П.Бадарч: Эх орноо, эх дэлхийгээ нүд цавчилгүй хамгаалах эгэл цэргүүдээрээ бахархахгүй яах билээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, нэрт яруу найрагч Пунцагийн БАДАРЧ гуайг ярилцлагынхаа хүндэтгэлийн суудалд заллаа.


-Та тавлаг сайхан өвөлжиж байна уу? 

 

-Сайхаан, хүү минь. Чиний ажил алба сайн уу? "Улаан од"-ын сурвалжлагч байна гээд ярихаар чинь учиргүй дотно санагдлаа. Би чинь нэг хэсэг цэргийн хүн болж явлаа шүү дээ, тэгээд л тэр юм биз. Янз бүрийн сонин хэвлэлээс их л ярих юм. Өтөл би тэр болгонд одоо юугаа ярих вэ дээ, тэртээ тэргүй буурал Бадарчийг мэдэх нь мэдэхээс хойш.

 

Манай сониныг хүндэтгэн бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс МЗЭ-ийн 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 

 

-Өнгөрсөн өдрүүдэд Монголын Зохиолчдын эвлэл түүхт 90 жилийнхээ ойтой золгож, бид бүхэн их сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Бид юу байх вэ, манай До.Цэнджав, М.Саруулдалай, Н.Пүрэв нарын удирдах албан тушаалтнууд, ойг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, за тэгээд зохиолчдын эвлэлийнхэн бүгдээрээ чармайж ойгоо сайхан тэмдэглэлээ. Бид ч хурал хуй, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоод хэд хоног сүрхий завгүй байлаа.

 

-Монголын зохиолчдын эвлэл хэмээх энэ байгууллагын 90 жилийн түүхийг бүтээлцэхэд Таны орон зай нэлээд тэлэгдсэндээ орно шүү дээ. Энэ байгууллагаар хэзээнээс эхэлж овоглогдсон бэ, гишүүнээр элсэж байсан үеэ дурсаач... 

 

-Би 1971 онд Монголын Зохиолчдын эвлэлд элссэн юм. Тухайн үед Зохиолчдын хороо гэж байлаа. Даргаар нь С.Удвал гуай ажиллаж байсан даа. С.Удвал даргын гарын үсэгтэй үнэмлэхийг одоо ч нандигнан хадгалсаар явна. Чамайг үзье гэвэл би үзүүлье. Тэр он жилүүдээс л анхны шүлэг найраг, ном бүтээлээ олны хүртээл болгож, өнөөдрийг хүртэлх 50 шахам жилийн хугацаанд энэ байгууллагын хайр халамж, асрал ивээлд өлгийдүүлж өдий хүрлээ. Бас надад зураг зурах авьяас заяажээ. Б.Явуухулангийн “Хар ус нуурын шагшуурга”, Ц.Уламбаярын “Зовлон жаргал” роман, цаашлаад “Утга зохиол” сонины толгой, өөр бас бус номуудын хавтасны зургийг зурсан даа. Зохиолчид олон талын авьяастай, миний “Морьд” нэртэй анхны номын зургийг агуу их Л.Түдэв зурсан юм шүү дээ.

 

-Багш, шавийн барилдлага гэдгийг би асар том ухаан, нөгөө талаасаа асар их хүндлэл, соёл гэж ойлгодог. Ялангуяа зохиолчид маань үүнд өндөр ач холбогдол өгдөг шүү дээ. Угтаа Таны багшийн тухай асуух гээд байгаа хэрэг л дээ... 

 

-Миний багш бол С.Эрдэнэ. Би гэдэг хүн 1964 онд “Морьд” найраглалаа биччихээд хэнд үзүүлдэг юм билээ гэсэн шиг бодолтой явж байгаад “Цог” сэтгүүлийн редакцаар шагайв. Тэгсэн С.Эрдэнэ хоймор талд нь урагшаа хараад сууж байна. Хажуугийнх нь ширээнд сэтгүүлч Ц.Дамдинсүрэн /Өвгөөдэй/ бас сууж байлаа. Би ч орох зөвшөөрөл хүсч, С.Эрдэнэ багш дээр очлоо доо. Өнөөх “Морьд” найраглалаа ч уншлаа. Надаас нэг л юм асуусан. Тэр нь “Дайн гэдэг чинь халуун зүрхээ аваад бие бие рүүгээ шидэхийг хэлдэг юм” гэсэн мөртүүд “Морьд” найраглалд байдгийг лавласан хэрэг. Тэгээд “Найраглалаа орхиод яв” гэснээс өөр олон зүйл хэлсэнгүй. Бодвол найраглал минь тоогдсон бололтой. Ингэж л багш, шавь болсон юм. Багш минь хувь хүнийхээ хувьд ч, зохиолчийнхоо хувьд ч их мундаг хүн байсан юм. Үргэлжилсэн үгийн зохиолын гол ноён нурууг түшиж явсан их ч боловсролтой хүн байсан даа. Найраглал маань хэвлэгдэж, тэр ондоо “Цог” сэтгүүлийн шилдэг бичлэгийн шагнал хүртчихсэн шүү.

 

-Монголын утга зохиол дахь цэрэг, эх орны сэдэвт яруу найргийн бүтээлд танаар овоглосон шилдэг туурвилууд жин дардаг. Тухайлбал, “Нулимст бяцхан болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч”, “Дандар” зэрэг шүлэг, найраглалыг тань уншаагүй, магадгүй цээжлээгүй, аялаагүй хүмүүс ховор болов уу. Бүхний сэтгэлд тэгж л цаг мөнхийн хадаатай явдаг. Эдгээр бүтээл хэрхэн төрсөн түүхээс хуучлахгүй юу? 

 

-Би 1970-аад онд Хилийн цэрэгтэй холбогдож, офицерын эгнээнд багтаж явлаа. Төв аймгийн Эрдэнэсант суманд клубын эрхлэгч байлаа л даа. Ажлаа өгчихөөд хийх ажилгүй дэмий тэнэж явтал З.Баттулга гуайтай гудамжинд таарлаа. Яагаав нөгөө “Хөх тэнгэр” роман, “Түвшинтөгс”, “785 дээр”, “Хүүхэн заяа” зэрэг үргэлжилсэн үгийн бүтээлүүдээр нь хүмүүс сайн танина даа. Энэ хүн намайг Хилийн цэрэгтэй холбосон юм. “Чи ингэж дэмий байхаар Хилийн цэрэгт ор, би оруулаад өгье” гэлээ. “Над шиг цэргийн алба хаагаагүй хүнийг авах болов уу” гэхэд “Намайг дуугүй дагаад яв” гээд л аваачиж өгсөн. Тухайн үед Хилийн цэргийн удирдах газрын дарга нь Цэдэн-Иш генерал, штабын дарга нь “улаан нүдэн” Намсрай гэж хүн байв. Тийм ч их асуудал болсонгүй, намайг авчихлаа. Тэгээд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Овоотын отрядад хуваарилсан юм. Тэр үед манай улсад Хилийн цэрэг дахин шинээр зохион байгуулагдсан юм. Овоотын отряд, өмнийн шаргал говьд очоод удаагүй байтал 11 дүгээр сарын 7-ны өдөр буюу Октябрийн баяраар надад нэг даалгавар ирлээ.

 

-Ямар даалгавар? 

 

-Отрядаас бүх заставууд руу хүчлэн хамгаалалтын офицерыг Октябрийн баяраар гаргадаг уламжлал бий. Офицер болоод нэг улирлын нүүр үзэж буй намайг Цайланбулгийн буюу Цайлангийн застав руу лацтай бичигтэй илгээлээ. Тэгэхэд би 29 настай байв. Цайлангийн заставын дарга Батсуурь гэж бас хорин хэдэн настай залуу намайг угтаж авсан. Бид хоёр өнөө лацтай бичгээ задалтал тухайн заставын харьяа баганыг эргэх, мөн Хилийн цэргийн постон дээр хонох зэрэг даалгавар байлаа. Заставын залуухан дарга Батсуурьтай мөр зэрэгцэн буу үүрээд араасаа мөн буу, сум агссан гурван цэрэг дагуулаад Алагийн уулын тэргүүн дээр байх эх орныхоо хилийн баганыг эргэж очсон түүхтэй. Би гэдэг хүн дархан хилийн сүлдэт багана дээр анх очиж буй минь тэр. Тэгээд л Алагийн уулан дээр, эх орныхоо торгон хилийн зурвас дээр, алтан соёмбот баганыхаа дэргэд зогсохуйд өнөө шүлэг найргийн онгод минь хөглөгдөж, тусгаар тогтнолоороо бахархаж омогшоод, гэргий, хүүхдээ санаж уяраад, сүлдэт баганыхаа цаадах газар нутгийг хүний юм даа гэж гуниад юм юм л боллоо доо. Тэгээд дархан хилийнхээ баганын дэргэдээс хоёр ширхэг чулуу авч халааслав. Эх орныхоо дархан хил дээр анх ирсний дурсгал гэж бодсондоо тэр шүү дээ. Орой бид заставтаа буцаж ирлээ. Сэтгэл хөвөлзөөд нэг л тогтож өгсөнгүй. Шөнө дөл ч боллоо, нойр хулжаад унтсангүй. Өнөө хоёр чулуугаа дэргэдээ тавьж байгаад шүлэг бичлээ. 

 

“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас 
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий 
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас 
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий гээд л... 
“...Эрдэнийн номин дуулга шиг одот цэнхэр нуур 
Эргийн зэгсэнд ганганалдах амраг хоёр ангир 
Эхний айл, гүүн зэл, ингэ ботгоны гунганаан 
Эмээлт морь шиг шилгээн баясах хусан уяа 
Ээлт үүдийг нь сөхвөл зол бадрах голомт 
Ээж аавын буянт жаргалын цагаан өргөө
Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ...”

 

гэж биччихээд өмнийн говийн одот шөнөөр цээж тэнүүн алхаж явлаа. “Эх орны хилээс”, “Нулимст борхон болжмор”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Саруулхан шөнийн дуу” зэрэг цэрэг, эх орны сэдэвт олон бүтээлээ Овоотын отрядад гурван жил алба хаахдаа бичсэн дээ. Уран бүтээлийн урмас онгод хайрласан эх орныхоо дархан хилд би хайртай.

 

-Таныг хамгийн уяхан яруу найрагч гэдэг, тэр уяхан дээр ус нутаг, эх орон нэмэгдэхээр улам ч уяхан болдог биз ээ... 

 

-Тэгэлгүй яах вэ, одоо нас дээрдээд энэ тухай бүр ч ярилтгүй.

 

-Энэ агшинд эх оронч сэтгэлгээ, эх орны үнэ цэнийн тухайд танаар илүү ихийг яриулмаар санагдаж байна... 

 

-“Есөн эрдэнийн орон” гэж найраглал маань миний сэтгэл зүрхэнд хоногшсон эх орныг ерөөсөө л бүхэлд нь илэрхийлж байгаа юм. Энэ илэрхийлэл цаг, цагийн олон хүний сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан шүү дээ. Тэгэхээр надаас хойно ч Монголын мянга, мянган үрсийн сэтгэл зүрхэнд эх орон минь есөн эрдэнийн орноороо л байна гэдэгт эргэлздэггүй.

 

-“Есөн эрдэнийн орон” хэмээх энэ агуу найраглал Таны зүрх, тархинаас хэрхэн ундарч, уншигч түмэнд хэрхэн хүрсэн юм бэ? Түүхийг нь ярьж өгөөч? 

 

-Бичсэн түүх нь гэвэл их сонин. 1958 онд Монголч эрдэмтдийн анхдугаар их хурал манай улсад, бүр тодруулбал, Сталины номын санд боллоо. Одоогийн төв номын сан шүү дээ. Холбооны техникумын оюутан би амралтаараа харилгүй ажил хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлье гэж бодоод марк, сонин хэвлэл зардаг жижиг мухлагт худалдагчаар ажилд орсон байлаа. Гэтэл намайг өнөө Сталины номын санд болж байгаа Монголч эрдэмтдийн хурал дээр очиж сонин хэвлэл зарах даалгавар өгөөд явуулав. Тэнд Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин гээд л Монголын нэртэй эрдэмтэн, зохиолчдыг дэргэдээс нь харлаа шүү. Хурлын үеэр Сталины номын сангийнхан хуучин ном, судрын үзэсгэлэн дэлгэсэн байв. Тэр дунд есөн эрдэнээр бичсэн Сандуйн жүд хэмээх судар байснаас би есөн эрдэнэ гэдгийг анх мэдэж билээ. Тэгээд л толь бичгийн нэрт эрдэмтэн Я.Цэвэл гуайгаас есөн эрдэнэд юу, юу багтдагийг асууж, есөн эрдэнийн тухай бодол боллоо. Есөн эрдэнэд Монголын бүхий л зүйл багтаж болох үүдэл санаа тэр цагаас төрлөө. Ингээд л хожим Д.Нацагдоржийн музейн манаачаар ажиллаж байхдаа буюу 1970 оны намар, есдүгээр сард байна уу даа, нэг шөнө нэг л амьсгаагаар биччихсэн. Одоо бодох нь ээ хүн ер нь гэнэн цайлган, омголон бардам залуу идэр насандаа сонгодог бүтээлүүдээ туурвидаг юм шиг ээ. Нас ахиж, ухаан нэмэхийн хэрээр авьяас билгийн бадамласан гал дөл хумигддаг бололтой дог шүү. Одоо би ийм бүтээлийг ганцхан шөнийн дотор байтугай 10, 20 жил болоод ч бичихгүй дээ. “Есөн эрдэнийн орон”-оо анх Д.Пүрэвдорж гуайд уншиж өгч билээ. Д.Пүрэвдорж гуайн “Болжээ” хэмээсэн ганцхан үг товч бөгөөд тодорхой үнэлгээ байв. За ингээд өнөө Овоотын отряд руу явахдаа Ш.Дулмаадаа үлдээлээ. Тухайн үед Ш.Дулмаа “Үнэн” сонинд утга зохиолын редактор, сэтгүүлчээр ажиллаж байлаа. Тэгээд л сониндоо хэвлүүлэхийг аминчлан гуйж үлдээсэн хэрэг. Бас Ардын хувьсгалын ойн уралдаанд энэ найраглалаараа оролцох давхар санаатай байв. Отрядад очсоны дараа Ш.Дулмаа маань сониндоо хэвлүүлж, бүтээл минь Ардын хувьсгалын 50 жилийн ойн уралдаанд гутгаар байрын шагнал хүртчихсэн байдаг байгаа. Тэр уралдаанд Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглал түрүүлсэн юм. Харин хоёрдугаар байрт орох бүтээл байгаагүй гэдэг. Тухайн үед Сайд нарын зөвлөл надад 3000 төгрөгийн шагнал өгч байлаа. Тэр үеийн 3000 төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Шагналаараа гэртээ зурагт, зарим тавилга сэлтээс эхлээд бишгүй зүйл авч, манайх айлын дайтай айл болж билээ. Дээр нь миний нэр алдрыг яах аргагүй олонд таниулсан бүтээл минь юм шүү.

 

-Таны ажил, амьдралын нэгээхэн хэсэг ЦДБЭЧ-тай холбогддог юм билээ. Энэ хугацаанд ч олон сайхан бүтээл төрсөн болов уу? 

 

-Би 1976 онд Цэргийн ансамбльд очсон. Утга зохиолын эрхлэгч, уран сайхны зөвлөлийн нарийн бичгийн даргын албатай. Дээр нь үйлдвэрчний хорооны даргын сонгуультай. Тэгэхэд цэргийн цолгүй, энгийн байлаа. Овоотын отрядад гурав, Ансамбльд 14 жил ажилласан гээд бодохоор 17 жил цэргийн газар байжээ. Тухайн үед арми сурталчлах аян их өрнөнө, хөдөө гадаа их явна. БХЯ-ны харьяанд байсан гайгүй яруу найрагч юм байлгүй, намайг их авч явна аа. Ер нь арми сурталчлах бүрэлдэхүүнд гурван баатар, гурван зохиолч, гурван бөх “ёс” мэт багтана. Би гэдэг хүн домогт Л.Дандар баатартай нэг өрөөнд унтаж ч явлаа. Мэдээж цэргийн газрын гайгүй яруу найрагч гэж тоосон юм байгаа биз, цэрэг, эх орны сэдэвт дууны үг бичих захиалга их ирдэг байлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажав, гавьяат жүжигчин Л.Дашням зэрэг мундаг хөгжмийн зохиолчидтой цэрэг, эх орны сэдэвт олон дуу хийсэн шүү. МҮОНТ-ийн “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлэгт миний 10 гаруй дуу багтсан байна лээ.

 

-Цэрэг, эх орон гэдэг үг бидний ой тойнд хамтдаа хоршиж оршдог. Эх орны үнэ цэнийн тухайд Та дээр өгүүлсэн. Тэгвэл одоо цэрэг гэж хэн болохын тухайд тодотгохгүй юу? 

 

-Ер нь цэрэг хүн бол эх орноо хамгаалах, хэцүү цаг тулгарахад хэний ч командгүйгээр байлдаж тулалдах ийм л үүрэгтэй, тэр ч үүргээ ёсчлон биелүүлэх ёстой улс. Цэргийн алба өөрөө тийм юм. Хуучин бол цэргийн алба гурав, таван жилийн хугацаатай байлаа шүү дээ. Богино биш тэр хугацаанд ар гэр, амраг садангаараа биесээ байнга санагалзана, их хэцүү шүү дээ. Түүнээс гадна эндээс л хүлээхийн, хайрлахын, итгэхийн их ухаан бас ундарна. Цэргийн алба сайхан даа. Би энэ цаг мөчид цэргийн алба хаасан, хааж байгаа, хаахаар тэмүүлж байгаа хэн бүхэнд баяр хүргэж, бахадмаар байна. Цэрэг гэдэг үг өнө эртнээс монголчуудын зүрх сэтгэлд тодоор сийлэгдсэн, эрхэмлэвэл зохих үг. Найман зууны тэртээх Чингисийн хүлэг баатрууд, цэрэг эрс хэрхэн тулалдаж дэлхийн талыг эзэгнэж байсан юм, 1939, 1945 оны дайнд Монголын цэргүүд яаж тулалдаж явсан юм. Ингээд бодохоор цэрэг гэдэг ухагдахуун их юм бодогдуулна даа. Одоо ч манай цэрэг дайчид дэлхийн дайдад нэр алдраа гаргаж л явна. Эх орноо, эх дэлхийгээ нүд цавчилгүй хамгаалах эгэл бор цэргүүдээрээ бахархахгүй яах билээ. 

 

-Баярлалаа. Танд урт удаан насыг бэлгэдье.

ЭХ СУРВАЛЖ: "Соёмбо" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top