АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй 280 гаруй төрийн өндөр болон бусад албан тушаалтан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэдний 22 нь буюу 7.5 хувь нь л хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, АТГ-т бүртгүүлжээ. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлийг тодрууллаа.
-Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй. Хуулийн хугацаа дуусах дөхөж байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд байна вэ?
-Авлигын эсрэг хуульд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчилж, гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд улсын хэмжээнд урьдчилсан байдлаар судалгаа, шинэжилгээ, харьцуулалт хийж үзэхэд 40800 орчим мэдүүлэг гаргагч нар хөрөнгө, орлогоо гаргах нэрсийн жагсаалтыг АТГ-т ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар цахим системд 15100 орчим мэдүүлэг гаргагч нар бүртгүүлэ, баталгаажуулаад байна. Одоогоор улсын хэмжээнд явц 37 хувьтай үргэлжилж байна.
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т мэдүүлгээ шууд гаргаж, бүртгүүлэх үүрэгтэй. Энэ жилийн хувьд 280 орчим төрийн өндөр болон бусад албан тушаалтан ХОМ-ээ гаргаж, бүртгүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 22 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн. Явц долоон хувьтай байна. АТГ-аас мэдүүлгээ гаргах үндэслэл, шалтгаан болон мэдүүлэг хүлээж авах эрх бүхий албан тушаалтанд зориулж сургалт, сурталчилгаа зохион байгуулсан. Одоо хуулийн хугацаанд тэд хөрөнгө орлогоо үнэн, зөв мэдүүлэх үүрэг нь нээлттэй байна.
-Хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцдог билээ?
-Хүндэтгэх шалтгаантай байсан бол сануулах, сахилгын шийтгэл оноодог. Харин мэдүүлгээ огт мэдүүлээгүй, бүртгүүлээгүй тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг.
-АТГ-аас яг хэчнээн салбар, нэгжид ХОМ-ийг авч, баталгаажуулж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1700 салбар, нэгжид мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагаа явж байна.
-Хөдөө, орон нутагт хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүргээ хэр идэвхтэй биелүүлж байна вэ?
-Өндөр хувьтай явж байгаа Дорнод, Хэнтий, Баянхонгор аймаг байна. Яам, агентлагаас ЦЕГ-ынхан нэлээд өндөр хувьтай байна.
-Нэгдсэн дүн мэдээг хэзээ олон нийтэд ил болгох вэ?
-Хуулийн хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусна. Бид нэгдсэн дүн мэдээг гуравдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгоно. Дараа нь хөрөнгө, орлогоо мэдүүлсэн албан тушаалтны хураангуйг олон нийтэд албан ёсоор нээлттэй байршуулна.
Өнгөрсөн жил АТГ-ын албан ёсны цахим мэдээллийн санд 36 мянга орчим мэдүүлэг байршуулсан. Энэ жилийнхийг баршуулж дуусахаар иргэд сүүлийн хоёр жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих бүрэн боломжтой болно.
-УИХ-ын 76 гишүүнээс Т.Аюурсайхан, Д.Батнасан хоёр л хөрөнгөө мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Бусад нь яагаад идэвхгүй, хөрөнгөө мэдүүлэхгүй байна вэ?
-Хараахан хуулийн хугацаа дуусгавар болоогүй байна. Гэхдээ наана нь мэдүүлгээ гаргаад баталгаажуулчихвал сайн байна. Учир нь, энэ жилийн хувьд цагаан сар давхцаж байна. Орон нутгийн хүрээнд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болохоор хуулийн хугацаанаасаа хоцрох, мэдүүлгээ баталгаажуулахгүй үлдчих эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.
Өнгөрсөн жил хоёр албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээгүй шүү дээ. Мөн дөрвөн албан тушаалтан хугацаанаасаа хожимдож хөрөнгөө мэдүүлсэн байдаг. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 15-ны 00.00 цаг гэхэд автоматаар хаана. Үүнээс хойш хөрөнгөө мэдүүлээгүй албан тушаалтны нэрсийн жагсаалтыг олон нийтэд мэдээлээд явна.
Харин төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд долоохон хувьтай байгаа нь чамлахаар байна. Ялангуяа УИХ-ын гишүүдийн хувьд хоёрхон хүн л мэдүүлгээ гаргасан байна. Манай ажилтнууд гишүүдийн зөвлөх, туслахуудтай байнга холбогдож байна. Тиймээс УИХ-ын гишүүд хуулийн хугацаанд хөрөнгөө мэдүүлэх үүргээ биелүүлэх байх л гэж бодож байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Зураглаач Г.АНХБААТАР
Сэтгэгдэл ( 0 )