НИЙГМИЙН ТОЙМ: 16 настнууд АНДГАЙ өргөж, амралтад нь ӨӨРЧЛӨЛТ орсон долоо хоног

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 02
  • Өнгөрөгч долоо хоногт нийгмийн салбарт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.

-УЛС ТУНХАГЛАСНЫ 94 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЛОО-


Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсаны баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил улс тунхагласны 94 жилийн ой тохиож, өнгөрөгч Даваа гарагт бүх нийтээр амарсан юм. Улс тунхагласны баярт зориулан төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 94 уртын дууч, зургаан морин хуурч Төрийн ёслол хүндэтгэлийн 10 уртын дууг дуулж түмэн олны сонорыг мялаажээ.  Манай эртний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанууд монгол улсын уртын дуу "Эртний сайхан", "Түмэн эх"-ээр эхэлж "Асурын өндөр" зэргээр өртөөлж, "Өвгөн шувуу хоёр", "Энх мэндийн хадаг" дуугаар жаргадаг байжээ.

Мөн 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” биеийн тамир, спортын хороо, “Жем Интернэшнл” группын бөх, Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” биеийн тамир, спортын хороо, “Хөвгслийн хүчтэн” клубын бөх Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.

-НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН II ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ 49 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ-


Сүүлийн жилүүдэд Нийслэл хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс маш их давамгайлж, ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон билээ. Үүнээс үүдэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёдугаар улирлын амралтыг сунгах, өдрийн цагаар хичээллүүлэх зэрэг арга хэмжээ авахыг эцэг эхчүүдийн зүгээс хүсэх болсон. Тэгвэл өнгөрөгч сарын 29-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа. Ингэснээр Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт:

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног үргэлжлэхээр болсон байна.

Харин Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын хоёрдугаар улирлын амралт  XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног үргэлжлэх аж.

Мөн сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулахаар болжээ.

-Д.НАЦАГДОРЖ, Ж.БАТМӨНХ, Ж.САМБУУ НАРЫН ХӨШӨӨГ ГЭРЭЛТҮҮЛЛЭЭ-


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Аяны хүрээнд 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй байгаа 2622 гэрэлтүүлэг, 70 гаруй цахилгаан шугамыг засварласан байна. Дээрх ажлуудыг Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх байгууллагууд болон хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байгаа гэв.

Гэрэлтүүлэг хийсэн барилга, байгууламжууд:


  • Драмын театр /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо//
  • Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо
  • Монгол Улсын Боловсролын Их сургууль /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо/
  • Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байр /Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо/
  • Спортын төв ордон  /СБД 8 дугаар хороо/
  • Хүүхдийн урлан бүтээх төв  /СБД 6 дугаар хороо/
  • Гандантэгчилэн хийд /Жанрайсаг / БГД 16 дугаар хороо/
  • Хөрөнгийн бирж  /ЧД 1 дүгээр хороо/
  • 3 дугаар эмнэлэг/ БГД 5 дугаар хороо /
  • 1 дүгээр эмнэлэг/ СБД 1 дүгээр хороо/
  • МУИС-ийн эдийн засгийн сургууль  /СБД 8 дугаар хороо/
  • Соёмботой хөшөө   /ХУД 15 дугаар хороо/
  • Мэлхий хөшөө  /СБД 8 дугаар хороо/
  • Д. Нацагдоржийн хөшөө /СБД 8 дугаар хороо/
  • Ж. Батмөнхийн хөшөө /СБД 8 дугаар хороо/
  • М. Гандигийн хөшөө  /ХУД 15 дугаар хороо/
  • Ж. Самбуугийн хөшөө /ЧД 4 дүгээр хороо/
  • Эвтэй 4 амьтны хөшөө /БЗД 1 дүгээр хороо/
  • Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө  /СБД 7 дугаар хороо/
  • Марко Пологийн хөшөөи /СБД 8 дугаар хороо/
  • Спортын төв ордон  /СБД 8 дугаар хороо/

-ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ӨДӨРТ ХОЁР ХҮН АМИА АЛДДАГ-


Энэ сарын 29-ний өдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарласан билээ.

Зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг тав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм.

Тээврийн цагдаагийн албанд өдөрт зам тээврийн ослын 350-400 дуудлага ирдэг. Тэгвэл “Хичээх өдөр” энэ тоо 50 хувиар буурчээ. Мөн жирийн өдөр 15-20 хүн бэртдэг бол өнгөрөгч Пүрэв гарагт 4-5 дахин буурсан байна. Энэ бол Хичээх өдрийн үр дүн байлаа хэмээн Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ. Сүүлийн таван жилд хийсэн судалгаагаар өдөрт зам тээврийн ослоор хоёр хүн нас барж, 20 хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн жилд 4,000 хүн зам тээврийн осолд өртөж байгаагийн 1,000 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг судалгааны дүн үзүүлж буй юм. Мөн сүүлийн үед өөрийгөө хянах чадваргүй хүмүүс жолоо барих нь ихэссэн. Тиймээс эмнэлгийн байгууллагатай хамтарч эдгээр иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухай Тээврийн цагдаагийн газраас анхааруулсан юм.

-МСНЭ-ЭЭС САЛБАРЫН ШИЛДГҮҮДЭЭ 99 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА ГЭВ-


МСНЭ-ээс Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 онд туурвисан сэтгүүлчдийн уран бүтээлийг дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 12 дугаар сарын 09-нд болохоор тов зарлагджээ. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацид нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтын материалыг 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болжээ.

-АРВАН ЗУРГААН НАСТНУУД ”ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ-


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” өнгөрөгч сарын 26-нд Төрийн ордонд болж, 16 настнуудын төлөөлөл болсон 850 гаруй залуус оролцож, 43 нь Ерөнхий сайд болон шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын манлайлагчдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагийн ёслолыг амжилттай зохион байгуулж, анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуусын төлөөлөл биечлэн оролцжээ.

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗАРИМ НУТГААР ШӨНӨДӨӨ 43 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРНЭ-


Өнөөдөр /2018.12.02/ баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна. 2-ноос ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарч, Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Дээрх цаг агаарын гамшигт үзэгдэл нь эрчим хүч, зам тээвэр, мал аж ахуйн салбарт ноцтой хүндрэл учруулахуйц эрсдэлтэй тул байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг онцгойлон анхааруулж байна.

-НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ НЭГ УДААГИЙН РЕЙС БУЮУ БҮТЭН ЭРГЭЛТИЙН ХӨЛСИЙГ ОЛГОХООР БОЛЛОО-


Өнгөрсөн сарын 27-нд Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран мэдээлэл хийсэн билээ.

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэж байгаа аж. БНХАУ-ын тал нүүрс татан авалтаа эрчимжүүлсэн гэж мэдээлж байгаа ч өмнөхөөсөө дээрдээгүй урт цуваа хэдэн арван км үргэлжилж байгаа. Үүнээс болж, жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд орж буй аж. Үндсэндээ хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэлт хийж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа гэнэ. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ.

Иймээс Засгийн газарт хандан шаардлага хүргүүлсэн юм. Хэрвээ шаардлагыг хүлээн авч, 13,000 жолоочид анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалахгүй бол төрийн бус байгууллагууд суулт хийж, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл өнгөрөгч сарын 31-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс холбогдох бусад яам, тамгын газрын албаны удирдлагуудыг оролцуулан тээвэрлэгч аж ахуй нэгж, нүүрс тээврийн жолооч нар, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж холбогдох арга хэмжээг шуурхай авч эхэлсэн байна.

Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран нар гадаадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт нэг удаагийн рейс буюу бүтэн эргэлтээр тээвэрлэлт хийх цалин хөлсийг олгохоор тогтжээ.

Мөн Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзаж, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ оношлогоонд хамруулах, хөдөлмөрийн нөхцөлтөй холбоотой өвчлөлийн судалгааг гаргуулах, өвчлөлийн төрлөөс хамаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хамтарч хэрэгжүүлэхээр тохирсон байна.

-ДОХ-ЫН 266 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, 42 ХҮН НАС БАРЖЭЭ-


Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэ жил манай улс “Яг одоо шинжилгээнд...” гэсэн уриаг дэвшүүлж байгаа юм.

ХДХВ, ДОХ-ын тохиолдол буурч байгаа ч Төв Европ тэр дундаа ОХУ-д 49-өөс дээш хувиар нэмэгдсээр байна. Хэдийгээр манай улс төрийн болон хувийн хэвшил, түншлэлийн ажиллагаа хэрэгжүүлсний хүчинд ХДХВ, ДОХ-ын тохиолдлыг тогтоон барьж байгаа ч хөрш оронд тархалт өндөр байгаа нь анхаарлаа сулруулж болохгүйг харуулж байна. Дэлхийд 2017 онд 1.8 сая хүн шинээр халдвар авч, 940 гаруй мянган хүн ДОХ-ын улмаас нас барж байгаа. Харин Монголд 1992 онд ХДХВ-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 267 хүн энэ халдвараар оношлогдож, 42 нь нас бараад байна. Засгийн газар ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд онцгой анхаарч 2017 онд ДОХ-ын үндэсний хороо байгуулж, санхүүжилтийг нь тогтвортой нэмэгдүүлсний дүнд тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал, ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд багтаж байна. Цус, цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр, эхээс хүүхдэд энэ төрлийн халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн. ХДХВ-ийн халдвартай хүний 43.5 хувийг оношилсон. Үүний 92.8 хувьд эмчилгээ хийж 95 хувийнх нь вирусийг дарангуйлж байна. Мөн бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа аж.

ЭМГЭНЭЛ: Паавангийн ДАМДИН /1931-2018/


Монгол Улсын төр, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Паавангийн Дамдин 2018 оны 11 дүгээр сарын 27-нд мөнх тэнгэрт хальж монгол түмэнд хүнд гарз тохиолоо.

Тэрбээр 1950-иад оны сүүлчээс Монгол Улсын Аж үйлдвэрийг хөгжүүлэх үйлсэд өөрийн ухамсарт үйл ажиллагаа, мэдлэг мэргэжил, боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн нэг байв. 1960 оноос Аж үйлдвэрийн яамны, залгуулаад Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдаар тасралтгүй 20 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 1979 онд МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн даргаар сонгогдож, Монгол Улсын аж үйлдвэр, барилгын салбарыг хариуцаж тэдгээрийн хөгжил дэвшлийн бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх үйлсэд 1990-ээд он хүртэл хүчин зүтгэж, Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх болон барилгажуулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ.

П.Дамдингийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор шагнаж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

Эх орныхоо эдийн засаг, нийгэм, ялангуяа аж үйлдвэрийн хөгжилд П.Дамдингийн оруулсан үнэт хувь нэмэр, түүний ухаалаг, нийтэч, бүтээлч хүмүүнлэг зан чанар Монголын ард түмний сэтгэлд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ориг.З(182.160.33.126) 2018 оны 12 сарын 02

Ум ма ни бад мэ хум

0  |  0
Zahias(115.171.244.61) 2018 оны 12 сарын 02

Zasgiin gazart shurgalsan sagsuu, ovirgonchuudiig ch bas hurdan ihdee 1,5 jilees hetruulelgui tseverlehgui bol ulsaar ni samarna gedgiig hatuu oilgoh tsag . Humuusee. Yalanguya uzel bodol ni tolovshoogui zaluu nasnii genen hoorliig ashiglah gej oroldono shuu. Zaluus mini sohoroor dahgui baihiig zahih baina.

0  |  0
Zahias(115.171.244.61) 2018 оны 12 сарын 02

Zasgiin gazart shurgalsan sagsuu, ovirgonchuudiig ch bas hurdan ihdee 1,5 jilees hetruulelgui tseverlehgui bol ulsaar ni samarna gedgiig hatuu oilgoh tsag . Humuusee. Yalanguya uzel bodol ni tolovshoogui zaluu nasnii genen hoorliig ashiglah gej oroldono shuu. Zaluus mini sohoroor dahgui baihiig zahih baina.

0  |  0
Zahias(115.171.244.61) 2018 оны 12 сарын 02

Zasgiin gazart shurgalsan sagsuu, ovirgonchuudiig ch bas hurdan ihdee 1,5 jilees hetruulelgui tseverlehgui bol ulsaar ni samarna gedgiig hatuu oilgoh tsag . Humuusee. Yalanguya uzel bodol ni tolovshoogui zaluu nasnii genen hoorliig ashiglah gej oroldono shuu. Zaluus mini sohoroor dahgui baihiig zahih baina.

0  |  0
kkk(115.171.244.61) 2018 оны 12 сарын 02

267,268 dahi DOH-iin ezen Irgen Battulga,Hurelsuh gar gesen shuu odoogoor zarlaagui baigaa gesen.

0  |  0
kkk(115.171.244.61) 2018 оны 12 сарын 02

267,268 dahi DOH-iin ezen Irgen Battulga,Hurelsuh gar gesen shuu odoogoor zarlaagui baigaa gesen.

0  |  0
Рөаи(150.129.140.77) 2018 оны 12 сарын 02

МОНГОЛЫН БҮХ ХУУЛИЙГ, БҮР ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН. ШҮҮХ, ПРОКУРОР, АТГ, ТАГНУУЛЫГ ӨӨРСДИЙН ХАМГААЛАГЧ БОЛГОН АШИГЛАЖ ЭЛБЭГДОРЖТОЙ ХАМТ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛИЙГ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ҮҮСГЭЖ, ЗӨВИЙГ ЯЛЛАЖ, БУРУУГ ХАМГААЛДАГ, ТӨСӨВ, БАЯЛГЫГ ХУЛГАЙЛЖ, ИРГЭДИЙГ ЯДУУ АМЬДРУУЛДАГ ТӨРИЙН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН СҮҮЛЧИЙН БӨГЛӨӨС БОЛСОН 60 ТЭРБУМЫН МИЕ.ЭНХБОЛДЫГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЦАГ ИРЛЭЭ.!!!!!

0  |  0
Top