Momo Challenge-ийг шинжээчид юу гэж дүгнэв?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Үр хүүхэд нь олон нийтийн сүлжээнээс ямар мэдээлэл авч буй талаар эцэг, эхчүүд үргэлж санаа зовдог.

Саяхан гэхэд TikTok гэх алдартай хөгжмийн аппликэйшнд 13-аас доош настай хүүхдүүдийн мэдээлэл цуглуулсных нь төлөө олон сая ам.долларын торгууль ногдуулсан бол YouTube өсвөр үеийнхэнд зориулсан амиа хорлож буй дүрс бичлэгүүдийг устгах аян өрнүүлж байсан.

Сүүлийн үед эцэг, эхчүүдийн дунд түгшүүрийн дохио хангинуулсан Momo Challenge нь шинжээчдийн үзэж буйгаар санаа зовоох зүйл бус гэнэ. Амиа хорлох сэдэл төрүүлсэн тоглоом хэмээн тайлбарлаж буй энэхүү сhallenge нь АНУ, Австрали, Канад, Их Британи зэрэг улс орнуудад өнгөрсөн долоо хоногийн эхээр Google хайлтын системд хамгийн эрэлттэй байсан гэнэ. Гэсэн хэдий ч үүнийг бодит зүйл хэмээн нотлох ганц ч зүйл байгаагүй гэнэ.

Facebook, WhatsApp-аар танихгүй эккаунтаас ирүүлсэн зураг дээр урт үстэй, бүлтгэр нүдтэй айдас төрүүлэм царайтай хүүхэлдэй гарч ирж буй нь Японы Link Factory гэх тусгай эффектийн компанийн бүтээгдэхүүн бөгөөд “challenge” гэгдээд буй зүйлтэй ямар ч хамаагүй юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Momo дүрс бичлэг, мессеж авсан нь нотлогдсон хүүхдүүдийн тоо нь бага байна. Баримт шалгадаг Snopes сайтаас үзвэл, 2018 онд Энэтхэг улсад болсон хоёр хүүгийн амиа хорлосон хэрэг Momo Challenge-ийн талаарх мэдээтэй холбоотой байсан гэжээ. Тус сайтаас гаргасан илтгэлд WhatsApp программын мессежээр энэ тоглоомыг тоглох урилга авсан тухай зарим хүмүүс мэдэгдсэн талаар дурджээ.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр, АНУ-ын Сакраменто хотын оршин суугч нэгэн эмэгтэй Momo-гийн дүрс бүхий бичлэг үзсэний дараа 12 настай охин нь хийн зуухаа асаасан гэж мэдээлсэн байна. Их Британид таваас доош настай хэд хэдэн хүүхэд Momo-г үзсэний дараа заналхийлсэн, ширүүн авир гаргаж байсан тухай мөн эцэг эх нар нь гомдол мэдүүлсэн тохиолдол бүртгэгджээ.

Хэн ч, хэзээ ч, ямар ч бичлэг YouTube-д оруулах боломжтой тул хор уршигтай дүрс бичлэг байхгүй гэж хэлэх боломжгүй. Тэгвэл энэ нь онцгой анхаарал хандуулах асуудал мөн үү? Шинжээчид харин ингэж бодохгүй байна.

Momo гэх үзэгдэл хүүхдийн WhatsApp эккаунт, YouTube бичлэгүүдэд гэнэт гарч ирж, хүүхдүүдийг өөрсдийгөө болон бусдад хор, хөнөөл учруулж гэж ятгаж байна уу? Энэ бүхэн ямар нэг нотлогдоогүй айдаст хөтлөгдсөн хэтрүүлэг гэж харагдаж байна гэж  Snopes.com үндэслэгч Дэвид Миккелсоны CNN агентлагт ярьжээ.  

Гэхдээ нэгэнт хүмүүс Momo-д анхаарлаа хандуулсан тул эл хүүхэлдэй бүхий контентийг бүтээх сэдэл төрүүлж болзошгүй. Магадгүй зарим нэг тохиолдлууд үүнтэй холбоотой байх гэж тэрбээр ярьжээ. Эл хэрэг явдлын сайн тал нь эцэг, эхчүүдийг олон нийтийн сүлжээн дэх контентийг зохицуулах, хянах асуудалд анхаарлаа хандуулахад хүргэсэн. Тиймээс Миккелсон болон шинжээчдийн хэлж буйгаар, асуудлыг шийдвэрлэхэд хялбархан. Хүүхдүүдээ юу үзэж байгаа, яаж үзэж байгааг мэдэхэд л болоо. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь олон нийтийн сүлжээнээс өөрт хэрэгтэй зүйлсийг олж авч чадаж буй эсэхийг мэдэж, аливаа заналхийлсэн эсвэл хор, хохиролтой зүйлтэй таарсан тохиолдолд эцэг, эхдээ хэлэх ёстой гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах нь чухал гэж Миккелсон үзэж байна.

Мөн түүнчлэн, хайлтын Kiddle, YouTube Kids, Science360 зэрэг хүүхдэд зориулсан тусгай аппликэйшн, хайлтын системийг ашиглахыг зөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top