Сүүлийн жилүүдэд нийгэмд ихээхэн дэлгэрэх болсон аутизмыг өвчин хэмээн үздэг бол шинжлэх ухааны зүгээс өвчин биш зан үйл, нийгэмшлийн эмгэг ч гэж үздэг. Ийнхүү аутизмыг таниулах сарын аяны өдөрлөгийг аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд нэгдэн эхлүүлсэн бөгөөд үүнд Монголын Аутизмын холбоо ТББ, “Аутизм Монгол АНД” ТББ, Монголын Аутизм Судлалын хүрээлэн ТББ, “Тэнгэрлэг ээжүүд” фэйсбүүк бүлгэмийн гишүүд хамтран зохион байгуулсан юм. Тус аян нь Монголд аутизмын эмгэгийг эцэг, эхчүүдэд таниулах, хүүхдээ ойлгож, зөв харилцах үүдийг нээх аж. Монголд 2019 оны байдлаар аутизмтай хүүхэд болон насанд хүрэгсэд 763 байгаа ба үүнээс Монголын аутизмын холбоод 273, “Аутизм Монгол АНД” 247, Монголын Аутизм судлалын хүрээлэн 163, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 520 тус тус бүртгэгджээ. 2014 онд Монголд аутизмтай хэмээн албан ёсоор бүртгэгдсэн ердөө 80 хүүхэд байж. Харин 2019 оны эхний хагасын байдлаар энэ тоо ес дахин нэмэгдэн бүртгэгдсэн байна.
АУТИЗМТАЙ 100 ХҮН БАЙХАД БҮГД ХООРОНДОО ӨӨР ӨӨР ШИНЖЭЭР ИЛЭРДЭГ
Та гэрэл, энгийн дуу чимээнд төвөгшөөдөг үе бий юу. Таны өдөр тутмын амьдрал гэрэл гэгээтэй нягт уялдаж, дуутай,чимээтэй тогтмол зэрэгцэн оршдог байх. Харин энэ нь тэдэнд айдас авчирдаг. Тэд гэж хэн бэ? Аутизмын эмгэгийг биедээ авч төрсөн бяцхан хүүхдүүд. Тэдний чих үргэлж шуугиж, нүд нь үргэлж харанхуйлж айдас хэмээх мэдрэмжид бүхэлд нь автуулах аж. Аутизмын эмгэг гэдэг нь нийгмийн харилцаанд орох чадварын алдагдал, бусадтай харилцах үгэн болон үгэн бус харилцааны дутмагшил, нэгэн хэвийн давтагдмал зан үйлээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг хэмээн эрдэмтэд тодорхойлдог. Аутизм нь өргөн хүрээтэй эмгэг учраас аутизмтай 100 хүн байхад бүгд хоорондоо өөр өөр шинжтэй байх аж. Нэрээр нь дуудахад эргэж харахгүй, дүлий мэт, хүний нүд рүү эгцэлж харахгүй, гэнэт шалтгаангүй инээж, уйлах, хэт мэдрэмтгий болох, хоолондоо дургүй, хэлд орохгүй байх нь аутизмтай хүүхдийн нэн тэргүүний шинж юм.
АУТИЗМ НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ХӨГЖЛИЙН ӨӨР ХЭЛБЭР
Аутизмтай хүүхэдтэй ээжүүд ингэж ярилаа.
ЭМЧ АУТИЗМ БИШ ГЭЖ ХЭЛСЭНД НЬ ТАЙВШИРСАН
-Би анх хүүгээ аутизмтай байж магадгүй гэдгийг сонсоод тэр үедээ энэ өвчний тухай судласан бол нэг жилийг алдахгүй байсан. Гэтэл эмч аутизм биш гэж хэлсэнд нь тайвшраад нэг жил өнгөрсний дараа аутизмын тухай уншиж мэдэж авахад хүү маань яг мөн болж таарсан. Энэ хугацаанд хүүхэд улам бусадтай харьцаж чадахгүй, харьцах сонирхолгүй, нэг үгээр хэлэхэд бусдаас улам ялгаатай болсон байсан. Гэтэл энэ нэг жилийн хугацаанд сургалт заслыг явуулсан бол аутизмын шинжүүдийг нь бага дээр нь зогсоож, засаж, өнөөдрөөс хамаагүй илүү үр дүнд хүрч болох байсан. Энэ үеэр нэрээ хэлэхийг хүсээгүй аутизмтай хүүхдийн ээжээс сэтгэгдлийг нь сонслоо.
ХҮҮГЭЭ ЗУУРАЛДААД БАЙХГҮЙ АМАР ШҮҮ ГЭЖ БОДДОГ БАЙТАЛ АУТИЗМТАЙ БАЙСАН
-Хүүгээ ой зургаан сартайд нь эрдмийн мөр хөөхөөр манайх гэдэг айл Япон руу нүүсэн юм. Тэнд хүүгээ цэцэрлэгт өгөөд удаагүй байтал ангийнх нь багш биднийг дуудаж уулзан, хүүг минь “Хөгжлийн төв”-д үзүүлэхийг зөвлөлөө. Үүний дагуу очиж үзүүлээд, надаас хүүгийн минь тухай олон юм асууж шалгаасны эцэст бид хүүгээ аутизмтай гэдгийг мэдсэн юм. Өмнө нь би ажилдаа хамаг анхаарлаа хандуулаад хүүгээ сайн ажигладаггүй, магадгүй анхны хүүхэд болохоор хүүхэд хэрхэн өсч бойждог талаар төдийлөн сайн мэддэггүй, харин ч арчилгаа багатай, уйлаад хөл, гарнаас зүүгдээд байдаггүй амар шүү миний хүү гэж боддог байв. Анх удаа сонссон энэ эмгэгийн тухай надад ямар ч мэдээлэл байхгүй болохоор аутизм гэж ямар өвчин байдаг, яагаад аутизмтай болдог, эдгэх болов уу гэсэн маш олон асуулт толгойд минь эргэлдэж байсан.
ГАГЦХҮҮ ЗӨВ МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Аутизм хэмээх сэтгэцийн эмгэг нь нийгмийн гарал үүсэл, давхарга, яс үндэс юуг ч үл хамааран ямар ч гэр бүлийн үүдийг тогшиж болно. Гагцхүү уг эмгэгийн тухай мэдээлэлтэй байж, зөв оношилж, улмаар зөв арга хэмжээг авснаар таны хүүхэд биеэ дааж суралцах, илт сайжрах хандлага илрэх юм.
АУТИЗМ НЬ ӨВЧИН БИШ ЗАН ҮЙЛ БОЛОН НИЙГЭМШЛИЙН ЭМГЭГ
Аутизмыг эрт илрүүлж аль болох бага наснаас нь сайн ажиллаж сургаж чадвал засал авч, зарим тохиолдолд бие даан амьдрах чадвартай болж чаддаг. Тиймээс эрт илрүүлэлт ба эрт оролцоо чухал байдаг. Нарийн мэргэжлийн сэтгэцийн эмч нар болон мэргэжлийн сэтгэл судлаачдын баг хамтран оюуны бусад эмгэгээс ялган аутизмын оношлогоо, үнэлгээ хийдэг. Ижил төстэй шинж тэмдэг бүхий бусад эмгэгээс ялган оношлохын тулд сэтгэцийн эмч нар үзлэг, асуулга ажиглалт хийх ба сэтгэл судлаачдын баг зориулалтын тусгай сорил, аргачлал ашиглан мөн ажиглалт асуумжаар хөгжлийн үнэлгээг тодорхойлж эдгээр дүгнэлтийг нэгтгэж эцсийн албан ёсны оношийг гаргадаг байна. Аутизмтай болсон шалтгааныг тогтоох нь хүүхдийг хөгжүүлэх арга зам биш. Түүнээс юу хийх вэ гэдгээ шийдэж хэрэгжүүлэх нь илүү чухал. Аутизмыг үүсгэх шалтгаан маш олон бөгөөд тогтооход маш хэцүү. Тийм учраас яагаад миний хүүхэд аутизмтай болчихов оо? гэсэн асуултад хариулт авч чадахгүй. Үүнд гутарч хэрэггүй. Харин та хүүхдийнхээ өвдсөн шалтгааныг олох биш түүнд туслахыг хичээвэл хүүхдэд илүү үр дүнтэй аж. Гэхдээ аутизм нь өвчин биш буюу зан үйл болон нийгэмшлийн эмгэг учир цус, шээс, рентген гэх мэт шинжилгээгээр илэрдэггүй.
АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮД ТАНЫГ ӨӨРИЙНХӨӨ ЕРТӨНЦӨД ОРЖ ИРЭХИЙГ ХҮЛЭЭДЭГ
Аутизм хүрээний эмгэг дараах байдлаар илэрдэг
• Нэрээр нь дуудахад эргэж харахгүй,
• Шалтгаангүй уйлж, инээх
• Үеийнхээ хүүхдүүдтэй хамтарч тоглохгүй
• Хэлд орохгүй буюу оройтож хэлд орох
• Шинэ орчин, нөхцөлд дасан зохицохгүй
• Нэг л тоглоом, эд зүйлээр зориулалтаар нь бус тоглох
• Төсөөллийн болон дүрт тоглоом тоглох чадваргүй
• Зарим дуу чимээ, ялангуяа чанга чимээнд дургүй
• Янз бүрийн дуу авиа гаргах
• Хэт хөдөлгөөнтэй эсвэл хэт идэвхигүй
• Гараа савах, өлмий дээрээ явах, доороо эргэх
• Бусдын хэлснийг давтаж хэлэх, өөрийн зүгээс хариулт хэлж мэдэхгүй
• Дохио зангаа нүүрний хувирал, дууны өнгө ойлгохгүй
• Хүсэлтээ зааж илэрхийлэхгүй эсвэл хүсэлтээ зохисгүй байдлаар илэрхийлэх
• Унтаж сэрэх цаг нь тогтмол жигд биш, амархан нойр нь солигддог
• Иддэг хоол хүнсний нэр төрөл цөөн, эсвэл цадахаа мэдэхгүй хоолоо хэтрүүлж иддэг, амт үнэрт хэт мэдрэг, өтгөн их хатдаг
• Мэдрэхүй хэт мэдрэг, эсвэл хэт сул
• Дуу чимээ болон олон хүнтэй газар орох, очих дургүй
• Давтагдмал зан үйл хийх
• Бусадтай харилцаанд орохыг хүсэхгүй зайлсхийх
• Аюулаас айж болгоомжлохгүй байх
Аутизмтай хүүхдэд зориулсан сургалт засал
• 186-р тусгай цэцэрлэг
• “Анүүлэн Аз жаргал” цэцэрлэг
• “Хүслийн ордон” тусгай цэцэрлэг
• “ХБХЭЭХ” дэргэдэх “Багваахай төв”
Сэтгэгдэл ( 0 )