Гурван үеийн төлөөлөл, гурван сод найрагч энэ өдөр төржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 10

Өнөөдөр билгийн тооллын Шинийн 6, аргын тооллын хоёрдугаар сарын 10-ны өдөртэй зуузай холбосон тийм жил тохиож ажгуу.

 

Энэ өдөр Монголын их уран зохиол, түүний нэгэн ай сав яруу найргийн ертөнцөд Ренчиний Чойном, Очирбатын Дашбалбар, Лхамсүрэнжавын Ганзул хэмээх эрхэм гурван найрагч өөр өөрсдийн орон зай, цаг үеийг бүрдүүлэн төржээ.

 

Р.Чойномын хувьд 1960-аад онд Монголын уран зохиолд орж ирэхдээ улс төр иргэний уянгын яруу найргаар түрж, тухайн нийгэмдээ чамгүй гадуурхагдаж байсан нэгэн. О.Дашбалбарын хувьд 1980-аад онд утга уянгын яруу найргаар их утга зохиолд хөл тавьж, улмаар цагийн салхи даган улс төр, иргэний уянгын яруу найраг руу хурцхан бичиж байсан найрагч юм. Харин Л.Ганзулын хувьд 2000 босгон дээгүүр утга уянгын богц дүүрэн шүлэгтэй орж ирсэн шинэ үеийн яруу найргийн нэгэн сод төлөөлөгч. Ингэхээр гурван үеийн нэртэй төлөөлөгч, гурван найрагч нэгэн өдрөөр орчлонд дуу асган төрсөн нь санаандгүй хэрэг биш биз ээ.

 

Өнгөрөгч зууны 1960-аад оны нэрт төлөөлөгч Р.Чойном, үүнээс хориод жилийн дараа наяад оны нэрт төлөөлөгч О.Дашбалбар, мөн үүнээс хориод жилийн дараа 2000-аад оны нэрт төлөөлөгч Л.Ганзул нар энэ сарын энэ өдөр төрж байсан нэгэн өвөрмөц түүх байгааг бид тэр бүрий анзаарч харсан билүү. Эрхэм гурван найрагч маань Монголын их утга зохиол, яруу найргийн ертөнцөд хорь, хорин жилийн зайтай өөрсдийн орон зайгаа эзэлсэн нь ч цаанаа учиртай биз ээ. Ямартай ч дуудах нэртэй, дуурсан үлдээсэн бүтээлтэй найрагчид мөнөөс мөн гэдэгтэй хэн маргах билээ.

 

Нэрт найрагч Р.Чойномын хувьд яруу найргийн хамгийн том төрөл зүйл болох “Хүн” романаа хөлөглөн их утга зохиолд орж ирсэн орон зай томтойгоос гадна тухайн цагийн нийгэмд гадуурхагдаж, бичсэн шүлгээсээ болж ял авсан цор ганцхан найрагч. Ерөөсөө амьдралын адармаатай түүхийг бүтээж өгөөд одсон хүн. О.Дашбалбарын хувьд “Оддын аялгуу” утга уянгын шүлгийн түүвэр, “Гэгээн наранд ойрхон өслөө” тэргүүтэн уянгын дуутай орж ирсэн билэг танхай нэгэн. Түүний хувьд шүлэг найргаасаа хальж, их улс төрд хөл тавин байгалиаас өгсөн хурц араншин, авьяас билгээ харамгүй асгаж явахдаа зуурдаар нас нөгчсөн бас л өвөрмөц түүхтэй найрагч. Шинэ үеийн нэрт төлөөлөгч Л.Ганзулын хувьд 2000 оны босгон дээр “Нэгэн цагийн галбир” утга уянгын шүлгийн түүвэр, “Жиндээх салхигүй хорвоо” тэргүүтэн дуутай хослон орж ирсэн цалгиатай найрагч. Түүний хувьд оюутан ахуй цагтаа болон бусад үеийн хорь гаруй яруу найргийн наадмын түрүүг хүртсэн ховорхон намтартай найрагч. Эндээс харвал тэдэнд өөр өөрсдийн хэнд ч давтахгүй өвөрмөц түүх байгааг анзаарч болно. 

 

Ийм л гурван сод хөвүүнийг Монголын их утга зохиол үүд дэлгэн угтаж байсан түүхтэй. Даанч өнөөдөр аль аль нь бурхны орноо дэвшин оджээ. Тэгэхээр энд би олныг үл нуршин гурван үеийн нэрт төлөөлөгч болсон эрхэм найрагчдын товч намтрыг хүргэх нь зөв гэж бодлоо.  

 

Ренчиний Чойном /1936-1979/

 

Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдий ч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно. Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ. Тэрбээр “Хүн”, “залуу” нас тэргүүтэн олон бүтээл хэвлүүлсэн бөгөөд өдгөө түүний 40 ботийг “Өд” сангаас эрхлэн хэвлээд байгаа юм.

 

Очирбатын Дашбалбар /1957-1999/

 

О.Дашбалбар Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв. О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм.

О.Дашбалбар “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн. Тэрбээр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. О.Дашбалбар 1999 онд зуурдаар нас барсан юм.

 

Лхамсүрэнжавын Ганзул /1979-2018/

 

Л.Ганзул нь 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Баян-Агт сумын 8 жилийн дунд  сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг “Сэтгүүлч, Утга зохиолын ажилтан” мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакци, “Зиндаа.мн” сайт, “Зиндаа”  сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан.

Авьяаслаг найрагч Л.Ганзул нь “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном хэвлүүлж, Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байв. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол, тэмдэг, шагнал хүртээжээ. Тэрээр "Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байсан иртэй уртай найрагчдын нэг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мягаа(66.181.161.13) 2019 оны 02 сарын 11

Ганзулыгаа бурхан болсон гэж дуулагүй шдэ. Ум мани бад мэ хум

0  |  0
Ч.Байгалмаа(64.119.19.169) 2019 оны 02 сарын 10

Тэнгэрт харвасан одууд байжээ...Ум сайн амгалан байх болтугай

0  |  0
Top