадалгүй, тогтвортой байдлыг эрхэмлэх нь чухал байна.

 Банкууд 140 тэрбумаар хөрөнгөө ӨСГӨЖЭЭ

Энэ оны эхний 9 сарын байдлаар системийн хэмжээнд 5 банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмсэн гэж Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдэгдэв. Чехийн PWC компани манай арилжааны банкуудад үнэлгээ хийгээд дутагдаж буй хөрөнгийн хэмжээ 513 тэрбум төгрөг болохыг тогтоосон.  Н.Батсайхан захирлын хэлснээр бол арилжааны банкуудын дутагдсан хөрөнгийн хэмжээ 373 тэрбум төгрөг болсон гэж ойлгогдож байгаа юм. Монголбанкнаас энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр  банкуудад албан тоот хүргүүлэхдээ  арванхоёрдугаар сарын 31-ний өдөрт багтаан өөрийн хөрөнгийн дутагдаж буй хэсгийг НӨХӨХ шаардлага тавьсан. Банкууд шаардлага биелүүлэхэд нэг  сарын хугацаа үлдээд байна.

Арилжааны банкуудаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлтүүдээ Төв банкинд хүргүүлснийг, судалж буй бөгөөд  энэ оны эцэс гэхэд эцсийн байдлаар дүгнэлт гарахаар байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ “Тогтоосон хугацаанд өөрийн хөрөнгийн дутууг нөхөн бүрдүүлж чадаагүй, системийн нөлөө бүхий банкууд гарвал дахин хөрөнгөжүүлэх ажлыг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Харин системийн нөлөө бүхий банкны жагсаалтад ороогүй банк хамрагдахгүй” гэж хэлсэн юм.

Шок угтсан ХАТУУ хамгаалалт

Төрийн  ордноос цацагдах бараан мэдээллүүдтэй зэрэгцэн Төв банк Бодлогын хүүгээ өсгөж, ОУВС-ийн зөвлөснөөр мөнгөний бодлогыг хатууруулах арга хэмжээ авлаа. Энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцэж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байгаа гэж Төв банк мэдэгдсэн юм. Ер нь бол мөнгөний бодлогын шийдвэр аргагүй байдалд  шахагдаж гарсныг Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа хэлж байсан. Бодлогын хүүгийн өсөлтийг дагаад мөнгөний нийлүүлэлт, зээл хумигдах, зээлийн хүү буурахгүй байх зэрэг сөрөг талуудыг ярьж байгаа ч, урт хугацаандаа макро эдийн засагт тогтвортой үзүүлэлтүүдийг авчрахын тулд, болзошгүй шокоос хамгаалахын тулд цаг алдалгүй арга хэмжээ авах нь чухал гэж судлаач А.Батпүрэв хэлж байв.


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасны маргааш шилдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт  ирсэн бизнесийн салбарынхны төлөөллийн хувьд төр засгийн бодлого тогтвортой, тодорхой байх чухал гэдгийг хэлцгээж байв. Уулзалтаар 2018 оны мөнгөний бодлогын хэрэгжилт болон эдийн засагт тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогч аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтийг сонсож, санал асуулга явууллаа. Санал асуулгын зорилго нь Монгол Улсын томоохон аж ахуй нэгжүүдийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, хууль эрх зүйн орчны талаарх санал бодлыг тандаж, мөнгө болон төсвийн бодлогод тусгахад чиглэлээ.

"Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны мэдээлэл гадныханд хүрэв  


Бүрэн утгаараа эдийн засгийн эргэлтэд орж чадалгүй хэдэн талаасаа хэмлүүлсэн Тавантолгойг том төслийн хэмжээнд тооцож урагшлуулах шаардлага байсаар өдийг хүрсэн. Уг орд дээр түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” компанид Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшинэ гэсэн улс төрийн шийдвэр гараад удаж буй. Тиймээс компани хэзээ хүлээн зөвшөөрөгдөж, IPO гаргах вэ гэдэг хүлээлт улс даяар бий. Тэгвэл энэ долоо хоногт Лондон хотод Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт "Mines & Money London” арга хэмжээ болоход, манай улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцлоо. Дэд захирал Т.Цогтбаяр хөрөнгө оруулагчдад Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахтай холбоотой танилцуулга хийж, илтгэл тавьсан нь таатай мэдээ байв.

Банкууд ЖДҮ-ийн  зээлдэгчдийн эрсдэлийг бүрэн хариуцдаг  байсан гэв


Монголын банкны холбоо ЖДҮ-тэй холбоотой мэдэгдэл гаргалаа.  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2015-2016 онуудад арилжааны банкуудтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 28,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дамжуулан зээлдүүлсэн байдаг. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эхлээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  дэмжих төслүүдээ сонгон шалгаруулж, тухайн зээл хүсэгчийн сонгосон банкаар дамжуулан зээлдэгчийг судлах ажиллагааг хийлгэдэг байсан. Арилжааны банкны хувьд сонгогдсон төсөлд мэргэжлийн үнэлгээ, шинжилгээ хийж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн болон банкны зээлийн бодлого, журмын шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд банкны зээлийн шаардлагыг хангаж буй бичгийг ЖДҮ-ийг хөгжүүлэх санд  хүргүүлэн, улмаар санхүүжилтийг сангаас хүлээн авч, зээлдэгчид дамжуулан олгож ирсэн гэж мэдэгдэв. Зээлийг дамжуулан олгосон банкны хувьд зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд байнгын хяналт тавих, тухайн зээлдэгч хугацаандаа зээлээ төлсөн эсэхээс үл хамаарч ЖДҮ-ийг хөгжүүлэх санд  зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу шилжүүлэх үүргүүдийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн өмнө  хүлээдэг байсан. Өөрөөр хэлбэл, арилжааны банк нь хамтран ажиллах хугацаандаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан зээлдэгчдийн эрсдэлийг бүрэн хариуцаж ажилладаг байсан гэж мэдэгдсэн юм.

Банк хооронд 3 сая хүртэлх төгрөгийн гүйлгээг 1-4 секунтэд хийж эхэллээ


Үндэсний цахим гүйлгээний төвийн системээр долоо  хоногийн 24 цагаар дамжих гүйлгээний дүнгийн дээд хязгаар 1 сая төгрөг байсныг нэмэгдүүлж 3 сая төгрөг болгосныг Төв банкнаас мэдээлснийг онцолж байна. Ингэснээр 3 сая хүртэлх төгрөгийн банк хооронд хийгдэх төлбөрийг  өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй, түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Тодруулбал, 3 хүртэлх сая төгрөгийн төлбөрийг байршил, өдөр хамааралгүй аль ч цагт 1-4 секунтэд гүйцэтгэх бүрэн боломжтой болж байгаа нь иргэд, харилцагчдын хувьд таатай мэдээ билээ. Энэ шийдвэр нь Монгол Улсад цахим төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаа дахин нэг шат ахиж, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top