Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким ирэх хоёрдугаар сарын 1-н гэхэд албан ёсоор үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх юм. Хэдийгээр Дэлхийн банкны зүгээс ноён Кимийг хувийн хэвшилд ажиллахаар болж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа гэж мэдэгдсэн ч, хэрэг дээрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын таалалд нийцэх хүнийг түүний оронд томилно гэсэн хүлээлт хэдийнэ үүсээд байгаа юм.
Жим Ён Ким ажлаа хүлээлгэж өгсний дараа, хоёрдугаар сарын 7-14-нд Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа явагдах аж. Улмаар жил тутам зохион байгуулагддаг ОУВС, Дэлхийн банкны хаврын ээлжит чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 14-нд болохоос өмнө Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгч тодорхой болж, томилогдох аж.
Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр томилогдох хүн тус байгууллагын гишүүн улсын иргэн байх ёстой. Гүйцэтгэх захирлуудын зүгээс нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Трампд зөвшөөрөгдсөн хүн ирэх жилүүдэд Дэлхийн банкийг удирдах ёстой, АНУ-ын иргэн байх ёстой гэсэн байр суурь давамгайлж байгаа аж. Дэлхийн тэргүүлэгч эдийн засгуудтай улс орнуудын маргаантай сэдвүүдээс хамааралтайгаар Дэлхийн банкны ерөнхийлөгчийг томилох асуудал анхаарал татаж байгаа юм.
Нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрс эхнээсээ тодорхой болж байна. Тухайлбал, АНУ-ын Сангийн яамны олон улсын асуудал хариуцсан дэд сайд Давид Малпасс нэр дэвшигчдийн салхийг хагалж, нэр нь тодроод байна.
Одоогийн ерөнхийлөгч Жим Ён Кимийг ажлаа өгсний дараа шинэ ерөнхийлөгч томилогдох хүртэл ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх захирал Кристалина Георгиева түр гүйцэтгэх юм. Ноён Жим Ён Кимийн тухайд Дэлхийн банкийг долоо дахь жилдээ удирдаж буй юм.
Дашрамд өгүүлэхэд, Дэлхийн банк гэж байгууллагын тухайд манай улстай 28 жилийн түүхэн харилцаатай. Манай Монгол Улс өдгөө 188 гишүүн улстай Дэлхийн Банкны 155 дахь гишүүн улс болж элссэн юм. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улс Монгол Улсын араас Дэлхийн Банкинд элсэн орсон байдаг. Өөрчлөлт шинэчлэлтийн замыг эргэлт буцалтгүй сонгож, ЗХУ-ын тусламж зогссон, худалдааны хуучин тогтолцоог халсны дараа Монгол Улсад эдийн засгийн амаргүй үе тулсан. Харин тэр үед Дэлхийн Банкинд элсэн орсон нь түншийн хүрээгээ тэлэх, дэлхийн бусад улс орнуудтай интеграцчлагдах эхлэлийг тавьсан гэдгийг тодотгох нь зөв биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )