Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

 

 

Энэ долоо хоногт Азовын тэнгист ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй түгшүүртэй нөхцөл байдал дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа. Украины тэнгисийн цэргийн хүчний "Бердянск", "Никополь" болон "Яны Капу" цэргийн усан онгоцууд ОХУ-ын хил зөрчснийг Оросын тал НҮБ-ын далай, тэнгисийн конвенцыг зөрчсөн хэмээн үзэж, саатуулаад байгаа юм. Хэрэг явдалтай холбогдуулан Украин улсад 30 хоногийн хугацаанд дайны байдал зарласан бөгөөд дайны байдал зарласнаар Украины засгийн газар шаардлагатай тохиолдолд олон нийтийн цуглаан зохион байгуулахыг хориглох, хэвлэлийг эрх чөлөөг хязгаарлах, Украины болон гадаад улс орны иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, сонгуулийг цуцлах зэрэг томоохон арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм.

Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр төлөвлөөд байсан уулзалтаа цуцаллаа. Украины цэргийн усан онгоц, цэргүүд өнөөг хүртэл суллагдаагүй байгаа тул “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийх уулзалтаа ийнхүү цуцалж буйгаа мэдээлжээ.

 

Дэлхийн хамгийн анхны генийн засвартай хоёр ихэр охидыг бүтээсэн тухай мэдээлэл дэлхий нийтийг цочирдууллаа. Хонгконгт болсон Генийн дээд хэмжээний уулзалт дээр Шэньжэний их сургуулийн дэд профессор Хэ Жианкуй өөрийн бүтээлээр бахархаж байна гэжээ. Тэрбээр мөн Генийн засвартай бас нэгэн ураг эхний үе шатандаа байгаа гэж мэдэгдээд, ДОХ-ын халдвартай найман хос сайн дурын үндсэн дээр туршилтад орсон гэсэн мэдээлэл өгчээ.

Профессор Хэ ихэр охидыг ДОХ-ын халдвар авахаас сэргийлэх үүднээс генд нь засвар хийсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч бусад эрдэмтэд түүний энэ санааг аймшигтай хэмээн нэрлэсэн юм. Тийм ч үүднээс дээрх уулзалтын дараа Хятадын эрх баригчид генийн засвартай ихрүүдийг бүтээсэн эрдэмтдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Учир нь тус улсын хуулиар хүний генийг өөрчлөх нь хориотой байдаг ажээ.

 

АНУ-ын Калифорни мужийн түүхэн дэх хамгийн хөнөөлт, хамгийн том түймрийг цурманд бүрэн оруулжээ.

Camp нэртэй түймэр Калифорни мужийн хойд хэсэгт арваннэгдүгээр сарын 8-ны өдөр анх дэгдсэн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, гамшигт үзэгдлийн улмаас 85 хүн амиа алдаж, 14 мянган хувийн байшин, 528 офис, дөрвөн мянга гаруй бусад барилга байгууламж шатжээ. Ойн түймрийг унтраахаар мянга гаруй гал сөнөөгч, 73 галын машин дайчлагдан ажилласан бөгөөд ойн түймэр нийт 62 мянган га талбайг хамарсан байна.

Camp түймрийн улмаас нийт 7.5-10 тэрбум ам. долларын хохирол учирсан гэж урьдчилсан дүн гараад байна.

 

АНУ-ын хүчнийхэн Мексиктэй залгаа хил дээр байршуулсан саадыг давахыг оролдсон дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч хий болон резинэн сум ашиглав. АНУ-ын хил дээр тулж ирээд байгаа дүрвэгсэд чулуу шидэж эхлэхэд АНУ-ын хүчнийхэн ийм арга хэмжээ авчээ.

Пүрэв гарагт /2018.11.29/ дүрвэгсэд замыг нь хааж буй Мексикийн цагдаагийнхныг эсэргүүцэн өлсгөлөн зарласан тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Дональд Трампын засаг захиргаанаас цагаачлалын хатуу бодлого явуулж буй бөгөөд АНУ-д цагаачлах зөвшөөрөл авахын тулд дүрвэгсэд урт хугацаанд хүлээх ёстой гэнэ. Нөхцөл байдал хүнд байгаа ч дүрвэгсэд шаардлагатай хугацаагаар хүлээхэд бэлэн байгаа аж.

Тихуанад цугларсан дүрвэгсдийг буцаах арга хэмжээ аваагүй тохиолдолд АНУ-Мексикийн хилийг бүр мөсөн хаана хэмээн Трамп сүрдүүлсэн бол Мексикийн засгийн газар болон НҮБ-ын зүгээс дүрвэгсэд орогнол хүсэх эрхтэй хэмээн мэдэгдэж байна.

 Мексикийн газар нутагт одоогоор 8.2 мянган дүрвэгсэд орж ирээд байгаагаас Тихуана болон Мехикали хотод 7.4 мянган дүрвэгсэд байгаа гэнэ.

 

 

 

Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагчид арваннэгдүгээр сарын 30 болон арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо дээд хэмжээний уулзалт хийнэ.

Уулзалтаар худалдаа, тоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүйсийн тэгш эрх зэрэг уламжлалт сэдвүүдийг хөндөх юм. АНУ, БНХАУ хоёр худалдааны дайнаас гарах ямар оролдлого хийх, Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээс хойш Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүүг Буэнос Айрест хэрхэн угтах, АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар гар барих эсэх нь Олон нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй. Түүнчлэн, 20 улсын тэргүүн нар санал нэгдэж, хамтарсан мэдэгдэл гаргах эсэх нь ч сонирхол татаж байгаа юм. 

"Их 20"-ийн бүлэг энэ жил 10 нас хүрч байна. "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт анх Вашингтонд 2008 онд болж байжээ.


Энэ бүх дэлхий нийтийн анхаарал татсан асуудлыг бид эргэн мэдээлэх болно.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top