БАЙР СУУРЬ: Эхлээд инфляцийн төсөөллөө шинэчлэх ёстой

2019 оны 01 сарын 29

Цалин болон төсвийн зардал өсч, дотоод эрэлт нэмэгдсэнээр 2019-2020 онд инфляци өсөхөөр байна гэж "Инфляцийн тайлан"-гийн 2018 оны арванхоёрдугаар  сарын дугаарт дурдсан байна. Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран гаргасан уг тайланд “Цаг агаар олон жилийн дундаж төлөвт хадгалагдана гэж үзвэл нийлүүлэлтийн хүчин зүйл эрчимжихээргүй, хүнсний инфляци буурах төсөөлөлтэй байна. Харин 2020 онд дэлхийн зах зээл дээрх хүнсний үнэ нэмэгдэх, цалин өсөх нөлөөгөөр хүнсний инфляци эргээд өсөхөөр байна. Нийлүүлэлт талаас нийт инфляцийн 5.0 нэгж хувийг бүрдүүлээд буй нэг удаагийн шинжтэй зарим хүчин зүйлс (шатахуун, хатуу түлш)-ийн нөлөө 2018 оны эцэст хадгалагдаж, 2019 оны эхнээс саарах төлөвтэй байна. Улсын секторын цалингийн өсөлт, засгийн газрын хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг эрэлтийн шинж чанартай хүчин зүйлсийн нөлөөгөөр 2019 онд хүнсний бус инфляци нэмэгдэхээр байгаа бол 2020 онд эрэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө саарч, хүнсний бус инфляци алгуур буурахаар байна” гэсэн байна.

 

Цалингийн өсөлт болон төсвийн зардалтай холбоотойгоор инфляци өсөх хүлээлттэй байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд байр сууриа илэрхийлэхдээ “Цалингийн өсөлттэй холбоотойгоор эрэлтийн шалтгаантай инфляци өсөхөөр хүлээгдэж байгаа. Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн өсөлтийг бид харьцангуй бага байхаар төсөөлж байсан боловч нэлээд өслөө. Тухайлбал,  арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын инфляци 9.7 хувьтай гарсан. Үүний дийлэнх хувийг гуравхан нэр төрлийн бараа тайлбарлаж байгаа. Хамгийн их буюу 2.4 нэгж хувийг нь хатуу түлшний үнийн өсөлт тайлбарлаж байна. Мөн махны үнэ нэлээд өссөнөөр, нийт өсөлтийн 1.7 нэгж хувийг тайлбарлаж байна. Түүнчлэн шатахууны үнэ нийт өсөлтийн 1.3 нэгж хувийг тайлбарлаж байгаа юм. Ингээд тооцвол гуравхан нэр төрлийн бараа Улаанбаатар хотын нийт 9.7 хувийн инфляцийн 5.4 нэгж хувийг бүрдүүллээ. Тэгэхээр мөнгөний бодлогоор нийлүүлэлтийн шалтгаантай инфляцид хариу үйлдэл үзүүлэх үү, үгүй юу гэдгийг ирэх гуравдугаар сард болох Мөнгөний бодлогын хорооны хурлаар шийдвэрлэнэ. Үүний тулд эхлээд инфляцийн төсөөллөө шинэчлэх ёстой. Эрэлтийн шалтгаантай инфляцийн төсөөллийг гаргахын тулд бидэнд нийт эрэлтийг хэмждэг ДНБ-ий өсөлтийн гүйцэтгэл 2018 оны эцсийн байдлаар гарсан байх шаардлагатай. Дараа нь эрэлтийн шалтгаантай инфляцийг хэмжих боломжтой болно. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн тухайд ялангуяа шатахуун, махны үнэ бидний хүлээлтээс давж өсөөд байгаа. Тухайлбал, махны үнэ сар орчмын өмнөхтэй харьцуулахад бидний төсөөлж байснаас 13 нэгж хувиар давж өсөөд байна. Хатуу түлшний үнэ өнгөрсөн онд хамгийн өндөр буюу 65 хувиар өссөн байгаа. Энэ бол өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт” гэж байна.

Мөн тэрбээр “Бид маш богино буюу ирэх хоёроос гурван улирлын инфляцийн төсөөллийг гаргахад жишээ нь махны экспортын бодлогод ямар өөрчлөлт гарах вэ. Махны нөөц бүрдүүлэх бодлогод ямар өөрчлөлт орох вэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Төв банк мөнгөний бодлогын шийдвэрийг гаргахдаа улирал тутам мэдээллээ шинэчилж, төсөөллөө өөрчилж байдаг. Төсөөллийг шинэчлэх явцад суурь хүчин зүйлүүдээс гадна бодлогын зохицуулалтуудын нөлөө ороод ирэхээр их хүндрэл учруулдаг. Тэгэхээр манай Засгийн газар, бодлогын яамнаас ийм түвшинд нөөцөө бүрдүүлж чадвал, эсвэл экспортын квотыг ийм түвшинд барьж чадвал инфляци ингэж өөрчлөгдөнө гэдэг байдлаар л төсөөллийг хийж байгаа юм. Тэгэхээр инфляцийн төсөөллийн тодорхой бус байдал ирэх хоёр, гурван улиралд ихээхэн нэмэгдэх магадлалтай байна” гэлээ.

 

  • АЛБАНЫ ХҮНИЙ БАЙР СУУРИЙГ ХҮРГЭХЭД ИЙМ БАЙНА. ТЭГВЭЛ ИНФЛЯЦИЙН ТӨСӨӨЛӨЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ТОДОРХОЙ БУС БАЙДЛУУД ЮУ БАЙНА ВЭ ГЭДГИЙГ ТОДОТГОН ХҮРГЭЕ.

 

-Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол эсвэл илүүдэл нь төсөөллийг өөрчлөх эрсдэлтэй. Тухайлбал, цаг агаарын нөхцөл, зуншлагын байдлаас шалтгаалан мах, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, үнэ өсөх, урьдчилан зарлаагүй төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ (шатахууны үнэ) төсөөллөөс давж нэмэгдэх зэрэг нь инфляцийн төсөөллийг өөрчлөх эрсдэлийг бий болгоно.

 

-Цалин өсч, Засгийн газрын хэрэглээгээр дамжин эрэлтийн чанартай хүчин зүйлсийн  нөлөөгөөр инфляци төсөөллөөс давж нэмэгдэж болзошгүй.

 

-Газрын тосны үнэ сүүлийн 2 сар гаруйн хугацаанд буурч байгаа хэдий ч эргээд өсөх эрсдэл өндөр хэвээр байна. ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд үйлдвэрлэлээ танах хэлэлцээрт зөвшилцөлд хүрсэн боловч АНУ-аас Ираны газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ нь бүрэн шийдэгдээгүй хэвээр, Венесуэлийн үйлдвэрлэл үргэлжлэн буурах, ОПЕК-ийн орнуудын нөөц доогуур байгаа зэрэг эрсдэлээс шалтгаалан газрын тосны үнэ өсөх нь нийлүүлэлтийн шинж чанартайгаар инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top