1. МАН-ЫН ХАГАРАЛ БУЮУ МАНАН-Г ЦЭВЭРЛЭХ У.ХҮРЭЛСҮХИЙН ТЭМЦЭЛ
МАН-ын дотоод хагарал чинээндээ тулсан нь намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболд нарын улс төрийн тэмцлээс тодорхой болсон билээ. Өөрөөр хэлбэл, төрд олон жил шургалсан МАНАН бүлэглэлийг “цэвэрлэх” улс төрийн тэмцлийн гол дүр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол нөгөө талд МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгдэх УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр болон намаасаа МАНАН бүлэглэлийг “цэвэрлэх”-ийн тулд эхлээд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулж, эрх мэдлээс нь чөлөөлөх ёстой гэж үзэж байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа хүлээлгэж өгөхөөс татгалзсан төдийгүй хариу акц үзүүлж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах оролдлогыг хийсэн байдаг. Гэвч парламентын гишүүдийн олонх нь Засгийн газраа унагахыг дэмжээгүй төдийгүй МАНАН бүлэглэлийг төрөөс цэвэрлэх ёстой гэх байр суурийг идлэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж, огцортол нь чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Үүнээс болж төрийн ажил гацаж, өнгөрсөн нэг сарын хугацаанд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан хойшлоод байна.
***
2. МАХН-ЫН ТАМГЫГ "БУЛААЦАЛДСАН" Н.ЭНХБАЯР БА О.БААСАНХҮҮ
Улс төрийн гуравдагч хүчин болох МАХН парламентад ганцхан төлөөлөлтэй. Тэр нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хэн нь намын дарга, тамганы эзэн болох эсэх улс төрийн “зодоон” жилийн онцлох үйл явдлын нэг байлаа. Өөрөөр хэлбэл, МАХН-ын зарим гишүүн намын дарга Н.Энхбаярыгаа, үлдсэн хэсэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дэмжиж байгаа юм. Энэ ч утгаараа Н.Энхбаяр, О.Баасанхүү хоёрын аль, аль нь намын Их хурлаа тус бүртээ хийж, өөр өөрсдийгөө МАХН-ын даргаар батламжлахаар Улсын Дээд шүүхэд хандсан байдаг. Харин Улсын Дээд шүүх тэдний аль, алиных нь хүсэлтийг хангахаас хэд, хэдэн удаа татгалзсан билээ. Гэвч эцсийн мөчид Н.Энхбаярыг МАХН-ын даргаар батламжилж, О.Баасанхүү болон Н.Энхбаяр нарын улс төрийн “зодоон” сая нэг өндөрлөсөн юм.
***
3. ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГ, ТҮҮНИЙ АЛБАН БИЧГҮҮД
Улс орны өмнө тулгамдсан томоохон асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, зарим тохиолдолд тухайн асуудалд хэсэгчилсэн болон бүхэлд нь хориг тавьдаг билээ. Эл жишгээр Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрч буй 2018 онд хоёр ч асуудалд хориг тавьжээ. Тэрбээр /2018.06.13/ УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд хориг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын тогтоолд хориг тавьсан юм. Ерөнхийлөгч хоригтоо “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр байна” хэмээн онцолжээ.Мөн төрийн тэргүүн /2018.11.15/ Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Олон жил давтагдаж буй “гишүүний мөнгө”-ийг 5-8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж гурван их наяд төгрөгт хүргэхээр тусгасан нь биелэх боломж муутай, эрсдэлтэй төсөөллүүд. Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр долоон их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ” хэмээн шүүмжилжээ. Хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн төсөвт тодотгол хийх замаар Ерөнхийлөгчийн хоригийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн юм. Дээрх хоригуудаас гадна олон удаагийн албан бичгүүд үйлдэн холбогдох албан тушаалтнуудад илгээн, засч залруулах шаардлагатай зүйлсийг дурдсан байдаг.
***
4. 950 САЯАС 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “ЖДҮ”
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах үндэслэлээр нэрлэгдэн олны анхааралд өртсөн сэдэв бол Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангийн зээл юм. ЖДҮ-ийн зээлийг албан тушаалаа урвуулан ашиглах замаар Засгийн газрын гишүүнээсээ эхлээд эрх мэдэл бүхий хүмүүс ижил тэгш зарчмаар буюу 950 сая төгрөгөөс 1.3 тэрбум төгрөг хүртэлх зээлийг авсан болох нь эхнээсээ тогтоогдоод байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар тус зээлийг хариуцсан сайд болох ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг /2018.11.06/ ёс зүйн хариуцлагаа хүлээж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийн болон бусад сангаас зээл авсан албан тушаалтнуудтай үргэлжлүүлэн хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Энэ хүрээнд ЖДҮ-ийн зээл авсан нь тогтоогдсон БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг /2018.11.21/ ажлаас нь чөлөөлөв.
Түүнчлэн ЖДҮ-ийг хөгжүүлэх санд нийт 47 тэрбум төгрөгийн асуудал яригддаг ба төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглах замаар ЖДҮ-ээс гадна өөр олон эх үүсвэрээс улсын хөрөнгийг шамшигдуулдаг болох нь тогтоогдсон. Тиймээс ЖДҮ-ээр эхэлсэн төрийн хулгайг цогцоор нь шийдэх учиртайг ард түмэн Засгийн газарт сануулаад байгаа юм. Тухайлбал, АСЕМ-ийн 400 тэрбум төгрөг, утааны 800 гаруй тэрбум төгрөг, Шинэ нисэх буудалтай холбоотой 750 тэрбум төгрөг, Дубайн гэрээний хохиролтой холбоотой хоёр тэрбум ам.долларын асуудлыг шийдэхийг шаардаж байгаа билээ. Түүнчлэн "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал, нүүрсний мөргөцөг алга болсон явдал, “Чингис”, “Самурай” бонд, Монголбанкинд мөнгө хэвлэсэн асуудлуудын эзэн холбогдогчийг тогтоохыг шаардаж буй. Нөгөөтэйгүүр эзэн холбогдогч нь тодорхой хэргүүдэд ч хариуцлага тооцохыг шаардаж байгаа гэхэд болно.
***
5. ЕРӨНХИЙ САЙДЫН САНАЛААР ХОТЫН ДАРГА ОГЦОРСОН АНХНЫ ТОХИОЛДОЛ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Батболдыг огцруулах хүсэлтийг НИТХ-ын дарга Б.Амарсайханд хүргүүлсэн. Ерөнхий сайдын саналын дагуу НИТХ хоёр удаа хуралдсаны эцэст НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хуулийн хугацаа дуусгавар болсон юм. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн хотын захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаар захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Нийслэлчүүд 2019 оныг Хотын даргагүй угтаж мэдэхээр байна.
***
6. СӨРӨГ ХҮЧИН ПАРЛАМЕНТАД БҮЛЭГГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ НҮҮР ТУЛЛАА
УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийнхээ шийдвэрийн эсрэг кноп дарсан гишүүддээ сахилгын хариуцлага тооцох шийдвэр гаргаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнчлэлээсээ хассан бол Л.Болд, Д.Мурат нарыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Харин эл шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Л.Болд намын гишүүнчлэлээсээ болон бүлгээсээ татгалзаж буйгаа удаа дараа мэдэгдсэн. Үүнээс болж АН УИХ-д бүлэггүй болж, гишүүд нь бие даагчийн статустайгаар ажиллах нөхцөл үүссэн ч, энэ ондоо багтаж асуудал шийдэгдэхгүй бололтой. АН-ын дарга С.Эрдэнийн байр сууриас үзвэл “Хэрвээ УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа татгалзах шийдвэрийг гаргасан бол УИХ-ын гишүүнээсээ ч татгалзах ёстой” гэж үзэж байгаа юм. Ямартай ч УИХ дахь АН-ын бүлэг байх уу, эс байх уу гэдэг нь 2019 он гартал хойшлогдож байна.
***
7. ТЭД ӨӨРСДӨДӨӨ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ДЭГИЙН ХУУЛЬ БАТАЛСАН Ч, МӨРДӨӨГҮЙ
БНСУ-аас Монгол Улсад суух бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам хоёр улсын визний асуудлыг хөндөн ярихдаа хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтөө иш татсан юм. Ингэхдээ БНСУ-д батлагдсан хууль чанга хатуу мөрдөгддөг учраас ажил эрхэлж буй гадны иргэд мөрдөхөөс өөр арга үгүй гэж тайлбарласан нь нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэсэн юм. Түүний энэ үг Монголын хууль гурав хоног л хэрэгжиж, мөрдөгддөг гэдэг явган хэлцийг үнэн гэдгийг сануулсан гэхэд болно. Тэд биднийг ингэж л дүгнэдэг бололтой. Ийм дүгнэлт хийх нөхцлийг төр нь түмэн бээрийн гаднынханд ойлгуулаад өгчээ.
Өнгөрсөн жил гишүүдийн ирц асуудал тарьж, нэгнийхээ өмнөөс кноп дардаг төгөлдөр хуурчин түшээдийн үйлдэл хэрээс хэтэрсэн. Залуу гишүүдийг орноос татан босгох үүрэг туслахуудад нь тохогдож, чуулганы танхим эзгүйрсэн. Энэ л цаг үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын гишүүд хусавч арилахгүй сайн нэрийг зүүх гэж оролдсон. Ингэхдээ тэд УИХ-ын Дэгийн тухай хуулийг барьж аваад “бантагнуулж” орхисон. Хуралдаа суудаггүй гишүүдийг сандал суудлыг нь ганхуулах хэмжээний хариуцлага тооцно гэж тэд амлаж байв. Гэвч сүржин эхэлсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах ёстой гэдэг шалтгаанаар даржин болоод дууссан. УИХ-ын гишүүн нь нийт хуралдааныхаа 2/3-т нь суугаагүй тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх заалтыг хуулийн өөрчлөлтөд тусгасан ч, батлагдахдаа хасагдсан. Хэдийгээр хариуцлага тооцох гол заалт үүгээр хасагдсан ч, бусдын кнопыг дарж санал өгөхгүй, хурууны хээгээрээ ирцээ бүрдүүлэх гэхчлэн заалтууд туссан. Гэвч УИХ-ын гишүүд, дэгийн хуульд тусгасан 21 дэх удаагийн заалтуудыг тун бүдүүлгээр зөрчсөн хэвээр байгаа.
Баримт1 : Б.Чойжилсүрэн: Д.Оюунхорол сайд гуйсан болохоор дарсан
УИХ-ын гишүүд бусдын кнопыг дарж болохгүй гэдэг хууль батлагдаад хагас жил ч болоогүй байхад хуулиа зөрчсөөр байна. Тэд энгийн иргэдэд зориулсан хуулиа хатуу чанга мөрдүүлдэг ч, өөрсдийн мөрдөх хуулиа тун бүдүүлгээр зөрчсөөр. Тэд өөрсдөдөө хариуцлага тооцох хууль баталсан ч, мөрдөөгүй. Тиймдээ ч БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд хуулийг гууль болгодог бидэнтэй өөрсдийгөө харьцуулах нь аргагүй юм.
***
8. ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЭНЭ ОНД БАТЛАГДААГҮЙ, ИРЭХ ОНД Ч БАТЛАГДАХГҮЙ
Улиран одож буй 2018 оны улс төрийн онцлох үйл явдлын нэг бол яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг тойрсон үйл явдлууд юм. Энэ сэдвийг улс төрийн хүрээнд сүүлийн хоёр парламентад илүү хүчтэйгээр ярьж, хэлэлцэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх тухай амтай болгон ярьж анхаарлын төвд ордог ч, ажил хэрэг болгосон нь үгүй. Ажил хэрэг болгох үүргийг их хурлаас хүлээсэн хашир улстөрч Д.Лүндээжанцан гуай ч, аанай өөрчлөхийн төлөө биш, өөрчлөхгүй байхын төлөө ажиллаж байгаа гэж залуу гишүүд хов зөөгөөд жил өнгөрөв. Учир нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд агсны захиасыг Д.Лүндээжанцан гишүүн тун сайн биелүүлж яваа гэж тэд таамаглаж байгаа. Б.Чимэд агсны хувьд төрийн хямрал нь эцэг хуулиндаа биш төрд ажиллаж буй хүмүүсийн ёс зүйтэй холбоотой гэж үздэг байж. Тиймдээ ч өөрийн гар бие оролцож баталсан Үндсэн хуулийг өөрчлөхийн эсрэг байр суурьтай байсан. Түүнийгээ Д.Лүндээжанцан гишүүнд уламжилсан гэж ярьцгааж байна. Үнэхээр ч Үндсэн хуулинд орох өөрчлөлтүүд анх ярьсан шиг, томоохон өөрчлөлтүүд огт багтаагүй гэж хуульчид дүгнэж байгаа юм. Нэг талаас харахад олон нийтийн дунд санал асуулга өрнүүлж, улс орон даяар удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь, Үндсэн хуулийг өөрчлөх санаачилга мэт боловч, цаана нь дорвитой өөрчлөлт огт хөндөгдөхгүй байгаа гэж гишүүд байр сууриа илэрхийлэх болсон. УИХ-д үнэмлэхүй олонх 65 гишүүнтэй болж чадсан МАН анх засаглаж ахуй үедээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлээд баталж чадаагүй. Өнөөдөр тэд голоороо хуваагдчихаад байна. Энэ нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх онд баталж чадна гэдэгтэй санал нийлэх хүн тун цөөн байна. Улс төрийн хүрээнд 2018 онд өрнөсөн онцлох найман сэдвийг бид тоймлолоо.
Сэтгэгдэл ( 0 )