”Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан нь инфляцийг 0.3 хувиар хумих нөлөөтэй”

2018 оны 12 сарын 28

Инфляци буюу үнийн өсөлт чинээлэг амьдралтай  иргэдийн хувьд төдийлөн мэдрэгддэггүй гэдгийг судлаачид хэлдэг. Харин иргэдийн дийлэнх хэсгийн нуруун дээр дарамт болж очдог. Тэгвэл сүүлийн мэдээллээр  жилийн инфляци улсын хэмжээнд 8.1, Улаанбаатар хотод 9.3 хувьтай байгаа. Инфляцийг 8 хувиас илүү гаргахгүй байх зорилготой Төв банк ямар байр суурьтай байгаад анхаарал хандуулъя. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл байр сууриа илэрхийлэхдээ “Монголбанкны хувьд инфляцийг дунд хугацаанд 8 хувь орчимд тогтворжуулах зорилттой ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлдэг. Ингэхдээ эдийн засгийн эрэлт талыг голлон анхаарч, инфляцийн дарамтгүй бодит өсөлтийг тогтвортой хадгалахад мөнгөний бодлого чиглэдэг. Инфляци зарим саруудад эрэлт нийлүүлэлтийн гэнэтийн шалтгаанаар дээш эсвэл доош хэлбэлзэх тохиолдол бий ч ирээдүйд эргээд зорилтот түвшин рүү нь тогтворжуулах бодлогыг Төв банк хэрэгжүүлдэг гэсэн үг. Энэ оны хувьд, нэг талаас эдийн засаг идэвхжиж байгаа нь үнийн өсөлтөөр илэрхийлэгдэж байна. Үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ийн өсөлтөөс гадна өрхийн бодит орлогын өсөлт, импортын хэрэглээний өсөлт зэрэг бусад индикаторууд ч илэрхийж буй. Эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор ийнхүү эрэлтийн шинж чанартай инфляци нэмэгдсэн ч харьцангуй даруухан түвшинд хадгалагдаж байгааг онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, халалтын шинж эдийн засагт маань илрээгүй гэсэн үг. Харин нөгөө талаас үнийн түвшнийг ингэж өсгөж байгаа гол зүйлс нь гадаад зах зээл, эсхүл улирлын хандлагаасаа зөрсөн нийлүүлэлтийн шинж чанартай бараа бүтээгдэхүүний нөлөө гэж харж байгаа. Тухайлбал, арваннэгдүгээр сарын жилийн инфляцийн тал орчмыг гуравхан төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлт тайлбарлаж буй. Нийлүүлэлтийн гаралтай, улирлын шинж чанартай иймэрхүү үнийн хэлбэлзэл нь инфляцийг түр зуур савлуулах ч, нөлөө нь удаан үргэлжлэхгүй, цаашид саарах хүлээлттэй тул тийм ч санаа зовоох зүйл биш. Иймд мөнгөний бодлогоор шууд хариу үйлдэл үзүүлэх шаардлага бага юм. Тухайлбал, махны үнэ өслөө эсхүл өвлийн хатуу түлш үнэтэй боллоо гээд бодлогын хүүг нэмэгдүүлэх нь оновчтой биш. Иймд аливаа Төв банк мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ яг одоогийн ерөнхий инфляциас гадна, нийлүүлэлтийн шинж чанартай бүтээгдэхүүний нөлөөг хассан суурь инфляци ямар түвшинд байна вэ, мөн инфляцийн цаашдын хандлага ямар байх вэ гэдэг төсөөллийг чухалчилдаг.

Инфляци өнгөрсөн аравдугаар сард улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатарт 6.9 хувь байсан бол арваннэгдүгээр  сард харгалзан 8.1 хувь болон 9.3 хувь болж өссөн. Үнийн түвшин ийнхүү нэмэгдэхэд хатуу түлш, шатахуун, махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, Улаанбаатар хотын инфляцийг тооцоход 370 гаруй бүтээгдэхүүний үнийн өсөлтийг авч үздэг ч, зөвхөн энэ 3 бараа бүтээгдэхүүн инфляцийн 5 нэгж хувь буюу талаас илүүг нь тайлбарлаж байгаа. Үүнд юу нөлөөлснийг задалж үзвэл инфляци өссөн шалтгаан илүү ойлгомжтой болох болов уу. Нэгт, хатуу түлш буюу хэрэглээний нүүрс, модны хувьд хүйтний улиралд үнэ өсөөд, дулааны улиралд эргээд буурдаг улирлын онцлогтой тул инфляцийг удаан хугацаанд өдөөх эрсдэл бага. Хоёрт, шатахууны үнийн хувьд, дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнийн өсөлтийг даган дотоодын бензиний үнэ энэ онд 300 гаруй төгрөгөөр өссөн. Дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнэ аравдугаар сарын эхэн үе хүртэл хурдтай өсч $80/баррель хүрээд байсан бол сүүлийн 1 сар гаруй хугацаанд эргээд буурч $50/баррель руу ороод ирлээ. Арванхоёрдугаар  сарын эхэнд дотоодын хэрэглээний шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан нь инфляцийг 0.3 нэгж хувиар бууруулах нөлөөтэй гэж тооцоолж байгаа. Цаашид дэлхийн эдийн засгийн идэвхжил саарч, эрэлт буурахын зэрэгцээ АНУ, ОХУ, Саудын Араб зэрэг орнуудын нийлүүлэлт харьцангуй өндөр түвшинд байгаа тул нефтийн үнийг өсгөх дарамт бага болов уу. Гуравт, махны хувьд жил бүр 6-7 сараас эхлэн он дуустал үнэ хямдардаг зүй тогтолтой ч  энэ жил наймдугаар  сараас хойш эргээд өсөх хандлага ажиглагдаж, намраас хойш инфляцийг өсгөж байна. Энэ нь цаг агаар арваннэгдүгээр сар дуустал харьцангуй дулаан байсан, мөн махны экспорт нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. Махны экспортыг авч үзвэл 8-аас 11-р сарын хугацаанд 2017 оны мөн үетэй харьцуулахад 70% гаруй нэмэгдсэн нь дотоодын зах зээл дээрх нийлүүлэлтэд нөлөө үзүүлсэн. Харин ханшийн өөрчлөлт нь одоогоор инфляцид жинтэй нөлөө үзүүлээгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(68.54.120.202) 2018 оны 12 сарын 28

Hudal ulger taruad bai mongold inflyatsi hezee tegj surhii buugaad baisan yum

0  |  0
Top