Татварын албаны нягтлан бодогчид сургалтад хамрагдаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсээс 2018 оны төлөвлөгөөт ажил болон ТЕГ-аас дэвшүүлсэн зорилтын хүрээнд татварын албаны нийт нягтлан бодогч, эд хариуцагчдад зориулсан “Төсвийн хуваарилалт, санхүүгийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалтыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад эд хариуцагчдаа анх удаа хамруулж байгаа бөгөөд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний аудитын газар, нягтлан бодох бүртгэлийн “Интерактив Ай Би” ХХК-иас мэргэжилтнүүдийг урьж, “Худалдан авах үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, зохион байгуулах, гэрээ байгуулах, дүгнэх”, “Аудитын тухай хууль тогтоомж, аудитын явцад илэрч буй нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудал”, “Төсвийн төлөвлөгөө хийх аргачлал, төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах журам”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн өөрчлөлт, төсөвт газрын нягтлан бодох бүртгэлийн онцлог”, “Шилэн дансны тухай хууль, татварын албадын хэрэгжүүлж буй үр дүн” зэрэг сэдвийн дагуу нягтлан бодогч, эд хариуцагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэг болох мэдээллүүдийг сургалтаар өгөхийг зорьж байгаа аж. 

Сургалтын үйл ажиллагааг ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй нээж, үг хэллээ. Тэрбээр “Монголын татварын албаны санхүүгийн үйл ажиллагааг нэгж бүр дээр удирдан зохион байгуулж байгаа та бүхэн хуран цуглаж, “Төсвийн хуваарилалт, санхүүгийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалтад хамрагдахаар ирсэнд талархаж байна. Аливаа байгууллагын нүүр царай бол санхүүчдээсээ шалтгаалдаг гэж би хувьдаа ойлгодог. СХОХ албаны нийт нягтлан бодогчид, эд хариуцагчидтайгаа нэлээд нягт хамтран ажиллаж, удирдлага арга зүйгээр сайн хангаж байна гэж удирдлагын зүгээс харж байна. Хамгийн гол нь нярав, нягтлан бодогчид маань цаашдаа тогтвор суурьшилтай ажиллаж, мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх нь чухал. Миний хувьд нягтлан бодогч гэдэг мэргэжилдээ их хүндэтгэлтэй ханддаг. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, тогтоомжууд нэлээд чангарч байна. Байгууллагын бүртгэл тооцоо ч шударга, цэгцтэй, цаг хугацаандаа гардаг байх ёстой. Ингэж чадвал хэн нэг хүн асуудалд ордог, хэрэг төвөгт холбогдох асуудал гарахгүй гэдгийг энэ дашрамд сануулъя. Ингээд жил бүрийн арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт болдог “Санхүүчдийн баяр”, Монгол Улсад санхүүгийн салбар үүсч хөгжсөний 107 жилийн ойн мэндийг дэвшүүлж, сургалтандаа идэвхтэй оролцохыг хүсье” хэмээлээ. 

Мөн энэ үеэр ТЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Л.Бямбадорж “Монголын Татварын алба 2018 онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс Татварын албаны харьяа нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагааг шалган зааварчлах, нягтлан бодох бүртгэл, санхүү, аудитын чиглэлээр удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Санхүү бол тухайн байгууллагын толь гэж хэлдэг. Санхүүгийн үйл ажиллагаа нь пирамид хэлбэртэй явагддаг бөгөөд суурь нь эд хариуцагчид байдаг. Эд хариуцагчид сайн байж, анхан шатны тооцоо бүртгэлээ сайн хийж, эд хөрөнгөө зөв зарцуулж, хамгаалж чадсанаар бүртгэлийн үйл ажиллагаа дагаад сайжирна. Бүртгэл сайн байна гэдэг байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах нөхцөл бүрдэнэ. Тиймээс сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ ажил төрлийн нягт уялдаа холбоо тогтоож, туршлагаасаа хуваалцахыг хүсье” гэлээ. 

“Төсвийн хуваарилалт, санхүүгийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сургалтад НТГ, аймаг, дүүргийн ТХ-ийн нягтлан бодогч, эд хариуцагчид хамрагдаж байна.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top