Эдийн засгийн ухааныг судлаж байгаа зүйлээс нь хамаараад МАКРО эдийн засаг, МИКРО эдийн засаг гэж үндсэн хоёр хэсэгт хуваадаг билээ. Макро эдийн засгийн онол нь улс орны эдийн засгийг бүхэл бүтэн цогц байдлаар нь авч үзэн түүний хөгжлийн зүй тогтол, хэтийн төлвийг судалдаг.
Гэхдээ эдийн засагчид макро эдийн засгийн бодлогын талаар зөрүүтэй байр суурьтай байх нь бий. Нээлттэй нийгэм форумын судалгааны тайланд энэ талаар өгүүлснийг хүргэж байна. Зарим эдийн засагчид тогтворгүй байдлыг эдийн засгийн язгуур шинж гэж үздэг. Нийт эрэлт болон нийлүүлэлтийн хувьд байнга цочролд байдаг хэмээн нотолдог. Эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний болон сангийн бодлого явуулдаггүйсэн бол шокууд нь үйлдвэрлэлийн хэмжээг таагүй, үр ашиггүй тал руу хэлбэлзүүлж, ажилгүйдэл болон инфляцийн асуудлыг хурцатгах болно.
Макро эдийн засгийн бодлого нь эдийн засгийг зогсонги үед нь урамшуулж, харин “хөөрч байгаа” үед нь өсөлтийг сааруулан “салхи сөрөн” явах ёстой гэдэг. Голдуу сонгодог чиглэлийн, тэр дундаа мөнгөний талын эдийн засагчид эдийн засаг дотооддоо тэнцвэртэй байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг гаднаас буюу төрөл бүрийн бодлогын дагуу зохицуулах гэж оролдох нь тэнцвэрт байдлыг алдагдуулах гол шалтгаан болдог гэдэг. Үе үе хүчтэй хэлбэлзэлд ордог нь буруу бодлогын гай гээд эдийн засгийг зорилго бүхий арга хэмжээнүүдийн тусламжтай “яв цав зохицуулах” гэж оролдсоны хэрэггүй хэмээн нотолдог.
Эдийн засгийн бодлогын боломж хязгаарлагдмал гэж үздэг. Дээрх хоёр үндэслэлт маргаан нь олон жилийн турш үргэлжилсээр байгаа бөгөөд үүнээс дараах хоёр асуулт урган гардаг. Үүнд: Эдийн засгийн тогтворжилтод мөнгөний болон сангийн бодлого идэвхитэй үүрэг гүйцэтгэх ёстой юу? Аль эсвэл хэлбэлзэлд зохицож байхад тэдгээрийн үүрэг орших уу? Эдийн засгийн бодлогод тодорхой чиг шугамыг барих ёстой юу? эсвэл нөхцөл байдлын өөрчлөлтийг өөрсдийн санаа бодол, үзэмжээр тухай бүрд нь мэдрэн хүлээн авч байх ёстой юу? Бодлого идэвхитэй байхын тухайд эрэлт, нийлүүлэлтийн загвар төрийн эдийн засгийн бодлого, арга хэрэгсэл нь эрс өөрчлөлт бүрт түргэн нөлөөлж, уналтаас хэрхэн сэргийлдгийг харуулдаг. Тиймээс эдийн засгийг тогтворжуулахад эдгээр хэрэгслийг ашиглахаас татгалзах нь ухвар мөчид хэрэг болно хэмээн энэхүү бодлогыг баримтлагчид тайлбарладаг.
Гэтэл идэвхигүй бодлого баримтлагчид дараах үндэслэлийг дэвшүүлж, идэвхитэй бодлогоос татгалздаг. Энэ нь бодлого боловсруулж батлах, хэрэгжүүлэх явцад гардаг цаг хугацааны зөрүү юм. Цаг хугацааны хоёр төрлийн зөрүү байдаг. Эдийн засгийн нөхцөл байдлыг таниад түүнд тохирсон бодлогыг боловсруулж батлах хүртэл хугацааг дотоод зөрүү гэдэг. Бодлогыг батлаад, арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэн, үр дүн гарах хүртэлх хугацааг гадаад зөрүү гэдэг. Энэ нь аливаа бодлого, арга хэмжээ нь эдийн засгийн үзүүлэлтүүдийг тэр дор нь өөрчилдөггүйтэй холбоотой юм.
Сангийн бодлогын хувьд дотоод зөрүү ихтэй, гадаад зөрүү багатай байдаг бол, мөнгөний бодлогын хувьд эсрэгээрээ байдаг. Энэхүү зөрүү нь тогтворжуулах бодлогыг ашиглах явдлыг бэрхшээлтэй болгодог. Тогтворжуулах бодлогыг идэвхитэй явуулснаар харин эсрэгээрээ тогтворгүй байдлыг үүсгэдэг хэмээн үздэг. Идэвхитэй бодлого баримтлагчид дээрх зөрүүг хүлээн зөвшөөрдөг бөгөөд бодлого боловсруулахдаа ул суурьтай хандах хэрэгтэй гэдэг. “Автомат тогтворжуулагч” хэмээн нэрлэдэг тогтворжуулалтын зарим нэг арга хэмжээ бодлогыг зориуд өөрчлөн засварлахгүйгээр эдийн засгийн өсөлтийг сааруулж, эсвэл урамшуулах боломж олгодог. Ийм арга хэрэгслийн жишээ нь албан татварын систем, ажилгүйдлийн даатгалын систем зэрэг болно.
Татварын орлогын хэмжээ нь олборлох салбарын орлого багасахад дагаж багасдаг бол ихэсэхэд мөн дагаж ихэсдэг. Ажилгүйдлийн даатгал нь үйлдвэрлэл унасан үед ажилгүйдлийн тэтгэмжийг аяндаа нэмэгдүүлдэг. Эдийн засгийн бодлогын үр дүн тодорхой хугацаа өнгөрсний дараа илэрдэг тул тогтворжуулах бодлогыг амжилттай явуулья гэвэл эдийн засгийн нөхцөл байдал ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглах шаардлагатай. Хагас жилийн юмуу, жилийн дараа эдийн засаг өрнөлтийн, эсвэл уналтын байдлын алинд нь байхыг урьдчилан мэдэхгүйгээр тухайн агшинд нийт эрэлтийг ихэсгэхэд, эсвэл багасгахад чиглэсэн бодлогын алиныг ч зөв сонгож чадахгүй.
Харамсалтай нь эдийн засгийн мэдлэгийн өнөөгийн түвшинд ямар үйл явц явагдахыг урьдчилан хэлэх арга тэр бүр байдаггүй. Урьдчилан таамаглах нэг арга бол давамгайлан түрүүлэгч буюу манлайлагч үзүүлэлтүүдийн индексийг хэрэглэх явдал юм. Энэхүү индекс нь хувьцааны ханш, барилга байгууламжид олгосон лицензийн тоо, тоног төхөөрөмжийн захиалга, мөнгөний нийлүүлэлт зэрэг үзүүлэлтүүдийг багтаасан статистик тоон мэдээлэл юм. Эдгээр үзүүлэлтийн өөрчлөлт эдийн засгийн өөрчлөлтөөс өрсөж түрүүлэх нь олонтой байдаг. Иймээс эдгээрийн утгын бууралт, ойртож байгаа уналтын дохио болдог.
Мөн урьдчилан таамаглах өөр нэг арга нь эдийн засгийн загваруудыг хэрэглэх явдал юм. Загвар нь тус бүртээ эдийн засгийн үйл явцын аль нэг талыг болон харилцан хамаарлыг илэрхийлсэн олон тооны тэгшитгэлээс тогтдог. Эдгээр тэгшитгэлийг ашиглан мөнгөний болон сангийн бодлогод гарч болох өөрчлөлт, мөн тэдгээрт нөлөөлөгч гадны хувьсагчдын утгын өөрчлөлт эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөхийг тогтоодог. Ийм таамаглалуудын үнэ цэнэ нь загварын мөн чанар болон гадаад хувьсагчдын утгын өөрчлөлтийн хэр зэрэг зөв сонгосноос шалтгаалдаг. Орчин үед эдийн засагчид маш олон чанарын болон тоон үзүүлэлтийг агуулсан систем загваруудыг байгуулж, компьютерийн программ хангамжуудын тусламжтай симуляц хийн, ирээдүйн талаарх төсөөллийг бий болгодог болсон байна. Эдийн засгийн маргаан мэтгэлцээний хоёр дахь асуудал нь эдийн засгийн бодлогын хатуу шугам хэр зэрэг зохистой эсэхэд оршдог. Хатуу шугам гэдэг нь эдийн засгийн нөхцөл байдалд авах арга хэмжээний талаар урьдаас зарлан мэдэгдэж, дараа нь уг хөтөлбөрөө хэлбэрэлтгүй мөрдөнө гэсэн үг юм. Харин үүний эсрэг чөлөөт үйл ажиллагаа нь тухайн тохиолдол бүрт эдийн засгийн асуудлын шинж чанарыг үнэлж, бодлогыг тэр үед нь илүү тохирч нийцэхүйц байхаар сонголт хийх бололцоог олгохыг хэлдэг.
Сэтгэгдэл ( 2 )
UURHAIN NOOTSIIG HENCH ONOOD TOGTOOJ CHADDAGGUITEI IJIL EDIIN ZASGIIG HENCH ONOOD TAADAGGUI
YAG ONOHIIG ONOL GEDEG UNUUDUR BOLOMJGUI SANAGDSAN ZUIL IREEDUID BOLOMJTOI BOLDOG ODOO ENE VLADIVOSTOKIIN EDIIN ZASAG IIM BAIGAAM