ТОЙМ 2018: Соёл урлагийн салбарын ОНЦЛОХ НАЙМ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30
  • 2018 онд өрнөсөн онцлох үйл явдлын ТОЙМ-ыг Zindaa.mn багцлан хүргэж байгаа билээ. "2018 ОНЫ ОНЦЛОХ НАЙМ" тоймыг Монголын соёл урлагийн салбарын онцлох үйл явдлаар үргэлжлүүлж байгааг хүлээн авна уу!

1. Оны онцлох: Төрийн дээд шагналтнууд

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд шагнал, одон медаль гардуулсны дунд урлагийнхан томоохон байр суурь эзэлсэн. Тэдний дунд 23-хан настай балетчин О.Анужин, хошин урлагийн жүжигчин П.Эрдэнэзаан нар багтсан юм.

  • Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужин
  • Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр жүжигчин, Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равдан
  • Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг
  • Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв
  • Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр “Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзаан нар энэ жил шагнагдсаныг онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна.


2. Оны онцлох: Олон улсын шагналтнууд

  • Чөлөөт бүжгийн дэлхийн аваргатай болов.

UB DANCE чөлөөт бүжгийн шилдэг оролцогч Ч.Дөлгөөн 2018 оны арванхоёрдугаар сард Тайвань улсад зохион байгуулагдсан "Taipei BBoy City" буюу "UNDISPUTED"-д Монгол Улсаа төлөөлөн оролцож, Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог ба орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг Тайвань улсад цуглуулж, аваргын төлөө өрсөлдүүлдэг юм.

  • "Нүүдэлчдийн эмч" баримтат кино оюутны Оскар хүртэв.

Энэ жил 49 дэх жилдээ зохиогдсон “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлжээ. Кино уралдаанд Монголын кино найруулагч Б.Мартын бүтээл “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино академийн дээд шагнал хүртсэн юм.  Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийн ур чадвар, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулжээ. Тус бүтээл нь Холливуд болон Хюстоны олон улсын кино наадамд мөн түрүүлж, Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.

  • Уран нугараач хүүхдүүд олон улсын наадмын Гранпри шагналын эзэд болов.
Буриад улсын Улаан-Үд хотод болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” наадамд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ Гран при шагнал хүртсэн. Мөн “Модерн цирк” төвийн уран бүтээлчид амжилттай оролцож,  хоёрдугаар байр эзэлсэн үйл явдлыг Zindaa.mn онцолж байна.
  • В.Янжаа ой тогтоолтын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
Дөрвөн настайгаасаа хойш гэр бүлийн хамт Швед улсад амьдарсан, "Авьяаслаг шведүүд" шоуны алтан баззерын эзэн, ой тогтоолтын спортоор хичээллэгч В.Янжаа арванхоёрдугаар сард болсон Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /World Memory Championships/ Монгол Улсаа төлөөлөн оролцож, мөнгөн медалийнн эзэн болов. Тэрбээр 5 минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон юм.


3. Сонгодог урлагийн эргэн тойронд: Тэр бол хамгийн залуу МАНЛАЙЛАГЧ

Энэ онд жинхэнэ гялалзаж чадсан нэгэн бол Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин О.Анужин юм. Монголын сонгодог урлагийн нүүр царай болж яваа тэрбээр өдгөө дөнгөж 23-хан настай. Балетын урлагаар 13 жил хичээллэж, дуурийн театрт 8 дахь жилээ ажиллаж байна. О.Анужин энэ жил Монголд анх удаа зохион байгуулагдсан "Олон улсын балетын наадам"-аас гранпри шагнал хүртсэн билээ. Түүний амжилт үүгээр зогссонгүй. Энэ зөвхөн эхлэл нь байлаа.

Тэрбээр эх орноо төлөөлөн “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээний насан хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, алтан медаль хүртэв. Өмнөд Солонгос улсад 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 14 орны 200 гаруй бүжигчин оролцож, 12 орны шүүгч ажиллажээ. “Korea International Ballet” олон улсын тэмцээн нь балетын урлагийн "А" зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Мөн өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн авьяаслаг, хөдөлмөрч, бүтээлч О.Анужин 2018 онд сонгодог урлагийн жинхэнэ МАНЛАЙЛАГЧ байв.


Н.Жанцанноровын “Ятгын концерт №2” бүтээлийг улсын сан хөмрөгт бүртгэж авав.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах "Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүд"-ийг тодруулах үйл ажиллагааг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл ирсэн ба “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүд нэг бүрчлэн үнэлгээ дүгнэлт өгснөөр дараах таван бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэсэн юм. Тэдгээрийг танилцуулъя. 

  • Н.Жанцанноровын “Ятгын концерт №2”
  • Ш.Өлзийбаярын “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”    
  • Ц.Эрдэнэбатын “Ятгын II концерт”
  • Б.Ганхуягийн “Байтаг богд” магтуу
  • Ж.Энхбаярын “Рапсодия" гэх бүтээлүүд багтсан юм.

4. Театрын урлагийн эргэн тойронд: Эрэлхийлэл ба тэсрэлт хийсэн жүжгүүд

2018 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, театрын найруулагч, урлаг судлалын ухааны доктор Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ой тохиолоо.

Э.Оюун нь шинэ Монголын анхны орчуулагч эмэгтэй юм. Тэрээр “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа” зэрэг олон дуурь, жүжиг найруулж, В.Гоголийн зохиолууд, У.Шекспирийн “Лир ван” зэрэг дэлхийн сонгодог жүжгийн зохиолуудыг  орчуулж, “Талын баатрууд”, “Ах дүү нар”, “Гарва” зэрэг олон зохиол, бүтээл туурвижээ. Түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан Улсын драмын эрдмийн театр “Би эндээс явахгүй” драмын жүжгийг дахин тайзнаа амилуулсан. Жүжгийн найруулагчаар драмын театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар драмын театрын Т.Ганхуяг, зохиолыг шинэтгэсэн драмын театрын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан Гол дүрүүд болох Дорлигт жүжигчин О.Гэрэлсүх, Дулмаад жүжигчин Н.Баярмаа нар тоглосон юм.


“Гэгээн Муза 14” олон улсын театрын наадмын шилдгүүд тодров.

Театрын урлагийн шилдгүүдийг хоёр жил тутамд тодруулдаг. Энэ жилийн “Гэгээн муза” наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг шалгарсан. Тус  жүжиг нийт зургаан шагналын эзэн болсон юм. 14 дэх удаагаа зохион байгуулагдсан наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажиллав.

14 дэх удаагийн "Гэгээн Муза" наадмаас онцлох бас нэгэн үйл явдал бол драмын жүжгийн төрөлд "Шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал"-ыг Дэлхийн абсурдын эцэг Самуэл Беккетын “Годог хүлээхүй” жүжгийн Владимрийн дүрээр “Black box” театрын жүжигчин Д.Оюунзул хүртсэн явдал байлаа. Эрэгтэй дүрийг эмэгтэй хүн бүтээж, "Гэгээн Муза" хүртсэн нь наадмын чансаа, чанар, шүүлтийг бататгасан үйл явдал байлаа. Жүжигчин Д.Оюунзул "Гэгээн Муза 12" наадмаас “Хүний дуу хоолой” нэг хүний жүжгээр "Гэгээн Муза"-гийн эзэн болж байсан билээ.

Мөн “Live Theatre”-ийн хамт олон “Устгал” жүжгийг тайзнаа амилуулав. Авсрийн зохиолч П.Туриннигийн бүтээл “Хархны устгал” буюу орос хэлнээ “Үхэр оготны ав” гэж орчуулагдсан тус жүжгийг “Устгал” нэрээр тайзнаа тавьсан юм. Жүжгийн найруулагчаар жүжигчин Д.Бямбацогт ажилласан.   Тавилт, тайз, шийдэл бүгд шинэлэг, үзэгчдэд цочроо өгсөн эл жүжиг Монголын театрын урлагийн нэг шинэ шатанд ахиулах хамгийн тод эрэлхийлэл байсан гэж хэлж болно. Оны төгсгөлд Улсын драмын эрдмийн театр “Оддын өвчин” нэртэй цоо шинэ жүжгээр үзэгчдэд бэлэг барьсныг мөн онцолж байна. Жил бүр тогтмол тавигддаг жүжгүүдээсээ өөр өнгө аясыг илэрхийлсэн тус бүтээл театрын өв санг дахин нэгээр арвижуулсан юм. 

5. Кино урлагийн эргэн тойронд: Монголын кино урлаг дахь Од ба Гэгээ

2018 онд Монголын кино урлагийн эргэн тойронд олон асуудал өрнөж, олон кино, уран бүтээл нээлтээ хийв. Оны эхэнд Гавьяат жүжигчин И.Одончимэгийн найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Солиот эх” кино нээлтээ хийв. Харин оны хагаст зургаан өөр найруулагчийн зургаан богино хэмжээний киноноос бүрдсэн “Бумеранг” контент үзэгчдэд хүрсэн юм. “Бумеранг” контентын зургаан киноны нэгдсэн гол утга санаа нь “Үйлийн үр” байв. Мөн "Говийн домог", "Маш нууц: Байтаг богд 2", "Амьдрал", "Чингисийн хүүхдүүд", "Чингис хаан" бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино зэрэг чансаатай уран бүтээлүүд нээлтээ хийсэн бол оны сүүлд хийц, найруулга, чансааны хувьд хөнгөн кинонууд зонхилж, өргөн дэлгэцээр үзэгчдийн хүртээл болов.


"Мандухай сэцэн хатан" киноны 30 жилийн ой тохиолоо.

Ойн хүрээнд Архивын ерөнхий газрын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив 35 мм-ийн хальсан дээр хадгалагдаж буй Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” уран сайхны киноны архивын баримт, гэрэл зураг, биет үзмэр, киноны уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалтыг зохион байгуулсан юм. "Мандухай сэцэн хатан" бүтээл нь 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн XX зуунд бүтээгдсэн Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарч байжээ.

"Алтан хальс", "Академи авардс", "Улаанбаатар" олон улсын кино наадам...

Монголын орчин үеийн кино урлагт өөрсдийн орон зай, өнгө төрхийг бий болгоод багагүй хугацааг үдсэн хэд хэдэн томоохон олон улсын болоод дотоодын кино, уран бүтээлчдийн шилдгийг тодруулах, туршлага, мэдлэг, мэдээлэл солилцдог хэд хэдэн фестивал, наадам бий.

2018 оны "Алтан хальс олон улсын индепендент кино наадам"-д “Хүүрнэлт кино”, “Хүүхэлдэйн кино”, “Баримтат кино”, “Эксперименталь кино” гэсэн төрлөөр гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл өрсөлдөж, нийт 31 бүтээл тодорсноос 17 нь монгол кино байлаа. "Алтан хальс" дээд шагналын эзнээр Бельгийн "Майн баяр" кино тодорсон юм.

Монголын кино урлагийн шилдгүүдээ тодруулдаг "Академи авардс" долоо дахь жилдээ зохион байгуулагдав. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр Фантастик продакшны “Байтаг богд” кино нийт долоон шагналыг хүртэж шилдгийн шилдгээр шалгарав. Кино наадмыг зохион байгуулснаар үндэсний кино урлагийн хөгжлийг дэмжих, орчин үеийн техник технологийг сурталчлан таниулах, уран бүтээлчдийг урамшуулан алдаршуулах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзсэн. Тус кино наадам уран сайхны, богино хэмжээний, баримтат кино гэсэн нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулдаг. Харамсалтай нь, тус наадам бодсон шиг үр өгөөжөө өгсөн эсэх тун ч эргэлзээтэй.

"Улаанбаатар олон улсын кино наадам" бол энэ оны хамгийн онцлох үйл явдал.

"Улаанбаатар" олон улсын кино наадам нь монгол кино бүтээгч, уран бүтээлч, сонирхогч залууст дэлхийн кино урлагийн өнгийг тодорхойлж буй уран бүтээлүүдийг нэг дор өргөн дэлгэцээр үзэх, үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгодог, хамгийн өргөн хүрээг хамарч зохион байгууллагдаг. Нэг ёсондоо уран бүтээлчдийн жинхэнэ "нааддаг" цорын ганц томоохон фестиваль гэж хэлж болно. Энэ жилийн хувьд Монгол, ОХУ, Аргентин, Франц, Колумби, Герман, Австрали, Чили, Исланд, Япон зэрэг 10 орны хамгийн шилдэг 16 бүтээл үзэгчдийн хүртээл болсон юм. Наадмын нээлтийн үзвэрээр найруулагч Л.Бат-Амгалан, Иян Аллардайс нарын “Од ба Гэгээ” уран сайхны кино сонгогдож үзэгчдээс маш өндөр үнэлгээг авч чадсан юм. "Од ба Гэгээ" мюзикл бүтээл Бусаны олон улсын кино наадамд оролцож, дэлхийн нээлтээ хийсэн билээ.

6. Уран зохиолын эргэн тойронд: Дамдинсүрэнгийн Урианхайн уран бүтээлийн 10 боть 

Нэрийнхээ өмнө Дамдинсүрэн гэх эцгийнхээ нэрээс өөрөөр овоглуулах дургүй эрхэм хүмүүн бол Дамдинсүрэнгийн Урианхай.

Гэвч түүнийг бид нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, эдүгээ цагийн азийн тэргүүн найрагч хэмээн маш уртаар авгайлдаг. Тэр нь бидний хувьд хүндэтгэл бас үнэт зүйл юм. Дэлхийн урлаг, соёлын академийн гишүүн, утга зохиолын доктор, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай энэ жил дэлхийн утга зохиолын Нобелийн шагналд нэр дэвшээд байсан юм. Энэ оны нэгдүгээр сард уран барималч Б.Баясгалан "Хүүрнэл" нэртэй бүтээлдээ Д.Урианхайг буулгасан билээ. Оны сүүл хагаст буюу арваннэгдүгээр сард түүний 10 боть бүтээлийн чуулган хэвлэгдэв. Тус 10 ботийн эхний хоёр ботид яруу найраг, гурав, дөрөвдүгээр ботид жүжиг, долдугаар боть хүртэл хүүрнэл зохиол, есдүгээр боть “Халуун зуны сүүдэр” бэсрэг роман, 10-р боть “Учрахуй, хагацахуй” роман нь багтжээ. Эдгээр бүтээлийг эмхэтгэн 10 боть болгон хэвлэхэд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэсэн байна.

Орчуулгын уран зохиолын эргэн тойронд 2017 оны утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн Япон гаралтай Англи хэлт зохиолч Казүо Ишигүрогийн "Өдрөөс үлдсэн зүйл" роман орчуулагдав. Казүо Ишигүро монгол хэлнээ анх удаа орчуулагдаж байгаагаараа онцлогтой байлаа. Мөн Италийн алдарт зохиолч Умберто Экогийн "Дугаар тэг" роман эх хэлнээ хөрвүүлэгдсэн нь Монгол уран зохиолын хорхойтнууд дэлхийн постмодернист уран зохиолын ноён оргилтой танилцах боломжийг олгосон явдал болов.

7. Дүрслэх урлагийн эргэн тойронд: Олон улсын зах зээл дахь шинэ цонх

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа есдүгээр сард болж хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол өнгөрсөн аравдугаар сард болсон юм.

Монголын дүрслэх урлагийн өнөөгийн тулгамдаж буй асуудал хийгээд шийдэл, гарцын талаар ирсэн зочид, төлөөлөгч нар санал, бодлоо хуваалцахын зэрэгцээ уралдаант үзэсгэлэнд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг тодруулав. Үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэлгэгдсэнээс дараах уран бүтээлүүд оны шилдгээр шалгарсан юм.

  • Ц.Баттөр, “Хар цас” уран зураг
  • С.Болдбаатар, “Парисын бороотой намар” 2016 он, уран зураг
  • П.Ганбат, “Эх” 2017 он, уран зураг
  • Т.Нурмаажав, “Цагийн хүрдэн” 2017 он, монгол зураг
  • Г.Одбаяр, “Хүлэгү хаан” 2018 он, монгол зураг
  • Т.Даваасамбуу, “Тал нутгийн морьтон” 2017 он, уран баримал

Энэ жил анх удаа зохиогдсон “ULAANBAATAR 2018” International art festival гарц байлаа.


Өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан  "Улаанбаатар" олон улсын дүрслэх урлагийн наадамд нийт 11 галерейд, 8 улсын есөн уран бүтээлчийн бүтээлүүд тавигдснаас гадна Монголоос 50 гаруй уран бүтээлчийн бүтээлүүд оролцсон юм.

Галерейд гарсан үзэсгэлэнгүүдээс хамгийн онцлох нь яармагийн “Морин тойруулга” нэртэй баригдаж дуусаагүй 3 давхар барилгад гарсан үзэсгэлэн байв. Тус наадамд уран зургаас гадна, уран баримал, контемпорари бүтээлүүд ч тавигдсан юм. Монголд анх удаа зохион байгуулагдсан ч чамлахааргүй, сонирхолтой, үр дүнтэй наадам болж өндөрлөв.

Өөрсдийн онцлог бүхий арт фестиваль, арт долоо хоног, беналь, терминал зохион байгуулах нь тухайн орны урлагийн хөгжлийг нэг шат ахиулж байгаа явдал юм. Улаанбаатар олон улсын дүрслэх урлагийн наадмыг жил бүр зохион байгуулж  хэвших нь уран бүтээлч хийгээд дүрслэх урлаг сонирхогч, үзэгчдийн болосролыг дээшлүүлхээс гадна, олон улсын тавцанд гарах шинэ боломж, үүд хаалга бий болох хамгийн том давуу талтай билээ.

Оны сүүл хагаст онцлох хэд хэдэн үзэсгэлэн нээлтээ хийв. Зураач Чой.Ганбаатарын "Тайлан" үзэсгэлэн, гэрэл зурагчин Б.Тамирын "Бидэн дээр туссан сүүдэр", СМҮТ-ийн Сэтгэц нийгмийн сэргээн засах тасгийн сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчдийн "СЭТ-ХИЛ" уран зураг, фото хөрөг зургийн үзэсгэлэн зэрэг дэлгэгдэв.

8. Дэлхийн шилдэг энтертаймент контентууд: Монгол хөрсөнд хэрхэн буув?

Энэ онд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг гурав дахь жилдээ, “Mongolian’s next top model” шоу хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Харин оны хамгийн их үзэгчтэй контент “The Voice of Mongolia” байв. Дэлхийн хамгийн том шоу контентуудын нэг болох “The Voice” шоу нэвтрүүлгийг Монгол телевиз албан ёсны эрхтэйгээр амжилттай Монгол хөрснөө буулгаж чадав. Таван сарын хугацаанд үргэлжилсэн “The Voice of Mongolia” шоуны ялагчаар 17 настай Ц.Энгүүн тодорсон юм. Тэрбээр 2,000 гаруй оролцогчоос хүчирхэг хоолойгоороо ялгарсан.

Дуучин Ука дасгалжуулагчийн багийн оролцогч Ц.Энгүүн сүүлийн шатанд Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр дасгалжуулагчийн багийн оролцогч А.Болормаатай тунаж үлдэн, үзэгчдийн саналаар “The Voice of Mongolia” шоунд түрүүлсэн билээ.  

Ялагч "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, цоо шинэ “Nissan Qashqai” автомашинаар шагналын эзэн болсон юм.


Н.ДАВААСҮРЭН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top