ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Үнэ БУУРЧ, 34 хувийн эрэл үргэлжилсэн 7 хоног

2018 оны 12 сарын 08

Энэ долоо хоногт өрнөсөн эдийн засгийн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Улс төрийн тогтворгүй байдалтай зэрэгцэн савлаад байсан ам.долларын ханш энэ долоо хоногт тогтворжлоо. Алтны нөөц ашигласны татварыг дахиад таван жилийн хугацаанд 2.5 хувьд барих тухай асуудал чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх байсан ч, чуулган завсарласантай холбоотойгоор хойшиллоо.

 Засаг шахаж үнэ БУУРАВ


Шатахууны үнэ  бусад бараа бүтээгдэхүүний үнийн суурь болдог тул бүх л хүнд хамаатай байдаг. Он гарснаас хойш таван удаа түлшний үнийг нэмсэн импортлогчдод энэ долоо хоногт засгаас хатуу байр суурийг илэрхийлсэн юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уруудаад байхад, дээрээс нь валютын ханшийн өсөлт ч тогтворжоод байхад шатахууны үнийг бууруулахгүй бол тусгай зөвшөөрөлтэй чинь ярина шүү гэж Д.Сумъяабазар сайд анхааруулсан. Өчигдрөөс /2018.12.07/ ШТС-ууд шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулж эхэллээ. Г.Занданшатар даргын хэлснээр бол энэ сарын сүүл гэхэд 200 төгрөгөөр үнэ буурсан байх ёстой. Тэгэхээр он гарснаас хойш 300 төгрөгөөр үнэ нэмсэн импортлогчид засгийн шахалтаар 200 төгрөгөөр буулгаж, 100 төгрөгийн өсөлтөө хадгалж үлдэж таарах нь. УУХҮЯ-аас  өгч буй мэдээлэлд “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа” гэж байгаа юм.

Нүүрсний салбарт гэрэл тусав


 Ирэх жил 42 сая тонн нүүрс урд хөрш рүү гаргаж, төсвийн дансандаа овоо мөнгө хуримтлуулна гэж эрх баригчид итгэлтэй дуугарсны араас таагүй үйл явдал өрнөсөн билээ. Тэгвэл энэ долоо хоногт нүүрсний салбарт гэгээтэй мэдээ дуулдаж эхлэв.  Нүүрсний экспортын тогтвортой байдлыг шийдвэрлэхэд улс төрийн түвшинд ярилцах, хэлэлцэх шаардлага тавигдаж буйг эдийн засагчид сануулцгааж байсан. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улс төрийн зөвлөх Ли Янь Жүн нартай уулзаж ярилцсаныхаа дараа “Нүүрс тээвэрлэлт хэвийн болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрчлэн энэ долоо хоногт  Тавантолгой ордоос олборлогдож, ачигдсан нүүрс Ганцмод боомтоор нэвтрүүлэхэд саад багассан юм. Пүрэв гарагийн байдлаар өдөрт 500 гаруй автомашин хилээр нэвтрэх боломж бүрдсэн бөгөөд цаашлаад 1000 гаруй автомашин нэвтрэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлт бий.

 БНХАУ нүүрсний бодлоготоо хязгаарлалт тавьсны зэрэгцээ хил гаалийн нэвтрүүлэх техникийн чадавхыг сайжруулах тухай асуудал зэрэгцэн яригдаж, улмаар экспортын орлогод жинтэй нөлөөтэй нүүрсний салбар анхаарал татаад байсан билээ.

34 хувийн ТОГТООЛ-ын эрэлд


 ”Гацуурт”-ын 34 хувьтай холбоотой асуудлыг Zindaa.mn сайт цувралаар хөндөж буй билээ.  “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдлээс Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн мэдэлд шилжсэн “Гацуурт” төсөл Монголын төрд чухам яагаад хамаатай вэ гэдгийг бид цуврал нийтлэлүүдээрээ сануулж буй. Тэгвэл энэ долоо хоногт “ЦУВРАЛ IV: Ч.Сайханбилэг ТОГТООЛ явуулаагүй нь “Гацуурт”-ын 34 хувийг алдах үндэслэл болох хэрэг үү?” гэх гарчигтай нийтлэлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр суурийг хүргэсэн. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх хийгээд үүрэгтэй  “Эрдэнэс Монгол” ХХК-аас “Гацуурт”-ын 34 хувийн эзэн ТӨР  хоёр компанийн хооронд хийгдсэн наймааг ямар байр суурьтай хүлээж авч байна вэ? гэдгийг тодруулсан. Тус компанийн зүгээс өгч буй мэдээллээр бол “Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын тогтоол гарсны дараа тухайн үеийн Засгийн газрын тогтоол гарч, тэр нь “Эрдэнэс Монгол”  ХХК-д очих  ёстой. Тийм шийдвэр манайд ирээгүй байдаг” гэсэн тайлбарыг өгсөн юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс зүй ёсны асуудлыг ярьж байна гэж харвал З.Энхболдын даргалж байсан УИХ-аас гарсан тогтоолыг Ч.Сайханбилэгийн удирдаж асан Засгийн газар баталгаажуулсан тогтоол үйлдээд, “Эрдэнэс Монгол” руу илгээх ёстой байсан аж. Харин  процесс ийм дарааллаар явагдаагүй тул өнөөдөр “Гацуурт”-ын 34 хувийн эзэн нь төр гэсэн УИХ-ын тогтоол зүгээр цаас болж хог дээр хаягдах ёстой юу гэдэг асуулт тавигдахад хүрч байна.  

УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс УИХ-аас гарсан шийдвэрийг ач холбогдол талаас нь анхаарч үзэх зайлшгүй шаардлага бий. Ялангуяа төр эзэмших хувь нь тодорхой болсон, стратегийн ордын асуудал дээр. Тиймээс уг сэдвээр үргэлжлүүлэн хөндөнө.

Орон сууцны  зээлд нэмж МӨНГӨ шийдлээ


Уналгүй тогтсон Засгийн газар энэ долоо хоногт анхаарал татсан шийдвэр гаргав. Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд  татан оруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хооронд гэрээ байгуулж, Монголбанкаар дамжуулан банкуудад олгох аж. Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг энэ журмаар хориглож байна гэж засгаас мэдээлсэн. Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно.Үүнээс гадна инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгож болохоор журамд тусгажээ. Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна. Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой. Амины орон сууц барихаар зээл хүсэгч нь дээрхээс гадна орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байх ёстой гэж засгаас мэдэгдсэн юм.

Анхаарал татсан УУЛЗАЛТУУД...

Бид 2016 оноос хойш Олон улсын валютын сангийн /ОУВС/  ааш аягийг харах болсон. Тэгвэл энэ долоо хоногт  ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сэйкэр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзлаа. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч байгаа гэж манай талаас мэдэгдэв. Харин Нил Сэйкэр манай Засгийн газрыг  ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлж, 2018 оны төсөв алдагдалгүй, эерэг тэнцэлтэй гарах төлөвтэй байгаа талаар ярилцав.

Мөн энэ долоо хоногт засгийн түвшинд анхаарал татсан өөр уулзалтууд ч болсон. Г.Занданшатар дарга Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Паскал Нганутай,  Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменийг тус тусад нь хүлээн авч уулзсан юм. Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Паскал Нгану Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байгааг хэлсэн бол Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен  Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаадаа сэтгэл хангалуун байна гэж мэдэгдлээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.9.90.53) 2018 оны 12 сарын 10

Хасана байна аа тур буусан үнэ чинь. Махны үнэ магнагт гарлаа. Битгий худлаа шоуд л даа. Бензиний үнийг Хүрэлсүх хөөрөгдсөн шүү.

0  |  0
zochin(64.119.26.107) 2018 оны 12 сарын 08

YAMAND NAANATAI TSAANATAI HANDAH N CHUHAL YU N ONOLOOR YAVAHUU YU N TAAMGAAR YAVAHUU JISHEE UUL UURHAI TAAMGAAR

0  |  0
Уурхайчин(103.212.117.207) 2018 оны 12 сарын 08

Төр уул уурхайн бизнес хийхээ болиоч ээ?!?! Оюу-Толгойшоос ч гэсэн 34 хувиа зараад Нөөц ашигласны татвараа хуулийн дагуу аваад чвах нь дээр гэдгиыг ойлгох дуракужд УИХ-д алга уу

0  |  0
Top