Эдийн засгийн хөлсний алуурчин байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн Жон Перкинсийн “Хитмений өчил” номонд улс орнуудын Засгийн газар, корпораци, үндэстэн дамнасан байгууллагууд өөр хоорондоо нягт уялдаатай ажилладаг талаар бичсэн байдаг. Тэрчлэн дэлхийн газрын тосны үйлдвэрлэл эрхлэгч компаниудын ард тухайн улсын Засгийн газрын бодлого, эрх ашиг хамт явж байдаг талаар өгүүлсэн баримтууд цөөнгүй бий. Тухайлбал, Нидерланд, ИБУИНВУ-д бүртгэлтэй Шелл компанийн тухай энд ярьж болно. Тус компани мянга мянган баррель газрын тосоор Нигер Делтагийн Бодо орчмын газар нутаг, гол горхийг бохирдуулж, 69 мянган иргэнийх нь хувь заяаг харлуулсан юм.
Ер нь газрын тосны үйлдвэрлэл олон арван жилийн туршид асар их хуйвалдааныг өөртөө агуулж ирснийг А.Ганбаатар эрхэм, охин Г.Ундралын хамт орчуулсан “Хитмений өчил” номонд өгүүлсэн байдаг.
АНУ-аас ирсэн эвангалистуудын бүлэг болох Summer Institute of Linguistics буюу СИЛ-ийг газрын тосны олборлолттой нууц холбоотой хэмээн буруутгасан Эквадорын Ерөнхийлөгч асан Хаим Ролдос амь насаа алдах хүртлээ тэдний эсрэг хэрхэн тэмцсэн тухай “Хитмений өчил”-д бий. Ролдосын Засгийн газар 1981 онд Нүүрс усны бодлогыг хэрэгжүүлэх төсөл боловсруулж, Эквадорын парламентад албан ёсоор танилцуулсан аж. Энэ хуулийн төсөл дэмжигдэж, улмаар хэрэгжвэл Эквадор улсаар зогсохгүй Латин Америк болоод бусад улс орнуудыг хамарч, төр болон нефтийн компаниудын хоорондын харилцааг бүхлээр нь өөрчлөх байсан хэмээн Жон Перкинс өгүүлсэн байгаа юм. Нэг ёсондоо улс төрийн шууд удирдлагатай ангуучдын оролцоог ухаалгаар зохицуулах зорилготой байж.
Гэтэл угшил нь том нефтийн концернууд уламжлалт аргаа хэрэглэн, ПиАр-ын мэргэжилтнүүдээрээ Хаим Ролдосыг гутаан доромжлох ажлыг хийлгэжээ. Зэрэгцээд лоббистууд нь асар их мөнгө, заналхийллээр дүүрсэн цүнхээ үүрэн Куито, Вашингтон руу явцгаасан. Тэд анхны ардчилсан сонгуулиар ялсан энэ Ерөнхийлөгч бол орчин үеийн хоёр дахь Кастро юм гэж бүхэнд итгүүлэхийг оролдож байсан.” хэмээн өгүүлжээ.
Гэхдээ Ролдос тэдний сүрдүүлгэнд автаагүйгээр барахгүй улстөрчид, газрын тосны компаниуд, сүмийн хоорон дахь хуйвалдааныг илчилсэн байна. Улмаар Эквадор болон бусад олон улсад нутгийн хэл судлах, бичих, орчуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэх бамбай хийж байгуулагдсан СИЛ-ийг нефтийн концернуудтай хамтарч ажилладаг болохыг нь илчлэн шүүмжилжээ. Тэгээд зогссонгүй. Номлогчдыг Эквадороос гарч явахыг шаардсан аж. Улмаар Ролдосын алсыг харсан хуулийн төслийг парламент нь батласан ч, үнэндээ үр дүнг нь үзэх ёсгүй байсан аж. Учир нь Ерөнхийлөгч Хаим Ролдос 1981 оны тавдугаар сарын 24-нд нисдэг тэрэгний ослоор нас баржээ. Түүнийг нас барахаас өмнө буюу хууль батлагдсанаас хэдэн долоо хоногийн дараа СИЛ-ийг Эквадороос хөөж гаргасан аж.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ролдос Эквадорын ард түмний тусын тулд биш л бол гадаадын компани, нефтийн концернуудын төлөөлөгчдийг эх орноосоо хөөн зайлуулах болно гэсэн сануулгыг албан ёсоор өгчихөөд байсан аж. Гэвч тэр энэ сануулгынхаа дараа удаан амьдарч чадаагүй. Вашингтон болон Нефтийн концернууд түүнийг үзэн яддаг байж. Тиймээс ч түүний амь насанд халдах оролдлогууд гарч байсан бөгөөд сүүлийн халдлагад нь түүний хамгаалалтын ажилтан оролцсон байж болзошгүй аж.
Тэгэхээр энэ бол газрын тосны концернуудын ард нуугдаж байдаг том эрх ашгууд ямар аюултай болохын нэгэн жишээ юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )