УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжлэн, тус багц хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь буюу Монгол Улсын татварын 29 төрлийг нарийвчлан заасан хэсэг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжсэн. Гэхдээ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгтийн гаргасан “татварын төрлөөс малын тоо толгойн албан татвар авахаар зохицуулсныг хасах шаардлагатай” гэснийг Ажлын хэсгийнхэн анхааралдаа авахаар болов.
Түүнчлэн төсөлд 8 дугаар зүйл буюу татварын хувь, хэмжээг тодорхой тогтоосон хэсэг нэмэх, төслийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг “Татварын хяналт шалгалтын үеэр дор дурдсан нөхцөл бүрдсэн нь тогтоогдсон боловч хуулиар заасан арга хэмжээг хэрэгжүүлэн татварыг нөхөн ногдуулах боломжгүй бол татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эрхтэй байна” гэж өөрчлөн найруулж, 15.7, 15.8 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн төслийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг “санхүүгийн байгууллага гэж энэ хуулийн 17.1.4-т заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхойлсон банк, банк бус санхүүгийн кастодиан, хадгаламж, хөрөнгө оруулалтын болон даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнээс бусад этгээдийг” гэж өөрчлөн найруулахыг, төслийн 18 дугаар зүйлд “18.5.Энэ хуулийн 18.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Төслийн 25 дугаар зүйлийн 25.9 дэх хэсгийн “орлого олох зорилгоор” гэснийг хасан, 25.10. дахь хэсгийг “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч, Монгол Улсын иргэн нь гадаад улсад байгуулсан хуулийн этгээдийн нэр, хаягийг тухайн татварын жилд багтаан татварын албанд мэдэгдэх үүрэгтэй” гэж өөрчлөн найруулах, төслийн 26 дугаар зүйлийн 26.1.1. дэх заалтыг “татвар төлөгчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, эхнэр (нөхөр) болон хамтран амьдрагч тэдгээрийн эцэг эх, төрсөн ах, эгч, дүү” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Харин төслийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн “тэрхүү нөхцөл байдлаас бий болсон бодит зардал, хохирол, алдагдалтай тэнцэх хэмжээгээр хязгаарлан”, гэснийг хасаж, 52.9 дэх хэсгийн “татвар төлөгчид” гэсний дараа “ажлын 10 өдрийн” гэж нэмж, үүнтэй уялдуулан 62 дугаар зүйлд “62.8.Өртэй татвар төлөгч татварын өрөө бүрэн барагдуулсан, эсхүл энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжлэх актыг хүчингүй болгоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Мөн төслийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг “Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ: 54.2.1.нэхэмжлэл хүргүүлэх; 54.2.2.татварын өрийг үл маргах журмаар гаргуулах; 54.2.3.бэлэн мөнгө хураах; 54.2.4.хөрөнгө болон авлага битүүмжлэх; 54.2.5.битүүмжилсэн хөрөнгийг хураах; 54.2.6.битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх; 54.2.7.орлогыг хуваарилах” гэж өөрчлөн найруулж, “54.3.Татварын өрийг бүрэн хураах зорилгоор энэ хуулийн 54.2-т заасан ажиллагааг давхардуулан явуулж болно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.4 хувь нь дэмжсэн.
Түүнчлэн төслийн 66 дугаар зүйлд “66.8.Авлага битүүмжилсэн хугацаанд өртэй татвар төлөгч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болохыг хориглоно” гэж, төслийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.4, 70.8 дахь хэсгийг хасч, мөн зүйлд дор дурдсан агуулгатай төслийн 70 дугаар зүйлд “70.2. Татвар төлөгч өөрийн ногдуулсан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас татварын өр, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нөхөн ногдуулалтын актын өр, эсхүл нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлын дагуу төлөхөөр Маргаан таслах зөвлөлөөр болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн татварын өрийг татварын алба битүүмжилсэн хөрөнгө, энэ хуулийн 52.6, 52.7, 52.8-д заасан барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүлд мөн хуульд заасан журмын дагуу шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлнэ” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын зүгээс хуулийн төслийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг “Татварын алба энэ хуулийн 70.2-д заасан хөрөнгийн дуудлага худалдааны үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу тогтооно” гэж, төслийн 70 дугаар зүйлийн 70.6 дахь хэсгийг “Тухайн татвар төлөгч болон татварын улсын байцаагч, татварын албаны ажилтан мөнгөн хэлбэрт шилжүүлэх хөрөнгийг шууд болон шууд бус байдлаар худалдах эрхгүй” гэж 70.4 болгож өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай есөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Тухайлбал, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай, хуулийн төслийн 4 дүгээр зүйл “2019 оны … дугаар сарын …. ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах, төслийн 5 дугаар хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Түүнчлэн төсөлд “Энэ хуулийн 3,4 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртлэх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ” гэсэн 10 дугаар зүйл, “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж шинээр 11 дүгээр зүйл нэмэх Ажлын хэсгийн санал дэмжигдэв.
Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан 11.19 дүгээр зүйлд “8.3 энэ хуулийг 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн санал дэмжигдлээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “удаа дараа” гэснийг “хоёр ба түүнээс дээш удаа зайлсхийсэн, зугтсан” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “15.3.5.албан татвар төлөгчийн импортлосон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварт хамаарахгүй” гэснийг 15.5 дахь хэсэг болгон “Албан татвар төлөгчийн импортлосон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татвар энэ хуулийн 15.2 дахь хэсэгт хамаарахгүй” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Ингээд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан бөгөөд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Билэгт, А.Сүхбат. Н.Оюундарь нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан.
Дараа нь уг хуулийн төслийн талаар Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав. Тухайлбал, төслийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийг “Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тооцсон хүүгийн зардлыг хуульд заасан хугацаанд ирээдүйд шилжүүлж тооцохдоо ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч татвар төлөгчийн хувьд энэ хуулийн 26.9-26.13-т заасныг баримтална” гэж, 19.6 дахь хэсгийг “Энэ хуулийн 13.5-д заасны дагуу тооцоход гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохдоо ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч татвар төлөгчийн хувьд энэ хуулийн 26.9-26.13-т заасныг баримтална” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.3 хувь нь дэмжлээ.
Мөн төслийн 15 дугаар зүйлд “15.1.1.Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас санд төвлөрүүлсэн хөрөнгө” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн хуулийн төслийн 20 дугаар зүйлд 20.2.7 дэх хэсэг “Энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4,18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1-22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар” гэсэн заалт шинээр нэмэх, үүнтэй уялдуулан “22.1.Жилийн эцсийн татварын тайлангаар энэ хуулийн 18.2, 18.3, 18.4,18.5-д заасан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар тайлагнасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж, “22.2.Энэ хуулийн 22.1-д заасан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 хоногийн дотор олгоно” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нараас хуулийн төслийн 22 дугаар зүйлд 22.5.1, 22.9 дэх хэсэг шинээр нэмэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. Энэхүү 22.5.1 дэх хэсэгт “аймаг, сумын төв нь нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай тухайн аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, тухайн орон нутагт хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан) байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан татвар ноогдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл (Улаанбаатар) хотоос 500 км-ээс хол байршилтай аймаг, суманд 90 хувиар” гэж тусгасан байв. Харин дээрх хэсэгтэй уялдуулан 22.9 дэх хэсэгт “ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, үйлдвэрлэх, худалдах, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн импортлох, эсхүл дамжуулан худалдах, ярианы чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч борлуулах, үйлдвэрлэх, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто замын байгууламжийг барих, засварлах салбар нь хамаарахгүй” гэж тусгасан байлаа.
Үргэлжлүүлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслөөс 7 дугаар зүйлийг хасах, төсөлд 9 дүгээр зүйл буюу “Энэ хуулийн 1, 2, 3, 4, 6 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртлэх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-нд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдийн олонх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын саналыг дэмжсэн. Иймд Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.6-д заасныг үндэслэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийн талаар санал гараагүй аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, М.Билэгт нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд татварын хувь хэмжээг нэмсэн эсэх, банкин дахь хүүхдийн хадгаламжийн хуримтлалаас татвар авахгүй байх, эсвэл шатлал тогтоох арга хэмжээ авсныг илүүтэй тодруулж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, “Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн хадгаламжийн татварыг тэглэх боломжгүй” гэдгийг онцлоод “Цаашид иргэдийнхээ орлогын мэдээллийн системийн бүртгэлтэй болж, улмаар хүн бүрт дугаар олгох бодлогыг барина. Ингэснээр иргэдийн орлогын түвшинг харгалзан тодорхойлж, бага орлоготой иргэдийн төлсөн татварыг буцаан олгодог олон улсын жишгийг нэвтрүүлнэ” гэж байлаа. Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төслөөр одоо мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн зүйл, заалт байхгүй гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж байсан.
Үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийг “Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого” гэж оршин суугч бус хувь хүний Монгол Улсад байрладаг этгээдэд ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж олсон энэ хуулийн 6.3-т заасан орлого болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.7-д заасан хувь хүнд хамаарах орлогыг” гэж өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Х.Болорчулуун нараас төслийн 23 дугаар зүйлд “нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 25 хувиар 1000 км- ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар хөнгөлнө” гэсэн хэсэг нэмэх санал гаргасныг дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн төслийн 26 дугаар зүйлд 26.6 дахь буюу “Албан татвар төлөгч нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгжид ажиллаж, Монгол Улсад байрладаггүй этгээдээс авсан энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогод ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт төлж, тухайн татварын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт хуулийн төслийн "8 дугаар зүйлийн 8.3-т малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулах” гэснийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжив.
Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 1, 2, 3, 4, 5 дугаар зүйлийн “2018” гэснийг “2019” гэж, 3, 5, 6, 7 дугаар зүйлийн “2019” гэснийг “2020” гэж тус тус өөрчлөх, мөн төсөлд “Энэ хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртлэх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэсэн 9 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Сэтгэгдэл ( 1 )
uusdiinhuu avilga hulgaig 34 ih naydaar urshuuchihuud ard tvmnee deeremdene gj bgaa bol bosohod belen bgaa shvv ,