УИХ-ын ЭЭЛЖИТ БУС чуулган нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.03.18-ны өдрөөс 03.29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлосны дагуу өнөөдөр /2019.03.18/ УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт боллоо. Ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй ажиллаж байгаагаас улс орон ядуурал, өрийн дарамтад нэрвэгдэж байна. Хагаралдан тэмцэлдэхдээ улс орон уруудан доройтож байсан түүхийг санаж эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдмэл цул байж Монгол Улсын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна” хэмээгээд ээлжит бус чуулганаар гурван чиглэлээр хүчээ нэгтгэж ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриалав.

Уг чиглэлд:

1.  Парламентат ёсыг бэхжүүлэх, хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйг дээдлэх нь УИХ-ын эрхэм зорилго. Тиймээс парламентын шинэчлэлийг зоримог хийж, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх нь ард түмний захиалга болж байна. Энэ хүрээнд УИХ-ын болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмж оруулсан гишүүдийн сахилга хариуцлагатай холбоотой заалтуудыг хэрэгжүүлж ажиллах нь чухал байна.

2.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар парламентын засаглалыг төгөлдөржүүлж, шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг хангах боломж энэ УИХ-д байгаа. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг 11 удаа хуралдаж, эрдэмтдийн саналыг сонслоо. Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэн баталж, түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

3.  Төр иргэний харилцааны хариуцлагын гүүр бол парламент. Парламентын хяналтын чиг үүрэг доголдсоноор нийгэмд эргэлзээ төрүүлсэн олон асуудал хуримтлагдлаа. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах талаар УИХ анхаарч ажиллах болно гэсэн юм.

 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах 8 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй: 

1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top