УТААТАЙ МЭДЭЭ| Бүтэн мэт харагдах ч ЗЭРЭМДЭГ хүмүүсээр Монгол дүүрэх нь...

2018 оны 12 сарын 14

Утааны эх үүсвэр гэгдэн  адлагдах  200 мянган яндангийн цаана 200 мянган өрх айлын амьдрал бий. Эрх мэдэлтнүүдийн олон жилийн “бодлогогүй” бодлогын үр дүнд нийслэлчүүд дөрвөн уулынхаа дунд  утаанд,  хөрсний бохирдолд,  замын түгжрээнд гүн зоогдож, нийгмээрээ  эрүүл амьдарч, саруул сэтгэхэд бэрх нөхцөлтэй болсон билээ. Энэ улсын төлөө ирээдүйд амьдрах байсан олон “хүн” эхийнхээ хэвлийд зүрх нь зогсож байхад, эхээсээ мэндэлсэн үрс дутуу хагас уушигтайгаар нэг насыг элээх хатуу тавилантай нүүр тулж байна. Ийм байхад өнөөдрийн эрх баригчдын эрх мэдлийн төлөөх замбараагүй зодоон нүдээн чухал гэж үү? Утаа улс төрийн тогтолцоонд байгаа гэж хэлэгсэд таарах. Тэгвэл тогтолцоо гэж том ярьж, толгой түрий рүүгээ чичлэж байхтай зэрэгцэн бид хордсоор байх уу? Утаа бол ойрын 10 жилд шийдэгдэхгүй ТОМ асуудал гэх. Тийм байж болно. Гэхдээ 10 жилийн дараах арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатарын утааг бурхан сороод авчихгүй. Тиймээс утааны хор хөнөөлөөс ангижрах алхмуудыг алхам тутамдаа хийх шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Өвөл болохоор л утаа ярьж, зун болохоор л амсхийж байх зуураа бид бүхэн утааны хөнөөлд бүрэн автаад байна.

Судалгаагаар нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогдсон. Дорвитой шийдэл байхгүй л бол дараагийн 10 жилд энэ үзүүлэлт хэдий хэмжээнд хүрэх бол гэхээс эрхгүй айдас төрж байна. Харахад дөрвөн мөчтэй ч, үнэн хэрэгтээ бие эрхтэн тогтолцооны хувьд зэрэмдэглэгдсэн ирээдүйн Монголчуудыг өлгийдөн авсаар байх уу?

Дэлхийн улс орнуудад УТАА бохирдлын гашуун түүх, баримт олон бий. Шийдэж, ангижирч чадсан жишээ ч зөндөө бий. Гэтэл Монголын төрд түмнийг төлөөлж байгаа хүмүүс том бодлого ярихаас биш гараа хөдөлгөхийг үнэндээ хүсэхгүй өдийг хүрлээ. Утаа бол МӨНГӨ. Хүссэн хүсээгүй энэ тодорхойлолтыг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болжээ. Аудитын байгууллагын дүгнэлт үүнийг гэрчилнэ. Харин хуулийн байгууллага утаанаас төрсөн тэрбумтнуудыг шалгаж, тогтоох хэрэгтэй юм.

Шийдвэр гаргагчид төсвийг эцэслэхдээ утаа, бохирдлыг бууруулахаар анх төсөвлөж оруулж ирсэн,  147.9 тэрбум төгрөгийг 80 тэрбумаар танаж,  67.9 тэрбум байхаар батласан билээ. Гамшиг гэдэг үг ч багадахаар хэмжээнд тулсан утааны эсрэг одоо энэ улстөрчид мөнгө харамлах нь утгагүй. Нөхцөл байдал хүссэн хүсээгүй хөрөнгө мөнгө нэхэж байна. Харин ХЯНАЛТ хэрхэн яаж тавигдах вэ. Үр дүнг хэдий хугацаанд шаардах вэ гэдэг асуудлыг хариуцлагатай түвшинд авч үзмээр байгаа шүү дээ. Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлдэг ТББ-ууд  нь төрийн байгууллагуудтай тав, арван цаасаар тохиролцдоггүй байхын тулд юуны төлөө яах гэж бид агаарын бохирдлыг бууруулъя гэж хэлж, яриад байна вэ гэдгээ ухамсартайгаар эргэн харах ёстой байна.

Засгийн газрын хуралдаанаар /2018.12.12/ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох шийдвэрийг гаргалаа. Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах 60 сая ам.долларын 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгажээ. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй гэж байгаа юм.

Нэг талаас утааг бууруулах чиглэлд мөнгө орж ирэхээр болж буй нь сайн ч, Монголын төр иргэдийнхээ амьд явах эрхийг ноцтой алдагдуулж буй утааны эсрэг хөрөнгө мөнгө төсөвлөхдөө гар татаж, дараа дараагийн төр засгуудад наалдаж үлдэх ӨР тавих замыг сонгож буй нь шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй. Төсөвт төлөвлөж оруулсан зардлыг нь 50 хол давсан хувиар таначихна. Тэгчихээд олон улсын байгууллагууд хэзээ, хэдийг зээлэх бол гээд горьдоод суух нь үнэндээ утгагүй. Засгийн газар сая тогтож үлдсэнийхээ дараа ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөгийг  500 тэрбум болж нэмэгдүүлэх шийд гаргасан. Энэ нь нааштай мэдээ болж харагдаж буй. Гэхдээ ипотекийн зээлийг хэрхэн яаж ченжийн системээс холдуулах вэ, утааны голомт дахь яндангуудыг цөөлөхөд хэрхэн яаж уялдуулах вэ  зэрэг асуудлууд бий.

Агаарын бохирдлыг бууруулах хүсэл зориг Монголын төрд байх ёстой болохоос олон улсын байгууллагууд юу хийх нь вэ гээд хүлээгээд сууж байдаг байж болохгүй. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэд бүтэц хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны барилгын чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1,733.32 сая ам.долларын төсөвт өртөг бүхий 23 төсөлд 204.03 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүний 186.94 тэрбум төгрөг нь зээл, 17.09 тэрбум төгрөг нь буцалтгүй тусламж байх юм. Харин энэ мөнгөний 11 хувь нь л орон сууцны санхүүжилтэд зарцуулагдахаар байгаа юм.

Уг нь утааг бууруулна гээд өр тавьж зээлж байгаа мөнгөний зарцуулалтыг үндсэн гол шийдэл болох ипотекийн санхүүжилт дээр нэмж шийдвэрлэх хэрэгтэй баймаар. Зөв харж, бодитой л алхмууд хийхгүй бол Монголын ирээдүй бүтэн мэт үзэгдэх ч,  зэрэмдэг хүмүүсээр дүүрэх нь.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоо(202.9.42.24) 2018 оны 12 сарын 17

Тиймүү тэгвэл хэвэл мэдээлэл худлаа юм их нийтэлдэг юм байна даа.иргэний үг ортой юм

0  |  0
Сүлдээ(59.153.113.222) 2018 оны 12 сарын 16

Утаанаас зугтааж нүүцгээе

0  |  0
иргэн(66.181.177.146) 2018 оны 12 сарын 14

утааг бууруулахаар төсөвлөсөн мөнгөний 30 хувь ажиллаж байгаа бууруулж байгаа гэсэн мэдээ цацахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулагддаг ш дээ тэр мэдээ нь худлаа зүгээр л төлбөрөө төлсөн болохоор нь нийтэлдэг

0  |  0
Top