Монгол уран хатгамлын үзэсгэлэнгээр ХААН, ХАТАН бүтээлийг тодруулна
Богд хааны ордон музей, "Мандчирын наран" ТББ хамтран гурав дахь жилдээ /2017 оноос/ “Гайхамшиг өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнг өнөөдөр /2019.02.21/ Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ. Уран хатгамал, зээгт наамал, зоосон ширээний сүлжмэл урлалын түүх, нүүдэлчдийн өв соёлын гайхамшгийг тод томруунаар харуулахыг зорьсон энэхүү үзэсгэлэнг ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл толилуулах юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн хаалтын өдөр монгол уран хатгамлын ХААН, ХАТАН бүтээлийн эздийг тодруулна.
Энэ удаагийн үзэсгэлэнд “Богд хааны ордон музей” өөрийн сан хөмрөгөөс хас тэмдэг бүхий хөдрөг, Манжийн үед хан ван зэрэгтэй хүмүүс эдэлж хэрэглэж байсан, задгай хатгамал бүхий луун хээтэй фүс тэмдэг, эдүгээ цагт “гар утасны гэр” хэмээн андуурахуйц уран хатгамал бүхий мөнгөний хэтэвч, алтан утас даруулан оёж, задгай хатгамлаар урласан хөшиг гэх мэт өмнө нь олонд дэлгэж байгаагүй, хосгүй нандин хийцтэй бүтээлүүдийг дэлгэхийн зэрэгцээ задгай хатгамлаар урласан Бурхан багштай суварга, зээгт наамлаар бүтээсэн Богд Зонхова зэргээр олны мэлмийг баясгаж, сэтгэлийг хөгжөөж байна.
Харин “Мандчирын наран” ТББ-аас уран хатгамал, үйл урлах монгол ухааныг олон талаас нь судалж, багш шавийн барилдлагыг дэлгэрүүлэн, эрт цагаас эдүгээг хүртэл монголчуудын бүтээсэн гайхамшиг өв соёлыг дэлхийд сурталчлан таниулах зорилгынхоо хүрээнд 20 гаруй үйлчнийнхээ ур ухаанаар бүтсэн 100 орчим бүтээлийг танилцуулж байлаа.
Ц.Эрдэнэбаатар: Монголын тусгаар тогтнолыг хамгаалагчдын нэг нь үйлчид юм
“Богд хааны ордон музей”-н захирал Ц.Эрдэнэбаатарын сэтгэгдлийг хуваалцъя.
-Юун түрүүнд энэхүү үзэсгэлэнг үзэж, сонирхож байгаа та бүхэнд баярласан, талархсанаа илэрхийлье. Дэлхий дээр долоон тэрбум гаруй хүн байна. Үүнээс гурван сая гаруй нь монгол гэдэг хүмүүс байгаа. Дэлхийг ойн чөлөө гэж ойлговол Орос гэдэг баавгай, Хятад гэдэг луу, Америк гэж ямар ч "амьтан" байдаг юм... Энэ "амьтдын" дунд өөрөө өөрийнхөөрөө оршин тогтнож байгаа Монгол гэдэг чонын дөрвөн соёоны эхний соёо нь эх хэл, хоёр дахь нь соёл, гурав дахь нь цус, дөрөв дэх нь сэтгэлгээ гэж би хувьдаа боддог. Энэ дөрвөн соёоны шалтгаар бид нар баавгайд бариулчихгүй, луунд ниргүүлчихгүй яваа гэж боддог хүний нэг нь би байгаа юм. Энэ дөрвөн соёоны нэг эмтэрвээс Монгол хэмээх чоно газраа булаалгаж, соёлоо булаалгах, нэрээ булаалгах цөвтэй. Энэ цөвийг бүтэн болгож, соёл гэдэг соёог нь илүү хурцалж байгаа нэгэн урлагийн төрөл зүйл бол уран хатгамал юм. Энэ соёог хурцалж байдаг уран хатгамалч, үйлчдэдээ “Та бүхэн маань Монгол Улсын тусгаар тогнолыг сахин хамгаалагчдын нэг юм шүү” гэдгийг энэ дашрамд тэмдэглэж хэлье.
Г.Лхагвасүрэн: "Эх Дагины аймаг”-ийн уран үйлчдийн бүтээл хадгалагдаж байна
“Богд хааны ордон музей”-н боловсролын ажилтан Г.Лхагвасүрэнгийн ярианд анхаарал хандуулна уу!
-Богд хааны ордон 16-р зууны хоёрдугаар хагасаас 20-р зууны эхэн үе хүртэлх Монголын 300 гаруй жилийн шашин, соёл, урлагийн өвийг хадгалж байдаг. Тэдгээрээс өнөөдрийн үзэсгэлэнд 40 орчим бүтээлийг олонд сонирхуулж байна. Манай хүрээнд хаан, хатны дэргэд 24 уран хатгамалч байсан гэдэг. Хамгийн сүүлд Эх дагина Дондогдуламын байгуулсан “Эх Дагины аймаг” гэхэд 120 үйлчинтэй байжээ. Тухайлбал бойвчин, титэмчин, малгайчин, зөвхөн дээлийг урладаг гэх мэтээр үйлчин бүр тус тусын үүрэгтэй байж. Тэдгээр уран үйлчдийн урласан бүтээлүүд манай музейд хадгалагдаж байгаа. Дээрээс нь нэмээд хэлэхэд хамгийн сайн, шилдэг урчууд нийлж, хаан, хатан хоёр дээл хувцас, түүнд хэрэглэгдэх эд өлгийн зүйлсийг урладаг байсан.
Б.Бурмаа: Өвлөн тээгчдийн үр удам тасраагүй гэдгийг үзэсгэлэнгээс харна
“Мандчирын наран” ТББ-ын тэргүүн Б.Бурмаа ингэж ярив.
-Үнэнийг хэлэхэд уран хатгамал бол тийм амар ажил биш. Уран хатгамалчид авьяас, ур чадвар байгаа ч нөхцөл боломж бүрдэхгүй байгаагаас бүтээл туурвиж чадахгүй байна. Шалтгаан нь өнөө л мөнгө санхүү. Бүтээл туурвихын оронд захиалгаар юм оёж, өдөр тутмын хэрэгцээгээ хангахыг илүүд үзэж байгаа нь нууц биш. Тиймээс бид хаа, хаанаа нэгдэх хэрэгтэй байна. Богд хааны үеийнх шиг уран үйлчид нийлж, нэгдэн урлагийн бүтээл туурвиж, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь бидний үүрэг. Уран хатгамал, зээгт наамал, үйл урлах монгол ухааныг амьдралынхаа нэг хэсэг болгосон, сэтгэл зүрхээрээ холбогдсон уран бүтээлчид, өвлөн тээгчдийн үр удам тасраагүй гэдгийг та бүхэн манай үзэсгэлэнгээс харж болно.
Уран хатгамалч: Ш.Даваасүрэн: Очирваань бурханыг бүтээхэд оролцсондоо бахархдаг
Уран хатгамалч: Ш.Даваасүрэн ийн сэтгэгдлээ хуваалцав.
-Би энэ сайхан үзэсгэлэнд анх удаа оролцож байна. Үзэсгэлэнгийн талаар “Мандчирын наран” ТББ-аас анх мэдээлэл авсан. Зээгт наамлаар, Занабазарын дэгээр урласан Соёмбо, Найман тахил гэсэн хоёр бүтээлээр оролцож байна. Үзэсгэлэнгийн ач холбогдлыг авч үзвэл олон зүйлийг дурдаж болох өргөн цар хүрээтэй асуудал. Нэн түрүүнд хойч үедээ монгол үйлчдийнхээ нарийн ур ухааныг шингээсэн гайхамшигтай бүтээлийг таниулах, урлах эрдмийг өвлүүлэн үлдээж байгаа нь чухал санагдлаа. 2008 онд соёлын гавьяат зүтгэлтэн н.Цэрмаа гэдэг багшид шавь ороод тухайн ондоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Очирваань” бурхан бүтээх багт орж ажилласан. Тэрхүү буянтай ажилд оролцсондоо баярлаж, бахархаж явдаг. Үүнээс хойш 11 дэх жилдээ зээгт наамлын чиглэлээр урлаж байна.
“Гайхамшиг өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд ДЭЛГЭГДСЭН БҮТЭЭЛЭЭС
Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Сэтгэгдэл ( 0 )