Төв банкны алдагдлын талаар Монголбанкны Тайлан бүртгэлийн газрын захирал Ц.Гарьдтай ярилцав.
Танай газар өдөр тутамд ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
Манай газар нь товчоор хэлбэл, Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу эрхэлдэг. Өдөр тутамдаа бол гадаад валютын улсын нөөц, Эрдэнэсийн сан, алт, үнэт метал, мөнгөн тэмдэгтийн бэлтгэл сантай холбоотой гүйлгээ, Монголбанкны дотоод төлбөр тооцоог хийж гүйцэтгэхээс гадна Сангийн яам, арилжааны банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр Засгийн газар болон банк хоорондын төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг.
Тэгэхээр мэргэжлийн хувьд нягтлан бодогчид гол төлөв ажилладаг байх нь. Хэр өндөр шалгуурыг давж байж танай газарт ажиллах эрхтэй болох вэ?
Тийм шүү, мэргэжлийн нягтлан бодогчид голдуу ажилладаг. Манай газарт ажиллах хүн нягтлан бодогчоос гадна эдийн засагч, санхүүгийн шинжээч зэрэг мэргэжилтэй байдаг. Харин англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, мэргэшсэн нягтлан бодогч байх гэсэн шалгуурыг хангах ёстой.
Монголбанк сүүлийн гурван жилийн дотор 3.0 их наяд төгрөгийн алдагдлаа бууруулсан гэж мэдээлж байсан. Алдагдлаа яаж бууруулсан бэ?
2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, энэ хэмжээгээр хуримтлагдсан алдагдлыг бууруулсан. 2018 оны эцсийн байдлаар мөн тодорхой хэмжээний ашигтай гарсан. Одоогоор санхүүгийн тайлангаа олон улсын нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулах ажил хийгдэж байна. 2012-2016 онд хуримтлагдсан алдагдал 3,0 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь богино хугацаанд нөхөж баршгүй өндөр алдагдал хэдий ч Монголбанк энэхүү алдагдлыг бууруулах чиглэлд анхаарч, 2017 онд ашигтай ажилласны зэрэгцээ 2018 онд Эрдэнэсийн сан болон үл хөдлөх хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлан тэнцэлд тусгасны үр дүнд Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулаад байна. Мөн 2018 онд хэрэгжүүлсэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны үр дүнд худалдан авсан алтны хэмжээ 22 тоннд хүрч, гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 3.5 тэрбум ам.доллар болж өссөн нь цаашид гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр алдагдалтай санхүүгийн үүсмэл хэрэгсэл гаргахгүй байх боломжийг бүрдүүллээ.
Монголбанкны ашиг алдагдал гэж юу болохыг энэ дашрамд манай уншигчдад тайлбарлаж өгөөч. Энэ нь Монголбанкны үйл ажиллагаанд чухам яаж нөлөөлдөг юм бол?
Ер нь Монголбанкны ашиг, алдагдал нь үйл ажиллагааны болон хөрөнгийн ашиг алдагдлаас бүрддэг л дээ. Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй үед үйл ажиллагааны орлогын дийлэнх хувийг гадаад валютын улсын нөөцийн өгөөж, өөрөөр хэлбэл, гадаадын банкинд байршуулсан хадгаламжийн хүүгийн орлого, гадаадын Засгийн газар болон нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудын гаргасан үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг. Харин зардлын дийлэнх хувийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал эзэлдэг. Түүнээс гадна арилжааны банк, санхүүгийн байгууллагад Монголбанкнаас олгосон зээлийн хүүгээс тодорхой хэмжээний орлого олдог. Тухайлбал, Монголбанкны 2017 оны санхүүгийн тайлангаас харахад хүүгийн орлогын 32 хувийг санхүүгийн хөрөнгө оруулалтаас, 27 хувийг дотоодын байгууллагуудад гаргасан үнэт цааснаас, 14 хувийг банкуудад олгосон зээлээс, 13 хувийг Засгийн газрын үнэт цааснаас тус тус олсон байгаа юм. Хүүгийн зардлын 50 хувийг гадаад өр төлбөрийн хүү буюу Хятадын ардын банкнаас авсан своп зээлийн хүү, 36 хувийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, 13 хувийг заавал байлгах нөөцийн шаардлагыг хангасан банкуудад олгосон урамшууллын зардал эзэлж байна. Хөрөнгийн ашиг, алдагдал нь гадаад валютаар илэрхийлэгдэх хөрөнгө, өр төлбөрийн ханшийн тэгшитгэлийн зөрүүгээс үүсдэг. Тухайлбал, гадаад валютаар илэрхийлэгдэх хөрөнгө, өр төлбөрийн харьцаа зөрүүтэй байх үед төгрөгийн ханш чангарах, эсвэл сулрахаас хамаарч ашиг, алдагдал үүсч байдаг. жишээлбэл, Монголбанкны тэнцлийн пассив буюу өр төлбөр талд Хятадын ардын банкнаас авсан своп зээл бүртгэлтэй байдаг. Төгрөгийн юаньтай харьцах ханш сулрахад ханшийн тэгшитгэлийн алдагдал нэмэгдэж, ханш чангарахад алдагдал буурна гэсэн үг. Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Удаан хугацаанд алдагдалтай ажиллах нь төв банкны бие даасан, хараат бус байдал болон мөнгөний бодлогын үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, өөрийн гол үүргийн нэг болох инфляцийг нам түвшинд барих чадвараа алддаг гэж үздэг. Ингэснээр төв банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
Ер нь Монголбанк алдагдалтай ажиллаж ирсэн тохиолдол хэзээнээс эхэлсэн бэ? Үүний шалтгаан нь юу байв?
Үндсэндээ 2012 оноос алдагдалтай ажиллаж эхэлсэн. Энэ нь Монголбанк уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, гадаад валютын орох урсгал татарсан үед Монголбанкнаас төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, өндөр зардалтай төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан нь алдагдлын гол шалтгаан болсон. Төгрөгийн нийлүүлэлт нэмэгдсэнээс гадаад валютын нөөцийн хүрэлцээ алдагдсан. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг хангаж чадаагүй. Тухайлбал, гадаад валютын зах зээлд хэт их оролцож, тогтмол өндөр дүнгээр интервенц хийснээр ханшийг тогтвортой барихыг зорьсон ч төгрөгийн ханш суларч, гадаад валютын нөөц шавхагдаж, гадаад валютаар илэрхийлэгдэх өр төлбөр нь хөрөнгийнхөө хэмжээнээс давсан үед ингэж төгрөгийн ханш суларсан нь төв банк ханшаас алдагдал хүлээх суурь шалтгаан болсон. Түүнчлэн урсгал дансны алдагдлыг гадаад зээл, бондоор санхүүжүүлж, дотоодын арилжааны банкуудтай зах зээлийн хүүгийн түвшнөөс хэт доогуур ханшаар урт хугацаат своп хэлцэл байгуулсан нь алдагдлын бас нэг шалтгаан болжээ. Мөн арилжааны банкууд болон аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн хүүгээс хэт доогуур хүүтэй зээл олгосон нь зээлийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдлыг бий болгосон. Түүнээс гадна Монголбанк аж ахуйн нэгж, арилжааны банкуудын ханшийн эрсдэлийг өөртөө хүлээх хэлцэл байгуулж, хүүний татаас хэлбэрийн зах зээлийн бус аргыг ихээр хэрэглэсэн нь Монголбанкны өөрийн хөрөнгийг сөрөг утгатай болоход нөлөөлсөн. дээр дурдсан уламжлалт бус бодлогоос үүдэн Монголбанкны 2016 оны алдагдлын 22 хувийг санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал, 16 хувийг гадаад валютын ханшийн тэгшитгэлийн алдагдал, 15 хувийг зах зээлийн хүүгээс доогуур хүүгээр олгосон зээлийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал, 15 хувийг Хятадын ардын банкнаас авсан зээлийн хүүгийн зардал эзэлсэн.
Алдагдалгүй ажиллах боломж бий юу?
Олон улсын туршлагаас харахад Бразил, чех, Унгар, Солонгос Тайланд зэрэг улсын төв банкууд ямар нэг хэмжээгээр алдагдалтай ажиллаж байсан. Алдагдлыг арилгасан нийтлэг арга хэмжээнүүд нь тухайн улсын засгийн газар үнэт цаас гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэх, эсвэл төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээ зогсоож, өөрөө алдагдлаа хариуцан арилгасан байдаг. Манай улсын тухайд бол Төв банкны тухай хуульд “Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. ОУВС-гийн зүгээс аливаа төв банк алдагдалтай ажилласан тохиолдолд алдагдлыг улсын төсвөөс бэлэн мөнгө олгох эсвэл Засгийн газрын бонд гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэхийг зөвлөдөг. Гэвч төсвийн алдагдал өндөр, Засгийн газрын өрийн тогтвортой байдал эрсдэлтэй байгаа энэ үед Засгийн газар өндөр дүнгээр үнэт цаас гаргах боломж хомс байгаа тул Монголбанкны алдагдлыг энэ аргаар шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Тиймээс Монголбанк хуримтлагдсан алдагдлыг бууруулах чиглэлээр төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, своп, форвард хэлцлүүдийг алдагдал хүлээх хэлбэрээр байгуулдаг байдлыг зогсооход анхаарч ажилласны үр дүнд алдагдалгүй ажиллах боломж үүсч, 2017 оноос эхлэн Монголбанк ашигтай ажиллаж эхлээд байгаа.
Үлдсэн алдагдлаа ямар хугацаанд нөхөх төлөвлөгөө байгаа вэ?
Дээр дурдсанчлан Монголбанкны хуримтлагдсан алдагдал нь богино хугацаанд нөхөгдөх боломжгүй хэмжээнд нэгэнт хүрсэн. Тиймээс Монголбанк нь мөнгөний бодлогоос гадуур үүрэг хүлээхгүй буюу төв банкны чиг үүрэгт тусаагүй, төсвийн шинжтэй бодлогын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхгүй байх, зах зээлийн ханшаас хэт зөрүүтэй өртгөөр үүсмэл хэрэгсэл байгуулахгүй байх, хүүний татаасын зардал гаргахгүй байх, Засгийн газрын бондыг нээлттэй захын үйл ажиллагаанд ашиглах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үүнд Монголбанкны гадаад өр төлбөрийг үе шаттайгаар барагдуулах, алт тушаалтыг нэмэгдүүлэх, валютын захын оролцоог бууруулж, зах зээлийн зарчмаар ажиллах, банк хоорондын захын хөгжлийг дэмжих замаар Монголбанкны хуримтлагдсан алдагдлын сөрөг нөлөөг тогтвортой бууруулах боломжтой. Гэхдээ Монголбанкны ашиг, алдагдалд тухайн үеийн гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан түүний явуулах мөнгөний бодлого ихээхэн нөлөөтэй тул Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг нөхөх тодорхой хугацааг товлох нь учир дутагдалтай юм.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл ( 1 )
Е/С Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал нар л буруутай байх даа.