Дэлхийн банкны групп ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсад нэн тэргүүнд анхаарах чухал салбаруудыг тодорхойлж эрэмбэлэхээр ажиллаж буйг мэдээлсэн. Тус байгууллагын тухайд өнгөрсөн жилүүдэд манай улсад тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж ирсэн. Тэгвэл Дэлхийн банк өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад гарсан өөрчлөлтүүдийг хэрхэн харж буйд анхаарал хандуулъя.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол улсын ДНБ гурав дахин өсч, сургуульд хамрагдалт нэмэгдэн, эх хүүхдийн эндэгдэл эрс буурсан зэрэг амжилтууд бийг мэдээлэлд дурджээ. Түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсны улмаас Монгол Улсын эдийн засаг 2014-2016 онуудад огцом суларсан. Харин 2017 он болон 2018 оны эхний хагаст эдийн засаг нэлээд сэргэж, 2016 онд 1.2 хувь хүрч байсан ДНБ-ий өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрч өсөв. Энэхүү өсөлтөд түүхий эдийн (нүүрс болон зэс) экспорт нэмэгдсэн, ГШХО сэргэсэн, бизнесийн үйл ажиллагаа идэвхжсэн болон Засгийн газраас эдийн засагт тохиргоо хийх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн зэрэг хүчин зүйл нөлөөлөв. Өсөлтийн төлөв 2018 болоод цаашид эерэг хэвээр байна. Энэ нь хувийн хэрэглээ тогтвортой өсч, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч богино болон дунд хугацаанд үүсч болзошгүй эрсдэлүүд болох улс төрийн тодорхойгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, бүтээгдэхүүн экспортлох явцад хил дээр учирч буй саад тотгорууд болон мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг гүйцэд шийдвэрлээгүй зэргийг цаашид анхаарах хэрэгтэй юм. Мөн түүнчлэн эдийн засгийн бүтцийн асуудлууд, экспортын бүтээгдэхүүний төрөл зүйл хязгаарлагдмал хэвээр байгаа нь улс орны эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзэл болон бусад цочролд эмзэг байдлыг нэмэгдүүлж байна.
Монгол улсын эдийн засаг 2010 оноос хойш хурдацтай өссөн жилүүдэд ядуурал буурсан байдаг. 2014-2016 онуудад хөрөнгө оруулалт унан, хувийн хэрэглээ буурсан нь нэн ялангуяа уул уурхайн бус эдийн засагт сөргөөр нөлөөлсөн ба ядуурлын түвшин эргээд 2012 оны түвшиндээ хүртэл нэмэгдсэн нь санаа зовних асуудал болж байна. Өрхийн орлого 2017, 2018 оны эхний хагаст нэмэгдсний зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байгаа нь 2016 онд нэмэгдсэн ядуурлын түвшин эргээд буух болов уу гэсэн эерэг дохио болж байна. Цаашдаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төсвийн хувьд тогтвортой бодлогуудыг баримтлах болон эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байх нь ирэх жилүүдэд ядуурлыг бууруулах түлхүүр байх юм.
Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг цогцлоож, ядуурлыг бууруулахын тулд Монгол Улс засаглалыг бэхжүүлэх, төсвийн орлогыг үр ашигтай удирдах чадавхийг сайжруулах, эдийн засгийн нөөцийг зардал, хөрөнгө оруулалт, хуримтлалд оновчтой хуваарилах, хот болон хөдөөгийн бүх иргэдийг ижил тэгш боломжоор хангах шаардлагатай. Үүнийг байгаль орчноо хамгаалсан, цаашлаад хүн амын үе үеийн эрх тэгш байдлыг хангасан байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөж байна.
Э.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )