Төсвийн ерөнхийлөн захирагчдын 9 нь орлогоо ДУТУУ БҮРДҮҮЛЖЭЭ

2019 оны 02 сарын 27

Улсын төсвийн тооцоолол 2019 оноос анх удаа 10 их наядыг давчихаад байгаа. Энэ жил төсвийн нийт орлогыг 9 их наяд 676 тэрбум 500 сая төгрөг байхаар тооцсон бол зарлага нь 11 их наяд 589 тэрбум 100 сая төгрөг байхаар төлөвлөгдсөн. Тэгвэл нэгдсэн төсвийн 2019 оны НЭГДҮГЭЭР  сарын гүйцэтгэлийн мэдээллээс хүргэе.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн оны эхний нэгдүгээр  сарын гүйцэтгэлээр 690.6 тэрбум төгрөг байна. Харин  зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 558.2 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 132.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.  Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өмнөх оны мөн үеэс 18.2 тэрбум төгрөгөөр өсч, тайлант хугацааны алдагдал төлөвлөсөн дүнгээс 272.8 тэрбум төгрөгөөр буурч сайжирчээ.

Нэгдүгээр сард улсын төсвийн орлого 15.6 тэрбум, нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого 15.3 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс давж биелсэн бол орон нутгийн төсвийн орлого 24.3 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцвэржүүлсэн орлого 8.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс дутуу биелжээ. Төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 30.2 хувь буюу 160.2 тэрбум төгрөгөөр, төсвийн нийт зарлага нь 34.1 хувь буюу 142.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн бөгөөд төсвийн орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 3.9 пунктээр бага гарсан байна.

Гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 5.5 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 2.4 тэрбум төгрөг төлж, 40.7 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл шинээр авч, мөн 27.2 тэрбум төгрөгийн өмч хувьчлалын орлого төвлөрчээ. Шинээр Засгийн газрын урт болон богино хугацаат дотоод, гадаад бонд гаргаагүй байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн  тэнцвэржүүлсэн орлого 45.5 хувь буюу 165.5 тэрбум, нийгмийн даатгалын сангийн орлого 26.2 хувь буюу 35.9 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 20.8 хувь буюу 4.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, харин орон нутгийн төсвийн орлого 15.9 хувь буюу 32.2 тэрбум төгрөгөөр буурчээ.

Төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 90.7 хувийг татварын орлого, 9.3 хувийг татварын бус орлого эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 33.7 хувь буюу 157.7 тэрбум, татварын бус орлого 4.1 хувь буюу 2.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Татварын орлого 626.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 3.8 хувь буюу 23.1 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Татварын орлогын 19 хувийг орлогын албан татвар, 20.1 хувийг нийгмийн даатгалын орлого, 0.2 хувийг хөрөнгийн албан татвар, 19.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 14.3 хувийг онцгой албан татвар, 0.3 хувийг тусгай зориулалтын орлого, 9.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 17.6 хувийг бусад татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна.

Нэгдүгээр сард орлогын албан татвар болон хөрөнгийн албан татвараас бусад бүх төрлийн татварын орлогууд давж биелжээ.

Нэгдүгээр сард орлогын албан татвар болон хөрөнгийн албан татвараас бусад бүх төрлийн татварын орлогууд давж биелжээ.

Тодруулбал:

  • -Нийгмийн даатгалын орлого 8.7 хувь 
  • -Нэмэгдсэн өртгийн албан татвар 20.5 хувь
  • -Онцгой албан татвар 2.2 хувь буюу 
  • -Тусгай зориулалтын орлого 10.1 хувь 
  • -Гадаад үйл ажиллагааны орлого 1.2 хувь
  • -Бусад татвар, төлбөр хураамж 6 хувиар тус тус давж биелсэн байна.
  •  Харин нэгдсэн төсвийн орлогын албан татвар 11.8 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 4.9 тэрбум төгрөгөөр  тус тус төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй гарчээ.

Давж биелсэн нийт татварын орлогын өсөлтийн 89.5 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 43.6 хувийг нийгмийн даатгалын орлого, 27 хувийг бусад татвар, төлбөр хураамжийн орлого, 8.4 хувийг онцгой албан татвар, 3 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 0.6 хувийг тусгай зориулалтын орлого эзэлсэн бол, орлогын албан татвар 51.0 хувь, хөрөнгийн албан татвар 21.2 хувийн бууралттайгаар өсөлтөд нөлөөлжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  нэгдүгээр сарын гүйцэтгэлээр татварын орлого 157.7 тэрбум төгрөг буюу 33.7 хувиар өсөхөд хөрөнгийн албан татвар 3.2 тэрбум төгрөгөөр буурсан ч орлогын албан татвар 0.7 тэрбум, нийгмийн даатгалын орлого 24.5 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 42.6 тэрбум, онцгой албан татвар 26.9 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 17.5 тэрбум, бусад татвар, төлбөр, хураамж 47.6 тэрбум, тусгай зориулалтын орлого 1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

 Татварын орлогын өсөлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувийг орлогын албан татвар, 15.6 хувийг нийгмийн даатгалын орлого, 27.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.1 хувийг онцгой албан татвар, 0.6 хувийг тусгай зориулалтын орлого, 11.1 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 30.2 хувийг бусад татвар, төлбөр, хураамж эзэлж байна.

 Татварын бус орлого 64.3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувь буюу 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төлөвлөснөөс 17.3 тэрбум төгрөг буюу 21.2 хувиар дутуу төвлөрсөн байна. Татварын бус орлого дутуу төвлөрөхөд газрын тосны орлого болон тусламжийн орлого тус тус 7.6 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн нь голлон нөлөөлжээ.

 Харин төсөвт байгууллагын өөрийн орлого 2.8 тэрбум, хувьцааны ногдол ашиг 0.4 тэрбум, хүүгийн орлого 1 тэрбум, торгуулийн орлого 0.1 тэрбум, навигацийн орлого 0.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс илүү төвлөрчээ.

Татварын бус орлогын 97.8 хувийг нийтлэг татварын бус орлого, 2.2 хувийг тусламжийн орлого, 0.1 хувийг хөрөнгийн орлого эзэлж байна. Нийтлэг татварын бус орлогын 36.7 хувийг төсөвт байгууллагын өөрийн орлого, 25.7 хувийг газрын тосны орлого, 21.0 хувийг навигацийн орлого, 3.6 хувийг бусад орлого, 0.6 хувийг хувьцааны ногдол ашиг, 4.2 хувийг торгуулийн орлого, 6 хувийг хүүгийн орлого тус тус эзэлж байна.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн дагуу нийт 18 төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсний 9 нь төлөвлөсөн орлогыг давуулан биелүүлсэн бол үлдсэн 9 нь 9.5-100.0 хувь дутуу төвлөрүүлсэн гүйцэтгэлтэй байна. Татварын ерөнхий газар 3 хувь, Гаалийн ерөнхий газар 1.8 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна.

Төсвийн зарлага ба цэвэр 142.1 тэрбум төгрөгөөр ӨСЧЭЭ

Нэгдүгээр сард төсвийн нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлд 825.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 67.6 хувийг ашиглаж 267 тэрбум төгрөг дутуу зарцуулжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэгдсэн төсвийн нийт зарлага 142.1 тэрбум төгрөг буюу 34.1 хувиар өсч 558.2 тэрбум төгрөг зарцуулагдсан байна.

Улсын төсвийн зарлага 190.5 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 67.3 тэрбум, нийгмийн даатгалын сангийн зарлага 3.2 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 13.3 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагджээ. Өмнөх оны мөн үеэс улсын төсвийн нийт зарлага 95.8 тэрбум, орон нутгийн төсвийн зардал 29.8 тэрбум, нийгмийн даатгалын сангийн зардал 22.6 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн зардал 7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж зарцуулагдсан үзүүлэлттэй байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл өнгөрсөн оны мөн үеэс 34.1 хувь буюу 142.1 тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 112.3 тэрбум, хөрөнгийн зардал 23.9 тэрбум, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 5.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараа, ажил үйлчилгээний зардал 23.8 хувь буюу 43.2 тэрбум, урсгал шилжүүлэг 56 хувь буюу 102.8 тэрбум, татаас 8.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол зээлийн үйлчилгээний төлбөр 94.3 хувь буюу 41.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Зээлийн үйлчилгээний төлбөр нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.8 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар, тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 44.3 тэрбум төгрөгөөр буюу 94.6 хувиар тус тус бага байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 2019 онд 1,553.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 2019 оны  нэгдүгээр сарын гүйцэтгэлээр 31.3 тэрбум төгрөг зарцуулж, 50.2 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн төсвийн шинжилгээний албанаас төсвийн нэгдүгээр сарын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, дараах дүгнэлтийг гаргасан байна.

Төсвийн ОРЛОГО

-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого   нэгдүгээр  сарын гүйцэтгэлээр орлогын төлөвлөгөө 5.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Өмнөх оны мөн үеэс 160.2 тэрбум төгрөгийн өсөлттэй гарчээ.

-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 2019 оны нэгдүгээр сард 100.8 хувийн биелэлттэй гарсан байна.

- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс өсөлттэй гарч, 30.2 хувиар нэмэгдсэн байна.

- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө биелэхэд татварын орлогын өсөлт нөлөөлсөн. Татварын орлого 2019 оны эхний нэгдүгээр сарын байдлаар 3.8 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөг давж биелжээ. Татварын орлогын хувьд орлогын албан татвар болон хөрөнгийн албан татвараас бусад бүх төрлийн татварууд биелэлттэй гарсан.

- Татварын бус орлогын төлөвлөгөө 78.8 хувийн биелэлттэй гарч, тус орлого дутуу төвлөрсөн нь тусламжийн орлого, газрын тосны орлого болон нийтлэг татварын бус бусад орлого тасарсантай холбоотой байна.

Төсвийн нийт ЗАРЛАГА 

-Нэгдсэн төсвийн нийт зарлага  267 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 67.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

- Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэл төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдүгээр сард 32.4 хувиар дутуу зарцуулагдсан байна.

- Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ эхний нэгдүгээр  сарын байдлаар50.2 хувийн гүйцэтгэлтэй гарч, 31.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ.

- Зээлийн үйлчилгээний төлбөр нь өнгөрсөн оны мөн үеэс 41.8 тэрбум төгрөгөөр буурч, төлөвлөснөөс 44.3 тэрбум төгрөгөөр бага зарцуулагдсан байна гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top