Монголын үндэсний урлагийн гайхамшгийг гадаад, дотоодынхонд харуулсан “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт энэ сарын 16, 17, 18-нд боллоо. Үндэсний урлагийн их театрын дэргэдэх Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын энэхүү тоглолтыг УДЭТ-ын танхим пиг дүүрэн хүн үзэж, алга ташилт, уухайн түрлэг тасралтгүй ниргэлж байв. Тоглолтын сүүлийн өдөр буюу энэ сарын 18-нд Үндэсний урлагийн их театрын бүжигчин Отгонбаатарын Тулга, Пүрэвмашын Мөнхцацрал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Нас залуу ч театртаа олон жил ажиллаж, монгол бүжгийн гайхамшгаар үзэгч олноо бишрүүлэн яваа тэд тайзан дээр гараад жинхэнэ од болон гялалздаг залуус.
“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт гурван үдэш олны бахархал, бишрэл, омогшлыг төрүүлсэн. Монгол Улсын Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч, гавьяат жүжигчин А.Даваахүү, Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар нарын дэглэсэн алдартай бүжгүүдийг үзэж суугаа хэний ч сэтгэл хөдөлж, огшиж, гадаадын хүн байсан ч утгыг нь ойлгохоор гайхамшигтай байлаа. Ялангуяа “Шилийн богдын салхи”, “Монгол хатад”, алдарт “Жалам хар”, “Саальчин” зэрэг бүжгээс монгол ахуй, соёл, түүх, ёс заншил үнэртэх аж.
“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг үзэхээр хөдөө орон нутгаас олон хүн иржээ. Тэдний нэгэн төлөөлөл бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны бүжгийн чуулгын хүүхдүүд. Багш, МУСТА, Боловсролын тэргүүний ажилтан Ч.Эрдэнэцэцэгтэйгээ хамт вагонд суугаад Улаанбаатарыг зорьж ирсэн багачууд үзэгчид дундаас онцгойрч байсан юм. Тэд тоглолтын дараа тайз руу гарч бүжигчид, найруулагч нартай зургаа татуулан, УДЭТ-ын тайз руу гарсандаа баярлан шуугилдаж байгаа нь бахархаж омогшмоор. Балчирхан тэд монгол бүжигтээ ухаангүй дуртай нь тоглолтын үеэр зарим нь үзэгчдийн суудалд тогтож ядан, зарим нь омогшсондоо нулимс дуслуулж байснаас нь тод харагдаж байлаа. Биднийг багштай нь ярилцаж байхад бүжигчин багачууд Монгол Улсын Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай зургаа татуулаад тунчиг завгүй байцгаасан юм.
Ч.ЭРДЭНЭЦЭЦЭГ: АРДЫН БҮЖИГ БОЛ ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГ БАЙДАГ ЮМ БАЙНА
-Сайн байна уу, танай шавь нар их анхаарал татлаа. “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтын талаарх таны сэтгэгдлийг ч бас сонсмоор байна...
-Үнэхээр гайхамшиг байдаг юм байна. “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг жил бүр үзэх гэж мөрөөддөг. Ноднин бид нар “Нарны домог”-ийг нь үзсэн. Ийнхүү бид нар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоноос ирлээ. Бүжгийн чуулгынхаа 32 хүүхэдтэй хамт вагоноор өдрийн суудлаар ирээд байгаа нь энэ. Олон өдөр догдолж, нойргүй ч хонолоо. “Монгол бүжгийн гайхамшиг” бол үнэхээр л гайхамшиг юм байна. Тоглолтын туршид догдолж, омогшиж, суудлаасаа хамт бүжиглэлээ. Одооны бүжигчид улам ч мундаг болсон байна.
-Бүжгийн багшаар ажиллаад хэдэн жил болж байгаа вэ?
-Би жүжигчин байсан. 1991 оноос бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн. Хүүхдийн бүжгийн урлагтай салшгүй холбогдсон доо. Жил бүр ийм гайхамшигт тоглолт үздэг. Бид нар гуравдугаар сар гарахаар л одоо ямар тоглолт болох болоо гэж догдолдог. Хүүхдүүд маань “Багш аа, чуулга руу явъя”, “Одоо ямар тоглолт болох бол оо”, “Хамгийн урд талын эгнээг авъя” гэдэг. Үе үеийн шавь нар маань энэ тоглолтод яардаг байсан. Зарим нь энд бүжиглэж байгаа. Зарим нь Үндэсний урлагийн их театраасаа гадаадыг зорьсон байдаг. Жил бүрийн гуравдугаар сар ардын бүжгээр амилдаг сар болжээ. Ардын бүжиг гэдэг бол үнэхээр гайхшруулж, бишрүүлдэг юм байна.
-Энэ тоглолтыг зорьж вагоноор Сэлэнгэ аймгаас ирлээ. Та бүхэн хэзээ буцах вэ?
-Бид нар маргааш бөөндөө олон юм үзээд вагоноороо буцна. Хотод байнга ирдэг ч бөөндөө ирнэ гэдэг үнэхээр гоё. Шавь нарт маань холоос, сумаас ирж, энэ сайхан танхимд тоглолт үзэж, бүжигчин ах, эгч нарыгаа харах их гоё байгаа.
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Н.ОЮУН: МӨНХЦАЦРАЛД ӨГСӨН ШАГНАЛ ҮНЭХЭЭР НҮДЭЭ ОЛЛОО
Монгол бүжгийн урлагт зүтгэсэн гавьяагаа үнэлүүлж, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан П.Мөнхцацралын багш, Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн урлагийн факультетийн захирал, дэд профессор, МУУГЗ Н.Оюуны сэтгэгдлийг сонслоо.
-Өнөөдөр Үндэсний урлагийн их театрын бүжгийн тоглолтыг үзээд сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Маш сайхан тоглолт боллоо. Энэ чуулгын бүжигчид бүгд миний шавь нар байдаг. Өнөөдөр ихэнх бүжгийн гоцлолуудад шинэ хүмүүс бүжиглэлээ. Жил бүрийн төгсөлтийн шавь нараас маань энэ чуулгад байдаг. Тэднийхээ тоглолтыг үзээд маш их жаргалтай байдаг юм.
Мөнхцацрал анх долдугаар ангидаа надад шавь болж орж ирээд төгстөлөө над дээр байсан. Сурч байхын л маш идэвхтэй, сайн, өөрийнхөө хүчийг бүрэн дайчилдаг хүүхэд байсан. Тэр эрчээ алдалгүй явсаар Үндэсний урлагийн их театрын энэ олон сайхан бүжигчдийн тэргүүнд явдаг болж. Энэ бол нэлээд чадалтай бүжигчний шинж. Шавь маань өнөөдөр олон бүжгийн гоцлол хийж байгааг та бүхэн харсан байх. Түүнд өгсөн шагнал маш цагаа олсон, нүдээ олсон. Урлагт ид зүтгэж яваа залуу бүжигчдэд ийм шагнал өгч байгаа нь маш сайн байна.
П.МӨНХЦАЦРАЛ: “ИХ ХАТДЫН ТУУЛЬС”-Т БӨРТЭ-ГИЙН ДҮРД ТОГЛОСОН НЬ ЭНЭ ШАГНАЛЫН ЭХЛЭЛ
-Танд баяр хүргэе. Хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ?
-Би анх 12 настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Хүүхдийн ордоны бүжгийн дугайланд аав, ээж хоёр маань хөтөлж аваачиж байсан. Дараа нь Хөгжим бүжгийн дунд сургуульд ороод таван жил сурч төгссөн. Бүжгийн жүжигчин мэргэжлээр сураад 17-хон насандаа Үндэсний урлагийн их театрт орж байлаа. Энэ театртаа 15 дахь жилдээ ажиллаж байна. Үндэсний түүхэн бүжгэн жүжиг болох “Их хатдын туульс”-д Бөртэ хатны дүрд тоглож байсан маань энэ нэр хүндтэй шагналын эхлэл болсон байх аа гэж бодож байна.
-Хэдэн настай вэ, өмнөө том зорилго тавьсан байгаа байх...
-Би одоо 32 настай. Энэ шагнал надад илүү их юм хийж бүтээ гэсэн урам зориг өгч байна. Бидний дараагийн том бүтээл бол Үндэсний урлагийн их театрын мюзикл. Манай театрын бүжиг анги, дуу анги, хөгжим анги нийлээд 200 гаруй уран бүтээлч бүгд энэ уран бүтээл рүү хүч шамдан орох гэж байгаа.
О.ТУЛГА: ЦААШИД БҮЖГЭЭРЭЭ Л ЯВНА, ОЛОН ЗҮЙЛ РҮҮ ЗҮТГЭХГҮЙ
-Алтан гадас одонгоор шагнагдлаа. УДЭТ-ын тайзан дээр олон удаа гарсан байх. Тайзан дээр монгол бүжиг бүжиглэж байхад төрдөг мэдрэмжээсээ хуваалцаач?
-Маш гоё, cool мэдрэмж авдаг. Хүмүүст гоё энерги түгээсэн сайхан мэргэжилдээ хайртай.
-Бүжигээс өөр мэргэжил, хобби бий юу?
-Бүжгээ л сонирхдог. Анхнаасаа бүх юмаа бүжигт зориулаад явсан. Олон юм руу самгардахаар аль ч үгүй болно гэж боддог. Ийм болохоор нэг юмандаа тууштай зүтгэсэн нь дээр гэж бодож байна. Үндэсний урлагийн их театр бол анх намайг өлгийдөж авсан тайз.
-Анх тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж байв?
-Юу болоод өнгөрөв өө л гэж бодсон. Сандарч байсан. Цаашид хичээсээр сандралаа даван гарсан.
-Таны зорилго?
-Цаашдаа илүү суралцана. Одоо дөнгөж эхэлж байна. Би одоо 30 настай. Хийж бүтээх зүйл маш их байна.
Сэтгэгдэл ( 1 )
Uneheer mundag yumaa. Saihan survaljlaga bn, bayarlalaa.