Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ зарим мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. СЗХ-ны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амгаланбаатар, Компанийн засаглалын хөгжлийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Рэнцэндорж, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоог төлөөлж Гүйцэтгэх захирал А.Урангоо, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ СЗХ-ны дарга С.Даваасүрэн, санхүүгийн зах зээлийн оролцогчдыг чадавхжуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах Хорооны зорилтыг товч танилцуулж, үүний тулд мэргэжлийн холбоодтой үр ашигтай хамтын ажиллагааг явуулах явдал чухлаар тавигдаж байгааг онцолсон юм.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо, Монголын хуульчдын холбоотой Хороо сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Тодруулбал, биржийн арилжаанд оролцогч брокеруудад эрх олгох болон үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэгчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн түвшинд чанартай зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих юм.
Харин Компанийн засаглалын хөгжлийн төв олон улсын төсөл хөтөлбөр, журам, зохицуулалтын бичиг баримт, гарын авлага боловсруулах, компанийн засаглалын сургалтыг чанаржуулах, хувьцаат компаниуд болон даатгалын компаниудын тайлагналыг сайжруулах, мөн Хорооны мэргэжилтнүүдийг чадавхижуулах, компанийн засаглалын үнэлгээг хийх, хөрөнгийн зах зээл болон компанийн засаглалын өнөөгийн байдалд судалгаа хийх,шийдэл санал болгох, компанийн засаглалын чуулганыг хамтран зохион байгуулах зэрэг өргөн хүрээнд ажиллах юм.
Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгтэй гадаад орны сайн туршлага, судалгаанд үндэслэн зах зээлд оролцогчдын мэргэжлийн ёс суртахууныг сайжруулах, зохицуулалттай үйл ажиллагааны мэргэжилтнүүдийн мэргэжлийн ёс зүйд хамаарах холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт гаргахад санал солилцох, туршлага хуваалцах чиглэлээр хамтран ажиллана гэж СЗХ-ноос мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )