Татвар төлөгч хэн бүхэн ХҮЛЭЭЛТТЭЙ байна

2019 оны 02 сарын 20

“Монголын бизнесийн орчны судалгаа”-нд  оролцсон татвар төлөгч компаниудын 57,5 хувь нь татварын орчин тааламжгүй байна гэсэн хариултыг өгсөн бол 28 хувь нь Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний нэг нь татварын  дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх гэж хариулсан байдаг. Тэгвэл Татварын багц хуулийн төсөл, хуульчлагдан батлагдахдаа  татвар төлөгчдийн хүлээлтийг хангах уу гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Дэлхийн улс орнуудад татвар ногдуулж, хураах “Татвараа өөрөө тодорхойлон төлөх”, “Татварын алба тодорхойлж төлүүлэх” гэсэн 2 систем мөрдөгддөг.

 

Манай улсын тухайд 1992 онд Татварын хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш Татвараа өөрөө тодорхойлж төлөх тогтолцоог хэрэгжүүлж өнөөдрийг хүрч байна. Татвараа өөрөө тодорхойлон төлөх аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэг талаас иргэдийн татварын талаарх мэдлэг боловсрол өндөр байх, сайн дураар татварын хууль тогтоомжийг сахих, татварын тайлангаа үнэн зөв гаргаж байх явдал чухал боловч нөгөө талаас татвар төлөгчдийн татвар төлөх хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлогыг төр хэрэгжүүлдэг байх шаардлагатай гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байсан.

 

Татварын багц хууль хэрэгжээд 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Багц хуулийн энэ удаагийн шинэчлэлээр Татварын ерөнхий хуульд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт орох юм.  Тэрчлэн  өнгөрсөн жилүүдэд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийн эхэнд зүй ёсоор бичигдэж байна.

 

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАСАН ӨӨРЧЛӨЛТҮҮДТЭЙ ТАНИЛЦ!

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД

 

  • Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй

 

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.

 

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД

 

  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно
  • X тайлантай аж ахуйн нэгжүүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасч, тооцно.

 

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД

 

  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө
  • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа тайлан гаргаж болно
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ
  • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно
  • Бусад үндсэн хөрөнгийн НӨАТ-ыг 5 жилд хасна
  • Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана
  • Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

 

Дээр дурдсан өөрчлөлтүүд Татварын багц хуулийн төсөлд багтаад буй бөгөөд чуулганаар хэлэлцэгдэх юм. Сангийн яамнаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас сарын хугацаанд улс орон даяар 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг зохион байгуулахад, 4790 хүн оролцсон гэж буй.

 

Уг хуулийн төслийг хэлэлцэхэд бэлтгэх үүрэг хүлээсэн Ажлын хэсгийн ахлагч,  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэхдээ “ Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүдээс ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэж тасралтгүй ажилласаар байна. Татварын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 61, ААН-ийн орлогын албан татварын хуулийн төслийн талаар 10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслөөр нийт зургаа, хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаар 27, УИХ-ын бусад шийдвэртэй холбоотой асуудлаар холбогдуулан нийт 11 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгээд байна. УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар энэхүү багц хуулийн төслийг хэлэлцүүлж, ирэх дөрөвдүгээр сар гэхэд батлуулах зорилттой байна” гэсэн юм.

 

Хуулийн төсөлтэй холбоотой албаны хүмүүсийн байр суурийг  хүргэе.

 

ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал: НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгох систем нэвтрүүлнэ

 

Хуулийн төслийн хүрээнд Татварын удирдлагын нэгдсэн систем  (ТУНС) нэвтрүүлж, хувь хүнд 11 оронтой дахин давтагдашгүй, татвар төлөгчийн дугаар олгоно. Ингэснээр ХХОАТ-ын цэнхэр дэвтэрийг халж,  цахим системд шилжүүлэхээс гадна гадаадын иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэх боломжтой болно. Мөн татварын алба шинээр бүртгүүлсэн татвар төлөгчдөд сар бүр сургалт, зөвлөгөөг өгнө. Түүнчлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгох системийг нэвтрүүлнэ.

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Татварын бодлогоо эдийн засгийн өсөлттэй уялдуудах шаардлагатай

 

”Орлого олж байгаа бол татвар төлнө. Татвар төлсөн нь зах зээлээ эзэл гэдэг зарчим үйлчлэх ёстой. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл онолын суурь зарчмуудыг сайн тусгасан учраас УИХ-аар хэлэлцүүлэх явцад гишүүдээс үндсэн концепцийг эвдэхгүй байхыг хүсмээр байна. Манай улсын эдийн засаг ойрын арван жилдээ тасралтгүй өсөх хандлагатай байгаа учраас макро түвшинд харж, татварын бодлогоо уялдуулах шаардлагатай.

 

НӨАТ-ын буцаан олголтын тухайд одоогийн хуулийн хүрээнд эцсийн хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд байгаа. Цаашид төр эцсийн хэрэглэгч болох хэрэгтэй. Ингэвэл төрийн худалдан авалт, тендер бүгд цэгцэрнэ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаадад төлсөн татварыг давхар татварын гэрээтэй улс орныг харгалзахгүйгээр тооцдог болох зохицуулалтыг тусгасан нь сайшаалтай байна. Ажлын хэсгийнхнээс хүсэхэд бид Татварын багц хуулийг дагалдан гарах 45 журмын төсөлтэй танилцмаар байна.

 

НӨАТ-ын тухай, Аудит тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хууль Татварын хуультай уялдах байсан ч энэ хуулийн төсөл батлагдалгүй удлаа. Манай улсын эдийн засаг 2021 онд одоогийнхоос хоёр дахин сайжирна гэсэн тооцоолол бий. Тиймээс энэ хуулийн төсөл эдийн засаг сайжрахад татварын орчноо хадгалж чадах уу гэдэг асуудал чухлаар тавигдана. Тухайлбал, НӨАТ-ын урамшуулал сугалааны хүрээнд улсын төсөв 2.2 их наядаар давлаа. Үүнтэй адил жижиг аж ахуй нэгжүүд татварын хялбаршуулсан тайлан өгдөг болох нь чухал. Мөн Хувь, хүний орлогын албан татварын тухай хуулиар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг НӨАТ-ын буцаан олголт шиг хялбар, хурдан өгдөг болгох ёстой. ТУНС үүнд чиглэж байгаа бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлж чадвал Монгол Улс Төв Азид хамгийн хялбаршуулсан, энгийн, шударга татварын системтэй орон болно” гэж байна.

 

УИХ-ын гишүүн О.Батнасан: НӨАТ-ын асуудлыг шийдэхгүйгээр, татварын шинэчлэлийг ярих нь учир дутагдалтай

 

УИХ-д өргөн мэдүүлээд есөн сарын хугацаа өнгөрч, анхны хэлэлцүүлгийг хийж чадаагүй гацаад байсан хуулийн төсөл хөдөлж байна. Миний хувьд олон улсад жишиг болсон хялбаршуулсан татварын тогтолцоог нэвтрүүлэх талаарх саналаа ажлын хэсгийнхэнд өгсөн. Хүн бүр, аж ахуйн нэгж бүр адил тэгш үүрэгтэйгээр татвараа төлдөг болох шинэчлэлийг л хийх хэрэгтэй. НӨАТ-ын асуудлыг шийдэхгүйгээр татварын шинэчлэлийг ярих нь учир дутагдалтай. Өнөөгийн эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 1,5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд гэж заасан нь чамлалттай тоо харагдаж байна.

 

МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Хадгаламжийн хүүгээс орлогын татвар авдагийг  болиулах хэрэгтэй

 

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Бидэнд иргэдээс 1000 гаруй санал ирснээс хамгийн их давтамжтай байсан хэд хэдэн саналыг хэлмээр байна. Тухайлбал, ажилтнуудад олгодог хоол, унааны мөнгө болон банкин дахь хадгаламжийн хүүгээс орлогын татвар авдаг байдлыг болиулах хэрэгтэй. Мөн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж орон сууцны дэмжлэг үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний татварын дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаагаас шалтгаалан хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгсөн бол төлбөрийн тодорхой хувийг буцаан олгодог болох, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэх зэрэг саналуудыг ирүүлсэн. Эдгээр саналуудыг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах боломж байна уу?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Макро эдийн засаг, нийгмийн хөгжил өсөлтийг дагаад татварын орчин өөрчлөгдөх ёстой

 

Гаргасан саналуудыг ажлын хэсэг дээр ярилцаж, шийдвэрлэх байх. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох боломжгүй. Олон улсад НӨАТ-ын болон худалдааны татвартай улс байдаг. Манайх НӨАТ-тай 170 гаруй орны нэг. Эдгээр орнуудаас цөөн тооны улс л НӨАТ-ын буцаан олголт өгдөг. Сангийн яамнаас татварын шинэчлэлийг 5 үндсэн зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж, хуулийн төслийг боловсруулсан. Татварын шинэчлэлийн нэг гол зорилт нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах учраас 2019 оныг Сангийн яамнаас гааль, татварын шинэчлэлд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдэд дарамт шахалт үзүүлдэг биш тайлбарладаг, ойлгуулдаг, харилцан ойлголцож асуудлаа шийддэг байгууллага болгохын тулд ажиллаж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6,9 хувь хүрч, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелэсэн. Макро эдийн засаг, нийгмийн хөгжил өсөлтийг дагаад татварын орчин өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Тиймээс эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, иргэдэд татварын таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна.

 

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Иргэн, аж ахуйн нэгж шударгаар татвараа төлдөг бол төрөөс олон боломж олгохоор заасан

 

Татварын багц хуулийн төсөлд тусгасан зүйл, заалтууд өнөөгийн эдийн засгийн орчинд нийцэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж шударгаар татвараа төлдөг бол төрөөс олон боломж олгохоор заасан нь хэрэгжих боломжтой, сайн хуулийн төсөл болсныг харуулж байгаа юм.

 

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд аж аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжихээр төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд хэлснийг энд дахин тодотгоё. Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагаас 95,9 хувь нь бичил, жижиг аж ахуйн нэгж байгаа аж. Тэгвэл Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болно гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдсэн. Тэгэхээр дөрөвдүгээр сар гэхэд хуульчлагдах магадлалтай Татварын багц хууль татвар төлөгч иргэн, аж ахуй нэгж бүрт ДЭМЖЛЭГ үзүүлнэ гэсэн хүлээлт нийгэмд байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Teneg nyamaa(202.126.89.177) 2019 оны 02 сарын 21

Hadgalamjiin huugiin tatvaraa boli... esvel buuruul....

0  |  0
Нямаа(202.179.24.162) 2019 оны 02 сарын 20

Хадгаламжийн хүүгээс татвар авахгүй гэж юу яриад байнаа. Харин татварыг нь өсгөх хэрэгтэй шүү

0  |  0
Зочин(103.229.121.9) 2019 оны 02 сарын 20

Олсон орлогоосоо сайн дураар татвараа төлж буй иргэний хувьд уг орлогод ногдуулах татвар 10 хувь байсныг 1 хувь болгоно гэсэн үг үү.

0  |  0
Top