Анхны ГАВЬЯАТ АВРАГЧТАЙ үндэсний аврах бригадынхан

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Тэртээ 1967 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны шийдвэрээр Төмөр замын тусгай батальон нэртэйгээр анх байгуулагдаж байсан Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын харьяа, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадын нэг өдрийг сурвалжиллаа. Саяхан болсон “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ес хоногийн турш ажиллаж, үүргээ амжилттай биелүүлсэн аврагчдын олонх нь Үндэсний аврах бригадын албан хаагчид байв. Иймд Үндэсний аврах бригадын албан хаагчдыг Монгол цэргийн баярын энэ өдөр онцгойлон танилцуулахыг хүссэн юм. 

Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийг нэгтгэн 2018 онд Үндэсний аврах бригад болгожээ. Гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний аврах бригад болон өргөжин ажиллаж байна. Үндэсний аврах бригад нь 300-аад албан хаагчтай. Эрэн хайх аврах салбар, Агаарын ажиллагааны салбар, Химийн ажиллагааны салбар, Тээврийн салбар, Засварын салбар, Хөгжмийн салбар гэсэн зургаан салбартай.

Тус бригадад биднийг очиход алба хаагчдын олонх нь эзэнгүй байлаа. Эзгүй гэсний учир нь аврагчид сургалт, хээрийн дадлагад гарцгаажээ. Шүхрийн дадлага, болон зааварлах сургуулилтад Зэвсэгт хүчний 084 дүгээр анги дээр 29 албан хаагч, Завхан аймгийн Дөрвөлжин суманд химийн ажиллагааны салбарын 8 хүний бүрэлдэхүүнтэй баг химийн бодис тээвэрлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэж байгаа гэж байв. Мөн Захирагчийн нэгдүгээр орлогч бөгөөд Штабын дарга, хурандаа Ц.Ганхөлөгөөр ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид Архангай аймгийн Өгий нуур суманд гүний шумбалтын дадлага сургуулилт хийж байгаа талаар Сурталчилгаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Наранмандал танилцууллаа. Өгий нуурт гүний шумбалтын дадлага сургуулилт хийж байгаа албан хаагчид өнөөдөр сургуулилтаа дуусгаж, бригаддаа ирнэ.  Бусад албан хаагчдын хувьд өдөр тутмын үйл ажиллагаа, осол гэмтэл, аюулын үед бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Үндэсний аврах бригадынхан 24 цаг бэлэн байдалд ажилладаг. Өглөө 08:30 цагаас бригадын бие бүрэлдэхүүн нэгдсэнээр өдрийн ажил эхэлнэ. Цагийн хуваарийн дагуу албан хаагчид ажлаа хуваарилж, байнгын бэлэн байдалд ажиллаж, дадлага сургуулилт хийдэг байна.

Биднийг Үндэсний аврах бригадад байх хугацаанд Япон улсын онцгой байдлын сургагч багш нар тус бригадад зочиллоо. Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай Японы онцгой байдлын сургагч багш нарыг хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, харилцан туршлага судлах чиглэлээр санал солилцож байв. Үндэсний аврах бригад нь Японтой төдийгүй БНСУ-ын Үндэсний аврах алба, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах алба, БНХАУ-ын Эрэн хайх, аврах сургалтын төв, АНУ-ын Аляскийн Үндэсний гварди зэрэг улсуудын аврах байгууллагуудтай хамтран ажилладаг байна.

ӨГИЙ НУУРТ 20 АЛБАН ХААГЧ ДУНДАА 4 ШУМБАЛТЫН ХУВЦАСТАЙ
СУРГУУЛИЛТ ХИЙЖ БАЙНА
 

Онцгой байдлын алба хаагчид ажил үүргээ амжилттай гүйцэтгэхэд аврах ажиллагааны тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл хамгийн чухал. Гэвч зарим хувцас хэрэглэл хэрэгцээтэй тоо хэмжээндээ хүрч чадахгүй байгааг дуулгаж байна. Тухайлбал, усны шумбалтын хувцас тус бригадад дөрвөн ширхэг байдаг аж. Энэ нь албан хаагчдад дадлага сургуулилт хийх, осол аваарын үе хэрэглэхэд хүрэлцдэггүй байна.

Шумбалтын хувцас чанараасаа хамаарч 12.000 – 40.000 ам.долларын үнэтэй

Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч, Үйлчилгээний гавьяат ажилтан Ж.Баяртогтох “Шумбалтын хувцсыг хүн болгон размераараа тааруулж өмсөнө. Хувцас нь дундаж биетэй хүнд таарахаар размертай. Тэгэхээр арай том биетэй албан хаагч өмсөхдөө фодволкон дээрээ шахуу өмсчихдөг. Одоо Өгий нуурт гүний шумбалтын дадлага сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна.Түүгээрээ ээлжлэн сургуулилт хийж байна. Ер нь ар араасаа шумбалт хийхэд нэг хувцас дээр 2-3 алба хаагч дугаарлаад зогсож байдаг. Тиймээс гүний шумбалтын хувцас хэрэглэлийг сайжруулж өгөх шаардлагатай байдаг” гэсэн юм.

Шумбалтын хувцас нь чанараасаа хамаарч 12.000 – 40.000 ам.долларын үнэтэй байдаг аж. Саяхан Шадар сайд Ө.Энхтүвшин онцгой байдлын албан хаагчдыг хүлээн авч уулзах үеэрээ гүний усанд шумбах хувцас хэрэглэлийг шийдэж өгөхөө амласан. Тэрбээр “Гүний усанд шумбах хувцас нэн даруй шаардлагатай юм билээ. Ямар төрлийн хувцас, аврах хэрэгсэл хэрэгтэй байгаа жагсаалтыг гарган надад өгөөрэй. Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр Үндэсний аврах бригадынхан удахгүй шумбалтын хувцсаар бүрэн хангагдах болов уу.

АВРАГЧДААС ТӨРСӨН АНХНЫ ГАВЬЯАТ

Үндэсний аврах бригадынхан аврагчдаас төрсөн анхны гавьяаттай.  Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 107 жилийн ойгоор /2018.11.29/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулжээ. Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан  тав дах гавьяат  ажилтан буюу энгийн аврагчаас төрсөн анхны  залуу гавьяат. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2007 онд БНСУ-д “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны, 2009 онд ОХУ-д “Гүний шумбагч” бэлтгэх, 2012 онд Япон улсад “Газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтад хамрагдаж, БНХАУ-д хаданд авиралтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна.

Улсын хэмжээнд тохиолддог ой, хээрийн түймэр, усны осол зэрэг бүх төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг шилдэг алба хаагчдын нэг юм. Тухайлбал, 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10тн  шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргасан, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцжээ. Түүнчлэн 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон Африкийн Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж, Монгол Улсынхаа төдийгүй Онцгой байдлын байгууллагынхаа нэрийг өндөрт өргөн ажиллаж байгаа шилдэг албан хаагч юм.

Түүний сэтгэгдлийг сонслоо.
 

 

Хөгжмийн салбар нь Үндэсний аврах бригаддаа төдийгүй онцгой байдлын салбартаа урлаг, уран сайханы үйлчилгээ үзүүлдэг байна. Онцгой байдлын салбартаа цор ганц хөгжмийн салбар юм. Хөгжмийн салбар нь дотроо Үлээвэр найрал хөгжим, Цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагтай. Онцгой байдлын салбарын баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд Хөгжмийн салбарынхан тоглолтоо толилуулдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top