Хотын гудамж, худалдааны төв, орон сууцны хороолол дунд Монголд нутагшсан гадны түргэн хоол, үйлчилгээний сүлжээ газар, үндэсний ресторан олонтаа харагдах болоод удаж байна. Нийслэлийн статистикийн газрын гаргасан мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод БНХАУ, БНСУ, Япон, Англи, Франц, Сингапур, ОХУ, Энэтхэг, БНАСАУ зэрэг 10 гаруй орны 56 нэр төрлийн сүлжээ ресторан, хоолны газрууд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаа БНСУ-ын 22, Хятадын 6 ресторан үйл ажиллагаа явуулдаг гэжээ. Нэг хоолны ресторан дунджаар 10 орчим сүлжээ хоолны газартай гэж тооцвол 560 орчим хоолны газар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байх нь. Жил ирэх тусам гадаад үндэсний сүлжээ ресторан, түргэн хоолны газруудын тоо нэмэгдсээр иржээ. Үүнээс гадна дотоодын ресторан зоогийн газрууд Европ, Ази, Хятад, Япон, Солонгос зэрэг орон орны хоолыг үйлдвэрлэж байна.
Дэлхийн брэнд болсон амттай хоолыг монголчууд шилж, сонгож зооглох боломжоор хангаж байгаа нь сайн хэрэг. Зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаж түргэн хоолны үйлчилгээ өргөн хүрээнд нэвтэрсэн нь сайшаалтай. Автомашиндаа, ажлынхаа ширээн дээр хооллоход түргэн хоол цаг хэмнэнэ. Шарсан тахиа, соустай хоолноос татгалзах аргагүй.
Улаанбаатар хотод БНХАУ, БНСУ, Япон, Англи, Франц, Сингапур, ОХУ, Энэтхэг, БНАСАУ зэрэг 10 гаруй орны 56 нэр төрлийн сүлжээ ресторан, хоолны газрууд үйл ажиллагаа явуулж байна.
Гэвч гадаадын сүлжээ ресторан, түргэн хоолны газруудад анхаарал хандуулах шаардлага бас бий. Аливаа улс үндэстний хоол үйлдвэрлэл, бэлтгэж боловсруулах, хооллох арга ухаанд тухайн үндэстэн, ястны соёл, зан заншил шингэж байдгаараа онцлогтой. Тухайлбал, монголчуудын малаа төхөөрөх, хорхог боодог хийх, түүнийгээ хүртэх зэрэг уламжлалт хоол үйлдвэрлэл нь үндэсний соёл, заншлыг тээж иржээ.
Гадаадын олон үндэсний хоолыг монголчууд амтархан идэж хэрэглэх нь сайхан ч бидний уламжлалт хоол үйлдвэрлэл, үндэсний хоолны соёл мартагдах, гадаад үндэсний хоол үйлдвэрлэлд зах зээлээ булаалгах эрсдэл байгааг анзаарах ёстой болов уу. Монгол үндэсний хоол үйлдвэрлэлээр дагнасан ресторан, зоогийн газар нэрлэвэл тун цөөхөн. Модерн Номадс, Монгол гүнцэг, Өнгүүр буурч, Зочин, Хаан гээд хуруу дарам цөөхөн. Мэдээж жижиг гуанз, цайны газрууд монгол үндэсний хоолоор үйлчилдэг.
Гэтэл Өмнөд Солонгосын CU, Little Sheep Hot pot, Mama, Японы үндэсний Нана, Нагоми болон KFC, Пицца хат гээд 10 гаруй улсын 46 нэр төрлийн зоогийн газар, түргэн хоолны сүлжээ ресторанууд алхам тутамд байх болжээ. Улаанбаатарт өнөөдөр худалч хүнд тав алхаад л CU, Circle K зэрэг сүлжээ дэлгүүр, түргэн бөгөөд бэлэн хоолны үйлчилгээ таардаг болж. Энэ нь бас нэгийг бодууштай мэт санагдахаар. Хэдийгээр дээрх сүлжээнүүд 16 хүртэлх насныханд бэлэн хоолоор үйлчлэхгүй гэж мэдэгдэж байгаа ч эцэг, эхчүүдийн хамгийн их санаа зовоож байгаа зүйл энэ. Хүүхдүүд нь эдгээр газруудад бэлэн хоол идсээр яваандаа эрүүл мэндийн хувьд, эрүүл хооллолтын хувьд асуудалтай болох вий гэдэг болгоомжлол.
ФРАНЧАЙЗИНГ СҮЛЖЭЭ МОНГОЛЫН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
СОЁЛ, ЗАХ ЗЭЭЛИЙГ ЭЗЛЭХ ҮҮ!
Франчайзинг сүлжээ хоолны ресторан Монголд сүүлийн жилүүдэд илт нэмэгдэж байгаа асуудалд хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэнгүүд ямар байр суурьтай байдгийг сонирхлоо.
Р.БАТБААТАР: МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХООЛОО ШИНЭЧЛЭХ, ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ ИРСЭН
(Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгч)
-Монголчуудын суурин иргэншилд шилжиж буйтай холбоотой хоолны соёл, хоолонд өдөр тутамдаа хандах хандлага хувьсан өөрчлөгдөж байна. Монголд франчайзинг сүлжээ ресторанууд нээгдэж байгаа нь сайхан. Гаднын технологи нэвтэрч байна. Эдгээр хоолны газрууд, түргэн хоолоор үйлчлүүлэх нь ихэссэн байна. Иргэд ч үйлчлүүлж сурч, дадал зуршил бий болжээ.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх хоолны газруудын хоолны амт солонгос болон хятад хоолны чиглэл рүү явж байна. Хоолны амт, харагдах байдал, олон төрлийн хачир зэрэг нь иргэдийн сонирхлыг татдаг. Халуун ногооны чанар, амт, эсгэлэн ногоо, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүн нэвтэрч байгаа нь сайн.
Нөгөө талдаа Монгол оронд өөрсдийн орчин цагтаа дасан зохицож, хоол хүнсээ шинэчлэх, үндэсний хоолоо гаргах цаг ирсэн. Өдөр тутамдаа хэрэглэх үндэсний зоогтой болох ёстой. Бидний эртнээс хэрэглэж заншсан, бууз, банш, мах шүүс нь одоогийн суурьшмал иргэншилтэй орчин цагт өдөр тутамдаа хэрэглэх нь хэр зохимжтой бол. Хүн уйдамтгай амьтан. Өнөөдөр нэг шинэ хоол үйлчилгээнд нэвтрэхэд түүнийг сонирхож байдаг. Тийм учраас бид орчин үеийн монгол үндэсний хоолыг бий болгох ёстой. Нүүдлийн соёл иргэншлээс суурин амьдралд шилжсэнээр нэг өдөрт хоолноос авах уураг, илчлэг нь хүртэл өөрчлөгдсөн. Тэгэхээр орчин үед нийцсэн Монгол үндэсний хоолыг бий болгох шаардлагатай. Аливаа үндэстэн нэгдүгээрт, өөрийн хэл бичгийн соёлтой, хоёрдугаарт үндэсний зоогтой байх ёстой. Монгол Улсын хэмжээнд үндэсний зоогоо барьж хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа ресторан, хоолны газрууд төдийлөн олон биш байна.
Нүүдлийн соёл иргэншлээс суурин амьдралд шилжсэнээр нэг өдөрт хоолноос авах уураг, илчлэг нь хүртэл өөрчлөгдсөн. Тэгэхээр орчин үед нийцсэн Монгол үндэсний хоолыг бий болгох шаардлагатай. Аливаа үндэстэн нэгдүгээрт, өөрийн хэл бичгийн соёлтой, хоёрдугаарт үндэсний зоогтой байх ёстой.
Гадаадын хоол үйлдвэрлэлийн хэв маягаас суралцаж болно. Тухайлбал, солонгосчууд тойрч суугаад махаа шарж идэх нь гэр бүлийн дулаан уур амьсгалыг төрүүлж байна. Тэр хэв маягийг өөрсдийнхөө хэв маягаар яагаад өөрчилж болохгүй гэж. Тухайлбал, элгийг сангимсал гэж нэрлэгдээд байгаа гахайн махны оронд шарж идэж болно шүү дээ. Иймд гадаадын олон орны сүлжээ ресторанууд Монголд орж ирэх асуудал дээр хэмжээ хязгаар хэрэгтэй. Орж ирсэнийх нь дараа биш, орж ирэхээс нь өмнө асуудлыг ярих ёстой. Одоо ажиллаж байгаа гадаадын ресторануудад хяналт, шалгалтыг сайн хийх ёстой юм.
Э.ЭНХБАЯР: ФРАНЧАЙЗИНГ МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮСИЙГ АЖИЛЛУУЛАХ НЬ ЭЛБЭГ БАЙДАГ
(“Цитрус” рестораны ахлах тогооч)
-Франчайзинг нь ямар ч улсад орж ирж байгаа нь гаднын улс оронтой хоол үйлдвэрлэлийн хувьд зэрэгцэхээр нэр хүндийг өгч байдаг. Гэхдээ сүлжээ франчайзинг нэвтрүүлж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулах нь элбэг байдаг. Франчайзингийн үйлчилгээний дагуу зааварчилгаа аваад мэргэжлийн бус хүмүүс ажиллах нь бий.
Сая Түрк улсад болсон Олон улсын тогооч нарын тэмцээнд монгол тогооч нарынхаа хамт оролцсон. Энэ тэмцээнд монгол хоолны төрлийг оруулж өгсөн. Бид европ, ази, хятад хоолыг судалж тэмцээнд оролцдог бол өнгөрсөн жилээс энэ тэмцээнд монгол хоолыг бусад орны тогооч нар судалж оролцохоор болсон. Энэ бол маш авууштай зүйл юм. Монгол хоолоо сурталчилсан арга хэмжээ болж байгаа. Тэгэхээр бид мэргэжлийн монгол үндэсний тогооч бэлтгэж байна. Мэргэжлийн тогооч нарыг дэмжиж, үндэсний хоолоо үйлдвэрлэж, үндэсний хоолоо хөгжүүлэх чиглэлд судалгаа хийж байна. Монгол үндэсний хоолыг хөгжүүлэх, түүнд тогооч нараа бэлдэх шаардлагатай юм. Франчайзингээр орж ирж байгаа хоол үйлдвэрлэлд мэргэжлийн бус хүмүүс ихээр ажиллаж байгаа нь эргээд иргэдийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй юм.
ДЭЛХИЙН СҮЛЖЭЭ ХООЛНЫ ГАЗРУУДАД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА
ХЯНАЛТ ТАВЬЖ ЧАДДАГГҮЙ
Хүнсний аюулгүй байдал хурцаар хөндөгдөж, дэлхийн алдартай франчайзинг сүлжээ ресторанаас Монголын олон зуун иргэн хордлого авч, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон нь онцгой анхаарал хандуулахаас аргагүй юм. Үүний тод жишээ нь KFC сүлжээ хоолны газраас олон арван хүн хордсон явдал.
Үүнээс үүдээд дээрх гадаадын сүлжээ хоолны газруудад манай мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж чаддаггүй талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна.
“Мэргэжлийн хяналтын байгууллага гадаадын хоолны сүлжээ газруудыг шалгах гэхээр “Бид дэлхийн стандарттай франчайзинг Монгол Улсад нэвтрүүлсэн” гэдэг. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрсдөөс нь дэлхийн стандарт шаарддаг. Иймд манай улсын мэргэжлийн хяналтын байгууллага дэлхийн стандарттай гэх франчайзинг үйлчилгээг шалгах гэхээр “жижигддэг” байх" гэдэг санааг зарим эх сурвалжууд ярьж байв.
Нөгөөтэйгүүр хэдий дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн ч Монгол Улсын хууль дүрэм, журмыг баримтлах шаардлагатай, түүнийг дагаж мөрдүүлэх үүрэг мэргэжлийн байгууллагад байх ёстой болов уу.
Дэлхийн франчайзинг сүлжээ хоолыг “шүтэхээс” илүүтэй монгол үндэсний уламжлалт хоолыг монгол аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи зарим талаар мартагдах хандлагатай байгаа өнөө үед түүнийг сэргээн цаг үетэйгээ тааруулан хөгжүүлэх, Монгол үндэсний хоолоо залуу үеийнхэнд сургаж өвлүүлэх, экологийн цэвэр хүнсийг нийтийн хоол үйлдвэрлэлд өргөн нэвтрүүлэх шаардлага байна.
Сэтгэгдэл ( 0 )