Африктай адилхан ЯДУУС-ын тоогоо өсгөөд л байх уу?

2019 оны 01 сарын 25

Манай улсын ядуурлын түвшин өндөр, бууруулах шаардлага  байгааг Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд сануулж байдаг.  2016 оны байдлаар ядуурлын түвшин 29.6 хувь буюу 907 500  хүн ядууралд өртсөн гэх статистик бий.  Энэ  үзүүлэлтийн цаана 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон бусад  хэрэглээний зүйлсээ худалдан авч чадахгүй байгаа гэсэн үг юм.

 

Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд 2010 оноос Монголын эдийн засаг хурдацтай өссөн жилүүдэд ядуурал буурсан гэж буй ч, ДНБ 20 хувь руу дөхөж байсан тэр жилүүдэд өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулж чадахгүй байна гэх шүүмж дагаж л байсан.

 

Өрхийн орлого 2017, 2018 оны эхний хагаст нэмэгдсний зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байгаа нь 2016 онд нэмэгдсэн ядуурлын түвшин эргээд буух болов уу гэсэн эерэг дохио болж байна гэж тус байгууллагын шинжээчид харж буй ч, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төсвийн хувьд тогтвортой бодлогуудыг тууштай  баримтлах ёстойг хэлж байна.

 

Цаашид тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг цогцлоож, ядуурлыг бууруулахын тулд Монгол Улс засаглалыг бэхжүүлэх, төсвийн орлогыг үр ашигтай удирдах чадавхийг сайжруулах, эдийн засгийн нөөцийг зардал, хөрөнгө оруулалт, хуримтлалд оновчтой хуваарилах, хот болон хөдөөгийн бүх иргэдийг ижил тэгш боломжоор хангах шаардлагатай. Үүнийг байгаль орчноо хамгаалсан, цаашлаад хүн амын үе үеийн эрх тэгш байдлыг хангасан байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж мөн зөвлөж байгаа юм.

 

Баян ядуугийн ялгааны асуудал улс орнуудын хувьд анхаарал татсан сэдэв мөн. Гэхдээ судалгаанаас харахад ядуурал бүс нутгуудад харилцан адилгүй байна. 1990 онд дэлхийн ядуурлын түвшин 35.9 хувь байсан бол 2015 онд 10 хувьд хүрчээ. Төв Африкийн Бүгд Найрамдах Улс,  Конго улс, Мадагаскар, Өмнөд Судан зэрэг  орнуудын ядуурлын түвшин 70 хувиас давсан үзүүлэлттэй бөгөөд  2015 оны байдлаар  нийт ядуу иргэдийн 85 хувь нь Сахараас өмнөх Африкийн орнууд, Азийн өмнөх хэсэгт хамаарсан үзүүлэлттэй байна. Цаашлаад 2030 он гэхэд нийт ядуу иргэдийн 87 хувь нь дангаараа Африкт хамаарна гэсэн судалгаа байгаа аж.

 

Тэгвэл манай Монгол Улсын хувьд ядуурлын түвшний  албан статистик нь 30 хувийг шүргэж буйгийн цаана статистикийн гадаа үлдсэн хэсэг бий гэж хэлэх шинжээчид байна. Ядуурал гэдэг бол нэг л өдөр бий болоод, нэг л өдөр алга болчихдог зүйл биш. Ядуурлыг бууруулах чиглэлд төрөөс тогтвортой бодлого гарч, энэ хүрээнд ядуу иргэн бүрт чиглэсэн арга хэмжээнүүд авах ёстой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgeliin hycheer bi(148.60.92.227) 2019 оны 01 сарын 25

eneedertee Apriktai adiltgaj l bai!bid ene baidalaasaa sygaran garah chag irdeg yum syy!!!!

0  |  0
Top