Хувь хүний олон нийтийн сүлжээн дэх постыг шууд хуулбарлан түгээх нь сэтгүүлчийн ёс зүйд нийцэх үү? Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирж буй гомдлын багагүй хэсгийг олон нийтийн сүлжээгээр хувь хүний цацсан мэдээллийг баталгаатай эсэхийг нягтлалгүйгээр хуулбарласан, эх сурвалжаа болгосон нь сэтгүүл зүйн зарчимтай нийцсэн эсэхийг магадлуулах гомдол эзлэх боллоо.
2018 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдөр болсон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцсэн 18 гомдлын 11-ийг иргэдээс ирүүлсэн бөгөөд түүний гомдолдоо дурдсан нийтлэлүүд нь олон нийтийн сүлжээгээр цацсан хувь хүний посттой холбоотой байлаа. Харин үлдсэн долоон гомдлыг албан байгууллагуудаас ирүүлжээ. Эдгээр арван найман гомдол нийтдээ 15 редакцид хаяглагдсан байсан.
Хувь хүний пост найдвартай эх сурвалж болж чадсангүй
Иргэн И.Н factnews.mn, fact.mn, bataar.mn, tac.mn сайтуудын нийтлэлд гомдол ирүүлжээ. Тухайлбал, factnews.mn сайтад 2018 оны есдүгээр сарын 24-ний нийтэлсэн “Э.Цэрэн: Миний танилуудыг ашиглаж мөнгө луйвардсан нь үнэн”, fact.mn сайтад 2018 оны есдүгээр сарын 11-ний өдөр нийтэлсэн “Э.Цэрэн Н.Байгальмааг бөө болж, өөрийг нь “хорлох”-оор завдсан гэв”, bataar.mn сайтад 2018 оны наймдугаар сарын 10-ны өдөр нийтэлсэн “Рой Страйдер: Байгальмаа шүүхэд ялсан гэдэг нь худал”, tac.mn сайтад 2018 оны наймдугаар сарын 10-ны өдөр нийтэлсэн “Тэмээчин Н.Байгальмаа Рой Страйперт 158 555 503 төгрөг төлөхөөр боллоо” гэсэн нийтлэлүүд бүгд ямар нэг хэмжээгээр олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллийг эх сурвалж болгосон байна. Гэхдээ tac.mn сайтын нийтлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллийг эх сурвалж болгосон ч энэ мэдээллээ өөр эх сурвалжаар нотолсон. Тухайлбал, Н.Байгальмаа Рой Страйдер нарын заргыг шүүх хэлэлцэн шийдвэр гаргасныг shuukh.mn сайтад тавигдсан шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан учраас tac.mn сайт Ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэсэн шийдвэрийг Ёс зүйн хороо гаргалаа.
Харин factnews.mn залруулга гаргасан бол fact.mn, bataar.mn сайтууд мэдээллээ нягтлаагүй, мэдээллийг нөхцөл байдлаас нь салган буруу ойлголт өгсөн гэж үзэн Ёс зүйн зарчмын 1.2 дугаар заалтыг зөрчсөн гэж үзлээ. Ялангуяа fact.mn сайтын нийтлэл нь Facebook сүлжээнд тавигдсан хувь хүний постыг тэр чигт нь хуулбарлан тавьсан нь бүдүүлэг алдаа гэж гэж үзэн Ес зүйн зарчмын Нэгдүгээр заалт буюу “Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн заалтыг зөрчжээ.
“Шим” компанийн байр суурь тусгагдсангүй
“Шим” ХХК-иас olloo.mn сайтад хаяглан ирүүлсэн гомдлыг энэ өдөр мөн хэлэлцлээ. “Үлийн цагаан оготно устгана хэмээн 10 жил дараалан тендерт ялсан “Шим” компани нэртэй нийтлэл olloo.mn сайтад 2018 оны аравдугаар сарын 1-ний өдөр нийтлэгджээ. “Шим” компанийн зүгээс энэхүү нийтлэл нь хувь хүний болоод компанийн нэр хүндэд халдсан, мэдээллээ нягталж гаргаагүй гэж үзээд Ёс зүйн зарчмын хэд хэдэн заалтыг зөрчсөн гэсэн гомдлыг ирүүлсэн.
Olloo.mn сайт нь нийтлэлийн мэдээллийн гол эх сурвалж нь АТГ-аас сар бүр хийдэг мэдээлэл байсан тул баталгаатай эх сурвалж ашигласан гэж ХМЗ-д тайлбарлажээ. АТГ-ын мэдээлэл нь зөвхөн үлийн цагаан оготно устгах тендерт нэг компани 10 жил дараалан ялж байгаа тухай байжээ. Харин редакцийн зүгээс энэ нь ямар компани вэ гэдгийг сурвалжлан гаргаж тавьжээ. Гэхдээ olloo.mn сайт энэ нийтлэлдээ тэнцвэртэй мэдээлэл өгч чадаагүй гэж ССС-ийн хороо үзлээ. Нийтлэлд “Шим” компанийн байр суурийг огт тусгаагүй нь Ёс зүйн зарчмын 1.8 буюу “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчжээ.
“Одоо цаг“ сонин хэвшмэл ойлголтыг улам дэвэргэжээ
Бэлгийн чиг хандлагын хувьд нийгэмд цөөнх болдог иргэдийн зүгээс ХМЗ-д хандан нэг бус удаа гомдол ирүүлж байгаа бөгөөд үүнийг нэгийг мөн энэ өдөр хэлэлцлээ. “ЛГБТ” төвөөс “Одоо цаг” сонин 2018 оны №08 дугаартаа нийтэлсэн “Монгол бөхчүүдийн дунд хар тамхичин, гомо, гаж донтон, садистууд зөндөө байхад ёс зүй яриад яах юм бэ”, мөн №12 дугаарт нийтэлсэн “Ижил хүйстнүүд ирээдүйн хойчоо бэлдэхийн тулд дунд сургуульд гомо, лесби нарын бүлэг байгуулжээ” гэсэн гарчигтай материалуудад гомдол гарган бэлгийн цөөнх хүмүүсийн талаар нийгэмд буруу ойлголт өгсөн, ялгаварлан гадуурхсан, үзэн ядалтыг өдөөсөн гэсэн гомдол ирүүлсэн.
“Гомочуудын дунд улсын начин хүн цолтой бөх алхаж явна гэхээр ой гутмаар юм. Мөн залуу бөхчүүдийн дунд цэнхэр хүмүүс ч цөөнгүй байдаг гэнэ. Энэ тухай монголын ЛГБТ холбооныхон “Энэ жилийн улсын наадмаар манайхаас улсын цолтой гурван бөх барилдана” гэж ам алдсан удаатай. За яахав ардчилсан нийгэм юм чинь бөх хүн гомо-цэнхэр байх нь хүний эрх гэе. Нэг үгээр…гомо цэнхэр... бөхчүүдээр эгнээгээ зузаатгаж байгаа бололтой” гэсэн нь ам дамжсан таамаг яриаг нягтлалгүй нийтэлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байсан. Мөн дунд сургуулиудад гомо, лесби бүлэг байгуулагдсан гэдгийг нотлоогүй.
Тиймээс гомдол гаргагчийн гомдол үндэслэлтэй гэж үзэн “Одоо цаг” сонин нь Ёс зүйн зарчмын 1.1 ба 3.2 дугаар заалтуудыг зөрчсөн гэж Ёс зүйн хороо үзжээ.
Соёлын өвийн үндэсний төвийн талаарх мэдээллийг сайтууд нягталсангүй
Соёлын өвийн үндэсний төв ХМЗ-д хандан гомдол гаргасан байна. 2018 оны аравдугаар сарын 16-наас 20-ний өдрүүдэд нийтдээ долоон сайтад, нэрийг нь дурдвал sharmedee.mn, ardchilal.mn, focusmedee.mn, zasgiinmedee.mn, ulsturch.mn, dorgio.mn, bоlod.mn сайтуудад “Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбатыг солих цаг нэгэнт болжээ” гэсэн гарчигтай нэг ижил нийтлэл цацагджээ. Уг нийтлэлд Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбатын талаарх хувь хүний биеэ авч явах байдал, мэргэжил боловсролын талаарх болон түүний удирдаж буй байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллээ нягталж баримтжуулаагүй, мэдээллийг мушгин гуйвуулжээ. Sharmedee.mn, dorgio.mn, focusmedee.mn, zasgiinmedee.mn сайтууд баримтжуулж, нягтлаагүй мэдээлэл нийтэлсэн тул Ёс зүйн зарчмын 1.1, 1.2 ба 5-р заалтуудыг зөрчсөн байна. Харин ulsturch.mn сайтын редакци гомдол гаргагчаас уучлал гуйн, залруулга гаргасан бол bоlod.mn, ardchilal.mn сайтууд мөн гомдол гаргагчаас уучлал гуйсан байна.
Medee.mn сайт буруугүй
Medee.mn сайтад 2018 оны есдүгээр сарын 26-ны өдөр нийтлэгдсэн “Монголбанк ам.долларын өсөлтийг ажиглаж байна”, аравдугаар сарын 18-ны өдөр нийтлэгдсэн “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өмгөөлдөг УИХ-ын гишүүд” гарчигтай хоёр нийтлэлд сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлаагүй гэж байгууллагаас ХМЗ-д гомдол гаргасан юм.
Ёс зүйн хороо medee.mn сайтын хоёр нийтлэлийг хянан үзээд сэтгүүлч мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн, үзэл бодлоо бичээгүй гэж үзлээ. Төв банкны үндсэн үүргийн нэг нь ам.долларын төгрөгтэй харьцах ханшны зохистой харьцааг барих юм. Нийтлэлд дурдсанчлан сүүлийн хоёр жилд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 500 төгрөгөөр нэмэгдсэн нь бодитой зүйл. Үүнийг “ажиглах” биш зохицуулах ёстой гэж сэтгүүлч бичсэн. Мөн УИХ-ын гишүүдийг амралтын газар аваачин дайлсан гэж бичсэн нь сэтгүүлчийн хувийн үзэл бодол биш харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы чуулганы хуралдаан дээр хэлсэн үг тул Монголбанкны гомдол үндэслэлгүй гэж Ёс зүйн хороо үзлээ.
Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл
Сэтгэгдэл ( 0 )