СУРВАЛЖЛАГА: Төрийн ордны МАРТАГДСАН ой санамж

Б.Төрбат | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Төрийн ордны дөрөвдүгээр давхрын баруун жигүүрт УИХ-ын номын сан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү номын сан нь парламентын гишүүд, тэдний туслах, зөвлөхөөс гадна УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнуудад үйлчилдэг. Түүнчлэн Төрийн ордонд байрлах үйлчилгээ, хамгаалалт, онцгой байдлын ажлын болон бусад Төрийн ордонд нэвтрэх эрхтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Жилдээ давхардсан тоогоор 5200 гаруй уншигч парламентын номын санд зочилж, 6900 орчим боть ном, тогтмол хэвлэл уншдаг байна.

Улс төрийн архив болсон тус номын сан одоогоос 66 жилийн өмнө буюу 1952 онд "Сайд нарын зөвлөлийн номын сан" нэртэйгээр байгуулагдаж байжээ. Түүнээс хойш нэршил, харьяаллаа сольсон ч тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Засгийн газрын дэргэд байсан тус номын санг 1993 онд УИХ харьяалалдаа авч, "УИХ-ын номын сан" гэж нэрлэх болжээ. Номын сан 20 хүний суудал бүхий уншлагын танхимтай. Ном хэвлэлийн үндсэн фонд болон ойрын фонд, уншлагын танхимд байрлах Дэлхийн банкны хөгжлийн мэдээллийн төв, ажилтнуудын өрөөтэй аж.

Номын сангаар өдөрт 30-50 гаруй хүн үйлчлүүлдэг. Учир нь, ихэнх үйлчлүүлэгч нь ажил мэргэжлийн шаардлагаасаа хамаарч өрөөндөө ном захиалж, үйлчилгээгээ авдаг байна. Харин Төрийн ордонд ажилладаггүй хүн хүсэлт гаргасан тохиолдолд тодорхой журмын хүрээнд үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг УИХ-ын номын сангийн ажилтан Б.Ариунаа ярилаа.

Номын сан нь хоёр ажилтантай бөгөөд 50 мянга гаруй ном, товхимолтой. Хамгийн гол нь, 1923 оноос хойш хэвлэгдсэн өдөр тутмын сонин, сэтгүүлийн архив гээд улс төр, нийгмийн амьдрал түүх тэр чигээрээ энд хадгалагдаж байдаг. Энэ нь бусад номын сангаас ялгарах онцлог нь ч гэж хэлж болно.

Парламентын ардчилсан засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд уншигчдадаа мэргэшсэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл лавлагаагаар хангах, номын сангийн үйлчилгээнд дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлэхийг зорилгоо болгож ажилладаг тухайгаа номын санчид ярьсан юм. Тиймдээ ч хэрэглэгчдэд хэд, хэдэн үйлчилгээг санал болгож иржээ. Тухайлбал, уншлагын танхимаар болон гэрээр ном хэвлэл олгох, сэдэвчилсэн ном зүйн лавлагааг цаг үеийн асуудлаар болон УИХ-ын гишүүд, судлаачид зэрэг үйлчлүүлэгчдийн захиалгаар боловсруулах, сэдэвчилсэн болон шинэ номын үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг үйлчилгээтэй.

Харин номын сан хөмрөгийг бүрдүүлэхдээ хууль тогтоох байгууллагын онцлогийг харгалзан төр эрх зүй, хууль, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарын ном хэвлэлийг сонгон авахаас гадна хэрэглэгчдийн хүсэлт захиалгыг харгалзан бусад шинжлэх ухааны салбарын шаардлагатай ном хэвлэлийг худалдан авдаг. Тэдгээрийн 70 хүртэлх хувийг УИХ-ын гишүүд, зохиогч, хэвлэн нийтлэгчдээс гадна Дэлхийн банк, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудаас бэлэг, хандиваар бүрдүүлдэг аж. Жилд дунджаар 500 гаруй ном хэвлэлийг худалдан авах, бэлэг хандиваар фондоо баяжуулдаг байна. Номын санд байх бүх сонин, сэтгүүл, номын архив нь цахим хэлбэрт шилжсэн ч хууль, эрх зүйн орчин дутмагаас болж олон нийтэд хүрэх боломжгүй байгааг ажилчид нь онцолж байлаа.

 

Б.ЭРХЭС, Б.ЗАЯА

Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР

Зураглаач Д.ДАЯНДАЛАЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаргал(43.242.241.153) 2018 оны 12 сарын 08

Сайхан санагдлаа бүхэл бүтэн түүх байна шүү дээ

0  |  0
Сүлд(59.153.113.222) 2018 оны 12 сарын 08

Sain baina Zindaa.mn

0  |  0
zochin(64.119.23.203) 2018 оны 12 сарын 07

Mash saihan gegeeleg medee bn.

0  |  0
Зочин (112.72.2.206) 2018 оны 12 сарын 07

Ямар гоё оновчтой гарчиг вэ.

0  |  0
Top