Бид НАЙМАН жил ярьж, хоёр Солонгос НАЙМАН сарын дотор УРАГШИЛЛАА

2018 оны 12 сарын 28

 

Манайх шиг уул уурхайд түшиглэсэн, тэр дундаа овор ихтэй нүүрсний экспортод ач холбогдол өгдөг улсын хувьд төмөр замын дэд бүтэц хөгжвөл тун чиг хэрэгтэй. Үүнийг ухамсарлаад найман жилийн өмнө “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”- ын баримт бичгийг УИХ-аас баталсан ч, цаасан дээрээс буугаагүй өдийг хүрсэн. Энэ жилийн тухайд  бодлогын баримт бичигт хоёр чиглэл нэмэгдэн орсноос гадна, уул уурхайн чиглэлийн төмөр замуудыг хариуцан ажиллах компаниудыг байгуулахад Засгийн газар анхаарч ажилласан нь нааштай мэдээлэл байсныг онцлох хэрэгтэй. Гэхдээ цаасан дээрх маршрут  нэмэгдсэний араас бодит ажил хийгдэх үү гэдэг нь зүй ёсоор хүлээлт үүсгээд байгаа юм.

Бид энд Бодлогын баримт бичиг тойрон найман жил шоу хийж байхад, учир зүйгээ олох эхлэлээ тавиад удаагүй  өмнөд, хойд хоёр Солонгосын  төмөр зам болон авто замыг шинэчлэн холбох төслийн нээлт болж байх юм. Хоёр Солонгос хоорондын төмөр замыг Транс Сибирийн төмөр замтай холбох томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж буй тус нээлтийн ёслолд НҮБ, Орос, Хятад, Монголоос зочид, төлөөлөл уригдаж очив. Хоёр Солонгосын замын хөгжлийг  дагаж, Улаанбаатараас-Сөүл хүрэх зорчигчийн галт тэрэг аялах боломж нээгдэнэ. Нүүрс, төмрийн хүдэр, түүхий эд БНСУ-ын Гангийн үйлдвэр, далайн боомтуудад төмөр замаар хүрч, эргээд Самсунг, Хьюндай-н ачаа Монголоор дамжин Европт хүрэх боломж нээгдэх тухай дэд сайд асан Б.Цогтгэрэл жиргээд авсан байна лээ. Ер нь манайд боломж дагуулах тухай хэлж байгаа хүмүүс байна.


Төмөр зам болон авто замыг шинэчлэн холбох төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хоёр Солонгосын удирдлагууд энэ оны дөрөвдүгээр сард хүрсэн. Тэгвэл найман сарын хугацаанд тэд тохиролцоогоо хөрсөн дээр буулгах арга хэмжээг авлаа. Үнэхээр л хөгжил дэвшилд хэрэгтэй зүйлийг хойш тавих нь утгагүй гэдгийг хоёр Солонгосын удирдагчид ухамсарлан ажиллаж байна. Гэтэл манайд найман жил дүр эсгэж ухамсарлав.

Цаасан дээр зурагдсан олон чиглэлүүдээс  хамгийн түрүүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих ажилд анхаарах шаардлага бий. Барих гүйцэтгэх ажил нь   2017 онд эхлээд 2019 он гэхэд дуусчихна гэгдэж байсан уг төмөр зам 1.5 тэрбум ам.доллароор босох тооцоолол байсан. Тэгвэл одоо 800 сая ам.доллар хэрэгтэй байгаа талаар яригдаж байна. Манай Ерөнхийлөгчийн “гардан” зарцуулсан 280 сая ам.доллар буюу 722 төгрөгийн тухай үлгэрийг бид мэднэ. Тэгвэл Ерөнхийлөгчийн “овоолсон шороо” гэх тодотголтой газар шорооны ажлыг 86 хувийн гүйцэтгэлтэй гэх мэдээлэл бий.

Уг төмөр замыг  барих ажлыг өмнөд хөршийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх талаар ярьсан ч, гацсан.  Тиймээс ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ-ийг нь тодруулах хэрэгцээ эхэнд бичигдсэн хэвээрээ байна.

Төр, хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалт нь мэдээж төрийн хийх ажил. Гэхдээ хөрөнгө мөнгөнөөс гадна нэг том асуудал байгаа нь төмөр замын хил холболтын цэг. Энэ бол хоёр улсын хооронд ярьж тохирох ёстой сэдэв. Цэг тогтсоны дараа шаардлагатай ажлууд хийгдэнэ гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгдөг.

Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулах тухай Засгийн газрын 242 дугаар тогтоолыг баталсан. “Тавантолгой төмөр зам” компанийн 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд эзэмшиж, 49 хувийг нь  гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байлгахаар шийдвэрлээд буй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гацсаны улмаас нүүрсний компаниуд алдагдал хүлээж байна гэдгийг тооцоололтой хэлж ярьдаг. Дэд бүтцийн тохирсон шийдэлгүй, хил гаалийн нэвтрүүлэх чадвар муу байгаагаас нэг л компани гэхэд жилд 40 сая ам.долларын алдагдал хүлээж буй талаар нүүрсний салбарынхан ярьдаг.

Биднийг төмөр зам тойрон найман жил ярьж байхад хоёр Солонгосын удирдагчид тохироогоо ажил болгох эхлэлийг найман сарын дараа тавьж байх юм.

 

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.177) 2018 оны 12 сарын 28

VAGON GEDEG UNAA TUMUR DEEGUUR TUMUR DUGUI YAVDAG UTGATAI UCHIRTAI UNAA HEREV TEGEEGUISEN BOL DAVHAR VAGON HIIHGUI

0  |  0
Top