НЯРАЙ ЭНДСЭН мөрөөр хийсэн СУРВАЛЖЛАГА

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

 

ХАРИУЛТ НЭХСЭН АСУУЛТЫН АРААС

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны аравдугаар сард Баянзүрхийн төрөх эмнэлэг шинэчлэгдэж, “Амгалан” амаржих газар гэж нэрлэгдэх болсон билээ. “Өргөө”, “Хүрээ” амаржих газруудтай ижил нэршилтэй болж, нэг, хоёр, гуравдугаар төрөх хэмээх унаган нэрсээ энэ үеэс гээсэн. Баянзүрх дүүрэгт байрладаг болохоор нь “Амгалан” амаржих хэмээсэн бололтой. Нэршилдээ гол нь биш үйл ажиллагаа, олонд хүрэх үйлчилгээ нь ямар вэ гэдэг нь чухал гэдэг хэнд ч ойлгомжтой.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Амгалан” амаржих газарт мэндэлсэн нярай харамсалтайгаар хорвоог орхисон тухай мэдээлэл Zindaa.mn сайтын редакцид ирсэн юм. “Амгалан” амаржих газар шинэ байранд орж, 200 ортой болсон учир ачаалал нэмэгдэж, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргээс амаржих эхчүүдийг хүлээн авдаг болсон байна. Энд жилд 9000 орчим хүүхэд мэндэлдэг. Ачааллаараа төрөх эмнэлгүүдээс гуравдугаарт ордог аж. Мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хэллэгээр бол хоёрдугаар шатлалын эмнэлэг юм байна. Үнэхээр эмч, эмнэлгийн ажилтнуудын буруутай үйлдэл, хайхрамжгүй байдал, тоног төхөөрөмжийн хүртээмжгүйгээс нярай эндсэн үү? Ийм тохиолдол олон уу? Эмнэлгийн ачаалал, хангамж хэр байдаг вэ? Энэ асуултын хариуг хайлаа. Эхлээд хүүхэд нь эндсэн ээжийн яриаг хүргэе.

Д.ЭРДЭНЭЧИМЭГ: ХҮҮД МААНЬ ШААРДЛАГАТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ТӨРӨХ ЭМНЭЛЭГТ БАЙГААГҮЙ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Амгалан” амаржих газарт амаржсан ээж болох Д.Эрдэнэчимэгтэй холбогдож, болсон явдлын талаар тодрууллаа.

-Харамсалтай зүйл тохиолдсонд эмгэнэл илэрхийлье. Та хэдний өдөр амаржсан юм бэ?

-Би аравдугаар сарын 29-ний өдөр “Амгалан” амаржихад анх хэвтсэн. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хийсвэр хагалгаагаар төрөх болсон юм. Уг нь арваннэгдүгээр сарын 31-нд төрөхөөр байсан.

-Эмч хүүхдийг төрүүлэхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаа тухай хэлсэн үү?

-Би арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн үдээс хойш төрсөн. Төрсний дараа хүүхдийг маань аваад явсан. Хаана байгаа, бие нь ямар байдалтайг тэр даруйд мэдээгүй учраас санаа их зовж байсан. Эмч бүтэлттэй төрсөн учир уушгины амьсгалыг дэмжих тариа хийнэ гэж байсан.

-Таны хэд дэх хүүхэд вэ?

-Миний хоёр дахь хүүхэд. Эхний хүүхдээ би байгалийн жамаар нь төрүүлсэн. Гадаадад байж байгаад ирсэн. Нөхөр маань гадаад хүн байдаг.

-Эмнэлгийнхэн шаардлагатай эмчилгээг хийсэн гэж үзэж байна уу?

-Үйлчилгээний нөхцөл байдлыг гайхаж байгаа. Гурав хоногийн дараа хүүхдэд амьсгалыг нь дэмжих тариа хийх хэрэгтэй, амьсгал дэмжих аппарат шаардлагатай гэсэн. Гэтэл тэр тарианы гуурс, эмчилгээний хэрэгсэл нь “Амгалан” амаржих эмнэлэгт байхгүй гэж хэлсэн. Миний л ойлгож байгаагаар шүү. Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд байдаг болохоор хүүхдээ тус эмнэлэгт хэвтүүл гэж эмч нар зөвлөсөн. Хүүхэд маань тэнд очоод, арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нас барсан.

-Нөхөр тань юу гэсэн бэ?

-Их гайхсан. Бүхэл бүтэн Улсын эмнэлэг байж нярайд хэрэгтэй гуурсгүй байдаг, ямар учиртай юм бэ гэж гомдоллож, асуугаад байгаа.

БЯЦХАН ЭРГЭЛЗЭЭ

Ээжийн ярьсан шиг үнэхээр “Амгалан” амаржих газарт нярайд тариа хийх гуурс нь байсангүй юу? Хохирогч ээж андуурч буруу, зөрүү ярив уу. Үүнийг тодруулахын тулд мэргэжлийн хүнтэй уулзах зайлшгүй шаардлага гарсан юм. Ээж хүүхдэд тариа хийдэг гуурс гэж юуг хэлэв. Ингээд “Амгалан” амаржих газрын эмч Л.Тунгалагтай уулзлаа. Учир явдлаа тайлбарласны эцэст эмч мэргэжлийн үүднээс тайлбар өгөхийг зөвшөөрөв. Эмчийн ярианаас хохирогч ээжийн хэлсэн тарианы гуурс өөр зүйл болж таарав. Тодруулбал, хүүхдийн биеийн байдал хүндэрсэн тул нярайг зайлшгүй гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжүүлж, хүүхдийн амьсгалыг дэмжих “Вобров” аппаратад оруулах шаардлагатай болжээ. Тэр аппарат нь зөвхөн Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд байдаг аж. Ээж, эмч хоёрын ойлголтын зөрүү энд байсан бололтой.

Л.ТУНГАЛАГ: ХҮҮГ АВРАХЫН ТӨЛӨӨ ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ АЖИЛЛАСАН

"Амгалан" амаржих газрын эмч Л.Тунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай эмнэлэгт мэндэлсэн нярайд эрүүл мэндийн хувьд яг ямар шинж тэмдэг илэрсэн юм бэ?

-Манайх хоёрдугаар шатлалын эмнэлэг учраас 32 долоо хоногт хүрсэн нярайг хүлээн авч, төрүүлэх ёстой. Д.Эрдэнэчимэгийн хувьд хүүхэд нь 1.4 кг жинтэй төрснөөс үзэхэд 30 орчим долоо хоногтой байсан болов уу. Дутуу төрөлттэй хүүхдэд хоёр төрлийн хүндрэл байдаг. Энэ тохиолдолд шинээр төрсөн нярайд уушгины дутмагшил илэрсэн.

-Хамгийн түрүүнд ямар эмчилгээ, тусламж үзүүлсэн юм бол?

-Зүү тавих эмчилгээ үзүүлнэ. Нярай төрөх үед амралтын өдрүүд таарсан. Би хоёр хоногийн дараа ээлжинд гарахад өөр эмч байсан. Баруун суган чигт зүү тавьсан байсан бөгөөд зүүн талын зүү унасныг ээлжийн эмч хэлсэн. Дахиж хатгалт хийхэд амьсгалын хэвийн үзүүлэлт сайжирч байсан. Энэ мэтээр эмчилгээ ойр ойр хийх үед биеийн байдал нь тогтворжиж байсан. Энгийнээр хэлэхэд, нярайн цээжинд түгжигдсэн хийг зүүгээр хатгаж гаргах эмчилгээ хийсэн гэсэн үг. Энэ тохиолдолд бид Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвөөс мэс заслын эмч дуудаж, заавал үзүүлэх ёстой. Эмч дуудаж үзүүлэхэд, зүү сайн тавигдсан байна гээд явсан. Хоёр өдрийн турш хүүхдийн бие тогтвортой байсан. Гэвч гурав дахь өдрөөс нярайн бие тогтворгүйжиж эхэлсэн.

-Ингээд “Вобров” аппаратад оруулахаар болсон уу?

-Бид Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийнхөнтэй холбогдож, нярайг Нярай судлалын тасагт шилжүүлсэн. Цээжний хөндийн хий гаргах “Воброва” аппаратад /Орос нэршил/ орсон нярай бүр аюулаас холдоно гэсэн үг биш л дээ. Дутуу төрөлттэй, уушгины дутагшмалтай байна гэдэг хамгийн хүнд хэлбэр.

ХҮҮД 1.2 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ ТАРИА ХИЙЖЭЭ

“Амгалан” амаржих газрынхан хүүгийн амийг аврахын тулд чадах чинээгээр ажилласан гэв. Эмчээс ээжийн хэлээд буй гуурсны тухай асуухад тус амаржих газарт байхгүй гэж хэлсэн зүйл нь “Вобров” аппарат болж таарсан. Энэ тухай дээр өгүүлсэн. Уг нь хүүгийн зүрх, судасны үйл ажиллагаа хэвийн, сэргэлт хурдан авч байсныг эмч нар тайлбарлав. Нэг зүйл анзаарагдсан нь хүүг төрсөн өдөр дараалсан амралтын өдрүүд таарсан учраас хариуцсан эмчлэгч эмч бус жижүүрийн эмч нар ээлжээрээ хариуцаж ажилласан аж.

“Амгалан” амаржих газрынхан хүүг төрүүлсэн даруйд амьсгал дэмжих зориулалттай, 1.2 сая төгрөгийн тариа /Италид үйлдвэрлэсэн Куросорф гэж тариа/ хийсэн байна. Ингэхдээ ар гэрийнхнээс нь төлбөр аваагүй гэж тайлбарласан.

Хэдийгээр үрээ алдсан эхийн сэтгэл, түүнд амьдрал хайрлах гэж хичээсэн эмч нарын аль алиных нь хувьд асуудал хүндээр тусч байгаа ч эндээс бид нэг зүйлд анхаарал тавихгүй байхын аргагүй. Юу гэвэл, нярайд шаардлагатай байсан “Воброва” аппарат “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрын алинд ч байдаггүй ажээ. Улсын хэмжээнд хэдхэн байдаг төрөх эмнэлгүүдээ хэрэгцээт аппарат, тоног төхөөрөмжөөр нь хангаж чаддаггүй гэж бодохоор сэтгэл өвдөхгүй, бухимдал төрөхгүй байхын аргагүй. Ийм байдлаас болоод хэчнээн хүүхдийг аврах боломжоо алдаж байгааг бид мэдэхгүй.

Энэ хорвоог зорьж ирээд, яаран буцсан нярайд тохиолдсон ийм харамсалт явдал дахин бүү давтагдаасай гэсэн үүднээс сурвалжлан мэдээллээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
с(64.119.23.221) 2018 оны 12 сарын 07

энэ 3-р төрөхийнхөн гэж угаасаа мэдлэг чадвар, сэтгэл өөр юу байдаг юм бүгд байхгүй эмч нартай эмнэлэг шүү дээ. Төрөх хүмүүс ийшээ зүглэлтгүй

0  |  0
Эмчлүүлэгч(112.72.11.122) 2018 оны 12 сарын 05

Эмч нар гэж захын наймаачин мэт болсон Саяхан гэмтэлийн эмнэлэг 5 давхарт эмчид үзүүлсэн чинь шилбэний ясны хугарал зөрөөтэй байна мэс засал хийнэ :түгжээт хадаасаар хадна, 2 төрлийн хадаас байгаа америк 1,0сая ₮ хятад 500,0 мянга ₮, даатгал нь тусдаа гээад, өвдөгний чагтан холбоос -1,8 сая ₮ нийт- 2,8 сая ₮ төлж билээ ха Монгол хадаас байдаггүй байх даа нөат квитанц авья гэхээр өгөхгүй. Аа бас нэмээд хагалгаанд 6 хүн орсон 450,0₮ өгсөн шүү Азаар бага гэмтэж эрт гарсандаа баярлаж байна удвал хамаг бүхнэа өгөөд балрах биз бүү гэмтээрэй гэмтлэас хол яваарай

0  |  0
Шугар(103.229.122.206) 2018 оны 12 сарын 05

Бидний ярьдгаар социализмын уе буюу одоогоос 30-орчим жилийн емне эмч нар цагаан халат, чагнуур хоероос еер онц гойд зэмсэггуйгээр ямар ч евчнийг оношлож, эмчилж, эх нялхсын эндэгдэлгуй шахам( одоог бодвол 10000 терелтед ганц тохиолдол байх жишээтэй) ажилладаг байсан нь мэдлэг чадвар ендертэй, ажиллаад чин сэтгэлээсээ хуний телее гэсэн сэтгэлээр ендер хариуцлагатай ажилладаг байсных юмдаа! Одоо бух , оношлох, зураг авах, Маш ендер узуулэлттэй орчин уеийн техникээр бурэн хангагдсан гэж хэлж болохоор байгаа мертлее эх нялхсын эндэгдэл Маш их байнгаа нь ажлын хариуцлагагуйн гай гэлтэй!

0  |  0
Нямаа(202.21.106.123) 2018 оны 12 сарын 05

Оросын Эмнэлгийн хэрэгслийн дурын дэлгүүрт хамгийн үнэтэй нь 60.000 рубль буюу 2,4 сая төгрөгийн үнэтэй байдаг Бобровын аппарат байдаггүй нь энэ салбарын арчаагүй, хүний төлөө гэсэн сэтгэл байхгүйн нэг илрэл

0  |  0
Dandar(202.131.225.150) 2018 оны 12 сарын 05

Sda arai2 ingej aldah gj eh hun buhel buten mahaa zulgaaj 10 sar teesen bh uu. Shaardlagatai tonog tuhuurumjiig n avch ug l duu ulsaas heden terbumaar n ideeg maluudaaa

0  |  0
Зочин(182.160.38.106) 2018 оны 12 сарын 05

нярайн тусламж ЭХЭМҮТ-с бусад төрөх тасагт хоцрогдсон н үнэний хувьтай. Эхээ анхаараад нярайг орхих хандлага байсаар. Ер н манай ЭМ салбарн хөгжил өнгөрсөн зуундаа л бгаа

0  |  0
Top