Өмгөөлөгч З.Хүрэлсүх: Б.Махбалыг байж болох хамгийн ХӨНГӨН ЗҮЙЛ АНГИАР яллах гэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Одоогоос дөрвөн сарын өмнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэрэгт Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.

Мөн мэргэжилтэн Т.Лхагвасүрэн нарын хоёр иргэнийг уг хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол дээрх хоёр иргэний хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ. Харин яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг хянаж, харьяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ийнхүү уг хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч Б.Махбалын яллах зүйл ангийг өөрчилж хөнгөвчилсөн байсан учир талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн  аав Р.Төмөрхуяг хэлэхдээ “Бид өмнө нь талийгаачийн 49 хоног өнгөрсний дараа хэвлэлийн хурал хийж байсан. Манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд дахин хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Хууль хяналтын байгууллагаас  үнэн зөв шийдэх байх гэж хүлээсэн. Эхэндээ шүүх хэргийг шалгаж , тодорхой нэмэлт байцаалт явуулж байсан ч хэрэг удаашрах тусам үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэл алдарч эхэллээ.

Бидний зүгээс хууль хяналтын байгууллага бүрэн ажиллахгүй, зарим нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй байна.

Хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явууллаа. Маш богино хугацаанд шалгаад, бидэнд мэдэгдэхгүй шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Хэрэг үйлдэхэд хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Махбалын хэргийг анхны зүйл ангиар хөнгөн шийтгэх гэж байна. Бид нар хүүгээ албан тушаалын улмаас санаатай алсан гэсэн байр суурьтай хэвээрээ байгаа. Тэр мэдээллийг дэд сайд байсан Б.Цогтгэрэл ил болгосон.

Миний хүүгийн албан тушаалыг авах гэж санаатай алсан шүү дээ. Мөн цаанаас нь улс төрийн гар орж ирээд шийдэх гээд байгаа гэж хардах нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид та нарт хандаж байгаа юм. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж 14 хоногийн хугацаатай өргөдөл өгөхөөр болоод байна” гэлээ.

-С.ДОРЖДАГВЫГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН-

Талийгаачийг амьд ахуйд нь, Төрийн албаны зөвлөлөөс Т.Гомбосүрэнгийн хашиж байсан албан тушаал буюу ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад, Сэвжидийн Дорждагва гэх хүнийг санал болгосон албан бичиг баримт болон үлдсэн байдаг. Тиймээс ч энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нь албан тушаалын томилгоотой холбоотой гэдгийг ар гэрийнхэн нь хэлдэг.

Харин С.Дорждагвыг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эсэхийг өмгөөлөгч Ч.Отгонбаатараас тодруулахад “Энэ оны найман сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Энэ хугацаанд прокурорын байгууллагаас зохих шийдвэрийг гаргасан. Дээрх шийдвэрт бидний зүгээс гомдол, хүсэлт гаргасан байгаа. Цаашид энэ хэрэгт хуулийн дагуу хуулийнханд гомдол гаргаад явна. Харин С.Дорждагвын хувьд Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт өгсөн байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэг албан ёсны хариу ирээгүй байна” гэсэн юм.

-ЭНЭ ХЭРЭГТ ХАМААТАЙ ХОЁР ХҮНИЙ ХЭРГИЙГ ПРОКУРОРООС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ-

Хэвлэлийн хурлын дараа өмгөөлөгч З.Хүрэлсүхээс цөөн асуултад хариулт авлаа.

-Яллагдагч Б.Махбал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хэргийг шүүхийн шатанд шилжиж байгааг өнөөдөр прокурорын ярилцлагаас уншиж мэдлээ. Мөр зэрэгцээд хамтран ажиллаж байсан найзынхаа хэргийг үнэн зөв шийдүүлэх гэж хичээж байна. Мөрдөн байцаалтыг дутуу явуулсан байж болзошгүй. Өмгөөлөгч болон ар гэрийнхний зүгээс прокурорт хэд хэдэн хүсэлт өргөдөл явуулсан. Гэвч зарим хариуг бидэнд ирүүлээгүй байж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай байна.

-Прокуророос уг хэрэгт хяналт тавьж ажилласан. Прокуророос мөрдөн шалгах ажиллагааг хангалттай гэж үзсэн хэрэг үү?

-Энэ хэрэг анхнаасаа нууц далд байдлаар үйлдэгдсэн юм байхгүй. Хэргийг шалгаж байгаа хүмүүс зөв шийдэх юм бол ээдрээ байхгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа өнөөдөр дууссан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан хэмээн хүсэлт гаргасан боловч, авч хэлэлцэхгүй хэргийг шүүхэд шилжүүлж байна. Энэ хэргийг дүүрэг болон Нийслэлийн прокурор давхар шалгасан. Прокурорын байгууллага үүрэгтээ хайнга хандаж байна гэдэг асуудал хөндөж байна. Ер нь бид нар энэ хэргийг ажил албан тушаалтай нь холбоотой хүнийг санаатай алсан байж болзошгүй хэмээн үзсэн байр суурьтай хэвээр байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагаа дуусахаар нь хүсэлт гаргахаар хүлээж авалгүй шүүхэд шилжүүлж байна. Ингэхдээ хэргийг их богинор хугацаанд хянаж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлсэн. Прокурор төрийн өмнөөс ялтныг яллах үүрэгтэй ч нөгөө талаас хохирогчийн эрхийг хамгаалах, сэргээх үүрэгтэй. Гэвч энэ шийдвэрээрээ хохирогчийн эрхийг дахин зөрчиж байна гэж үзэж байна.

-Б.Махбалд холбогдох хэргийг ямар зүйл ангиар шалгаж байна вэ?

-Монгол улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 буюу Хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар хүндрүүлэх нөхцөлгүйгээр шалгаж байгаа.  Гэтэл энэ бол зүгээр нэг хүн амины хэрэг бус албан тушаалтай холбоотой хэрэг гэж үзэж байгаа. Шалгасан болоод хэргийг зүйл ангийг хөнгөрүүлээд яллах гэж байгаад үндэслэлгүй гээд байгаа юм.

-Б.Махбалтай хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн?

-Энэ хэрэгт Б.Махбалаас гадна хоёр хүн шалгагдаж байсан. Тэр хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өчигдөр бидэнд бичгээр мэдэгдсэн. Тэр шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэргийг зүйчлэлийн талаар прокурорт хандаж шийдүүлэх боломжтой. Анхны зүйл ангиас нь хүндрүүлж, 10.2.5-т зааснаар зүйчлэн шийдвэрлэж өгөхийг хоёр удаа прокурорт хандаж хүсэлт гаргасан. Үүнийг хэлэлцэхгүйгээр шүүхэд шилжүүлж байна. Энэ шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Хууль зүйн яамны сайдад яг ямар шаардлага хүргүүлж байна вэ?

-Хууль зүйн яамны сайдад “Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч” гэсэн хүсэлт гаргах гэж байсан. Прокурорын байгууллага яарч үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа юм. Энэ хэргийг ийм байдлаар шийдэж байгаад бид санал нийлэхгүй байна.

-Хохирогчийн талаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, зүйл ангийг чангаруулах хүсэлтэй байгаа. Одоо хууль эрхзүйн талаасаа тийм боломж бололцоо бий юу?

-Бидний зүгээс хуулийн талаас бүхий л бололцоог ашиглана. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэрэг шүүхэд шилжсэн. Гэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх боломж байгаа. Энэ хэлэлцүүлгийн үеэр хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргах боломжтой.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.34) 2018 оны 12 сарын 11

Яагаад ч тэгж болохгүй. Эрдэнэт хүний амийг санаатай бүрэлгэсэн хүнийг уг нь ЦААЗЛАХ ёстой ч үүнийг бүх насаар нь хорих ялаар л сольж болно. Үүнээс хөнгөн шийтгэвэл хууль, шүүхийнхэн АРД ТҮМНИЙ ӨМНӨ ӨӨРСДӨӨ ЯЛ ХҮЛЭЭХ БОЛНО!

0  |  0
Kkkkk(83.23.248.17) 2018 оны 12 сарын 11

Battulga Gansukh Baterdene nar shuud orolcoz bn ter tomor zamyn 270 saya dollaryn asuudal bn daa hulgaich battulga moroo ballah sanaatai shuu

0  |  0
Buruug basad tohoh(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Ene hergiig burhegduuleh sonirhol Battulga,Hurelsuh nart bii. allaga garah ued toriin nariin hiij baisan huniig Hurelsuh ooriinhoo zovlohooroo avsniig boddoo. Oor hun baihgui gej uu?! .Onoodor huuli shuuhiinhen Enhbodiin ahiin tuld alban tushaal erh medleeree huuliinhniig daramtalj baigaagaa Enhboldod l nyalzaaj bultaj baina gevel unen niitseh yum bish uu!!

0  |  0
Buruug basad tohoh(115.171.244.61) 2018 оны 12 сарын 11

Ene hergiig burhegduuleh sonirhol Battulga,Hurelsuh nart bii. allaga garah ued toriin nariin hiij baisan huniig Hurelsuh ooriinhoo zovlohooroo avsniig boddoo. Oor hun baihgui gej uu?! .Onoodor huuli shuuhiinhen Enhbodiin ahiin tuld alban tushaal erh medleeree huuliinhniig daramtalj baigaagaa Enhboldod l nyalzaaj bultaj baina gevel unen niitseh yum bish uu!!

0  |  0
Top