Зохиолын ажиглалт эргэцүүлэл нь, урлагийг хайрлах ухааныг төрүүлдгээс гадна шүүмж тайлбарыг өрнүүлдэг “халуун цэг” юм. Авъяас, ухааны бөглөрлөөс тухайн зохиолчийг гаргаж тусалсан гаднын “сэтгүүр” бүтээл байдаг. “Сэтгүүр шүлэг”-ээс эхтэй бүтээлийг шүүмжийн хэлээр “Плагиат (плагиатор)” гэдэг. Шүүмж бичлэгийн ийм томъёоллоор нэрлүүлсэн, зохиолын цөөн жишээ сонирхъё. Зохиолоороо уншигчаа олдог, бас шүүмжийг туслагч, зөвлөгчөө болгож суралцсаны ач тус гэж зохиолч нөхдүүд ямагт дурсдаг. Сайхныг уншсанаа хэрэглэгчид хэлэх нь нөгөө тал. Иймд хоёр тал (уншигч, зохиолч)-ын хэрэглээний бичил баримтуудаас энэ тэмдэглэл бүрдэв. Д.Данзанравжаа хутагт Богд залагдаж, бас заларч явааг “Дөрвөлжин шар жуузаараа Дөтийн замаар заларна Дөрвөн аймгийн ноёд нь Даншиг өргөөд мөргөнө” гэж өөрийн шүлгийн мөр давтсан аялгуут бадгийг “Хүрэнхэн хөх мориороо”, “Түргэн Туулын хөвөөнд” нэртэй огт ондоо хоёр шүлэгтээ давтсан нь авъяас ухаанд тохиолдох “бөглөрөл” төдийгүй, түүнийг плагиат (хулгай)-аар бус, өөрийн мөр бадгаар “сэтгүүрдэж” тайлсныг үлгэрлэх жишээ юм.
Хожим цэргийн хуаранд зохиогдож, эрчүүд дуулсан “Шивээ хиагт” дуунд Д.Данзанравжаа хутагтын дээрх мөрийг оруулж, “Дөрвөлжин сүмийн үүдэнд Дөрвөн пулемъётоо зоогоод Дүрэмгүй муусайн гамингуудыг Дөтийн замаар нь тонилгов” хэмээн баяжуулсан хороо цэргийн аман шүлэг нь нийгэм дэх догматик сэтгэлэг, бүдүүлэг социологизмын ноёрхлыг амьдралаас халж, шинэчлэхэд уриалснаас гадна, Монголын шинэ үеийн дууны шүлгийн үүслийг тавилцсан сэтгүүр мөрүүд гэхэд эргэлзэх юмгүйг тэмдэглэе. Д.Нацагдорж, С.Есенин нарын “Од” нэртэй шүлгүүд ижил төстэй бичлэг олонтой. Үүнийг утга зохиолын судалгаанд плагиат гэж хэлээгүйгээс үзвэл, Д.Нацагдоржийн авъяас, ухааны бөглөрөл тайлсан шүлэг биш бөгөөд, зууныг анхлах зохиолын түүхийн хувьд сэтгүүр “Од” бүтээлээр ялгарах юм. Р.Киплингийн “Өрнө бол өрнө Дорно бол дорно Өрнө дорно хоёр Өөд өөдөөсөө харалцахгүй Тэд байрнаасаа хэзээ ч хөдлөхгүй ” гэх шүлгийг Лан Коффин АНУ-д орчуулж, Майкл Жексон дуулсан. Үүнийг Ч.Чимид, Н.Нямдорж нар сэтгүүр болгож, тус тусын шүлэгтээ оруулж бас л “өмчилсөн”-ийг хэлэлгүй орхисон намайг уншигчид буруутгахдаа, Киплинг хуулагчид гэж тэднийг маань зэмлэбэл яана. Францын эртний хаан Го.Филиппийн шүлэглэсэн захидал “Монголын амар амгалан” гэдэг нэртэй байдаг юм. Захидлын агуулга болон түүний мартагдсан үг хэллэг дүрслэлүүд Ц.Бавуудоржийн шүлгээр сэргэж, улмаар ”Монголын их амар амгалан” гэх нэрэнд нь нөлөөлснийг үл анзаарснаар үлдээвэл, уншигч танаас би шүүмж сонсох байх. Гэвч эртний Франц улсын хааны ирүүлсэн сайхан захидал Монголдоо байдгийг мартсан уншигч нартаа эргэн мэдээлж, түүнийг илчлэн судлуулах боломж өгснөөр зөвтгөвөл, шүлгийн сэтгүүр нь тэр захидал. Захидлын “амьдаа”, Монголын их амар амгалан шүлгээ Ц.Бавуудорж “алтдуулах”-аас нэлээд өмнө, мөн улсын зохиолч Поль Элюар (Франц)-ын “...Сон мөрний усан дээр Сайн нохойн үсэн дээр Эрх чөлөө чамайг бичнэ би” гэх мөрүүдтэй “Эрх чөлөө” шүлгийг сэтгүүр болгож, хэлбэрээр нь Д.Пүрэвдорж, “Тусгаар тогтнол” гэх алдартай найраглал (плагиат)-аа зохиосныг танд ажиглуулбал, бичвэрийг үл зөвтгөх ч “сэтгүүр” зохиолтой эн зэргэцэх монгол бүтээл уншуулах гэсэн зохиолчийн эрмэлзлийг шүүмжлэх аргагүй биз.
Ц.Дамдинсүрэн “Ертөнцийн чимэг”-ээ хэрэг явдлыг санаанаас зохион үлгэрчлэхдээ “Үлэмжийн чанар (Д.Рабжай)”-ыг, “Монгол нутаг” шүлгээ “Галбын уулын магтаал (Д.Рабжай)”-аас нь дууриал аван баяжуулж, “Эелдэг цасан цээживчтэй Элдэв цэцгийн цамцтай Эрээн зүлгийн хормойтой Эрдэм төгс...” уул гэсэн сэтгүүр шүлэг авч, түүнийг шинэчлэн уламжилсныг нийгэм судлалын үүднээс “балбах” гэвэл ямар “лантуу”-г хэрэглэх вэ? Ийм туршлагаар баяжуулсан нь дараах шүлгүүдэд хэр байгааг, харьцуулах сонирхлоос үүдсэн уран сайхны шүүмжлэлийн бяцхан тэмдэглэлээ үргэлжлүүлье. Б.Ринчений,
“Өнгөт ертөнцөд сайхан газар олон бий
Өлгий нутгаас минь сайхан газар үгүй
Эрдэм сурахад хэл бүхэнд сайхан бий
Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл үгүй” гэсэн сэтгүүр бадгийг сануулдаг, “Эх орон” дууны үгийг Х.Чилаажав бичжээ. Х.Чилаажавын үгэнд,
“Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй” гэх нь нуухын аргагүй баримт л даа. Зурсан зургаасаа болоод юм юм сонсож явсан гэх Б.Лхамжав “Улаан хоормог хорвоо (УБ.2004)” шүлгийн номдоо, “Цагаан сүүний ургамал би Цаг тооны үргэлжлэл би (8т.Иркутск-1966он)” гэсэн мөрүүдтэй шүлэг хэвлүүлж, Б.Лхагвасүрэнтэй маргалдсаны улмаас “Энэ мөрүүдийг би бичсэн юм” гэж “Өдрийн сонин (2015)”-ы хэлэх эрхийн индэрт оролцохдоо хэлснийг сэтгүүлч (Б.Эгшиглэн)-д тэмдэглэсэн нь нэгийг бодогдуулна. Д.Сэнгээгийн “Хязгаарын цэргийн байлдагч” шүлгийн “Буйрын тунгалаг нуураас Алтайн сүрт оргил хүртэл...” гэх сэтгүүр мөртэй бадгийг нэлээд сүүлд П.Бадарч шүлэг найрагтаа урвуулсныг бичилгүй, “Аман сэтгүүр” нэрээр зөвтгөн, зөвлөгөөний танхимд хэлснээс болж, шүүмжийн бодит баримтыг нууж, дарсан хэрэгт орж, судлаач нөхдөдөө зэмлүүлж явлаа.
Мөнгөн аяга шиг гар (Б.Я) гээгүй л болохоос “Болжиморын даль шиг гараас нь Борооны дуслыг уухсан (Я.Бадамсүрэн.Дурлал минь салхи минь. 2005.17т)” гэсэн бол, Д.Ган-Очир “Дуулж суугаад уйлах гэж Эх орон Монголдоо төрсөн юм (Цаг хугацааг нэрэхүй.УБ.2006.2т)” гэх, “...Тулааны суманд сийчүүлсэн Туг болох минь ч яалаа даа (Ш.Сүрэнжав)” мөрүүдийн цаана, хугацааны шалгарлаар яривал, сэтгүүр нь Б.Явуухулан л сонсогдоно. “Сэтгүүр бүтээл”-ийг судалгаанд оруулбал, урлагийн “уураг тархи”-ны нэг эд эс нь болж, авъяас, ухааны бөглөрлийг сэтгүүрдсэн тайллын үүрэгт бүтээл гэгдэх, үндэсний бүрэн томъёоллыг гаргаж ирнэ. Бас шүүмжийн үг хэллэгт байршсан эши тайлбараар уншигч нарт мэдлэг бүтээх аман нэршил. Мөн Ш.Сүрэнжавын “300-н хүүхэн” гэх хошин дуурь, Р.Чойномын “Зоо хүүхэн” зохиолуудыг нэг бүтээлийн нэр гээд хэлчихвэл танд намайг зэмлэхээр төрсөн тэр бодлыг тань, “Зоо” эсвэл “300” гэх нэрийн сэтгэмж нь сарниулна. Шүүмжлэх баримт гэдэг нь ингэж гарч ирнэ.
Харин Б.Явуухулангийн “Нарны илч шиг төөнөөд ирэхдээ дурлал Гантиг ханыг ч бол нэвтлээд орно Нүүдлийн шувуу шиг буцаад явахдаа дурлал Ган аргамжийг ч бол мултраад арилна (Дурлал)” гэх сэтгүүр шүлгээс “ДУРЛАЛ” гэдэг үг нь “Мөнгө” болон солигдож, дурлалын бус ”мөнгө” төгрөгний үгүүлэмжтэй плагиат дүрслэл үүссэнээс, “Мөнгө (З.Түмэнжаргал)” нэртэй “рок поп” дуу нийтэд түгж дуулагдсаныг тэмдэглэе.
Галидасын “Үүлэн зардас” зохиолд байдаг “Амраг хонгороосоо олон сар хагацан уйдаж суусаар турж Алтан бугуйвч царвуунд тогтохгүй Бүрбасад сар төгсөх өдөр (орч.Б.Ринчен.УБ.1963.25т)” гэдэг мөртэй бадгаас түүвэрлэж, тураалын үгүүдээр утгалсан П.Сандуйжавын шүлгийн дууг сонсогчид тураалтай хүмүүсийн гэснээ, “Ээжийн бор аяга”-ыг нь өлсгөлөн хүний дуу гэхчлэн хочилсоор ажээ.
Ж.Занын “Орсон гарсанд унд устай Олон хүүхдэд дарагдсан[Тэнгэрийн нулимс.УБ.2009.12т]...” гэх дүрийн мөрүүд гарсны дараахан хэвлүүлсэн номдоо Г.Равдан, “Эгэл хүмүүс (Сэтгэлийн цагаан суварга (ном) 102т)” нэрээр шүлэг болгож, түүнийг бараг чигт нь “Олон хүүхдийн одонтой Орсон гарсанд цайтай” гэх хувилбар бүтээснээс Ж.Занын шүлэг сэтгүүр бүтээл болжээ. Ж.Батсайханы (Эр дунд нас.УБ.2008.39) “Ээжийн шүлэг”-т “Өглөө бүхний нартай хамт мандаж байг Өдөр бүрийн галтай хамт улалзаж байг” гэхэд Зайсан дахь хөшөөний үг (Д.Пүрэвдорж), “Ээжийн амсуулаад өргөсөн цацлын сүү нь цагаан Алсаас гялалзах уулсын оргил мөнх цагаан... (“Юндэнгөөгийн нутаг.УБ.2008.14т)”гэснийг нь П.Бадарчийн шүлэгтэй адилтгах уншигчид байгаа бол, плагиат бүтээл нь Ж.Батсайханых болох шүү дээ. Ч.Билигсайханы “Ижий уул” шүлгийн хэлбэр Р.Болормаагийн “Их газрын чулуу.УБ.2005.32” номд “Зүүд аргадах жаргалан” нэрээр орж “Санасан бүхэн суудал засамгүй сонин уул Салхин зүгт сүмбэрлэсэн ноён уул Санахын цагт аргадсан зүүд уул...” болсныг авъяас ухааны бөглөрлөөр тайлбарлах аж.
Б.Хүрэлбаатарын шүлгийн “Торгууд морьдын тоос дугуй дугуй хээтэй” гэх санаа Д.Одгэрэлийн “Зүрхэнд гэрэлтэх тэнгэр” шүлгийн мөрөнд орж, “Дээлийн хормой хийсгэн хатирах морьтон Дугуй дугуй угалзтай тоос татуулан... (1-17т)” давхих нь бас л нэн эгдүүтэй. Ш.Гүрбазарын үг хэллэгээс, Б.Лхагвасүрэний шүлгийн аяс дам сонсогддог нь уншлагыг чимэглэдэг байж ч болохын учраар ая даны тал руу татвал, дээрх хоёр зохиолчийн бичлэг дашрамдаа давхарлаж “сэтгүүр” болсныг, Р. Эмүжиний “Ээжийн суугаа нутгийн Салхин зүгээс сүү үнэртдэг Энгэр газрын чулуу нь Санаа алдахад хөлөрч хонодог (Ээжийн минь...)” гэх шүлгийн хуулга мөр, бадгийн бүтээц харуулна.
Т.Жамъянсүрэний “Тос өөхөн биетэй байж
Тоос хирийг цэвэрлэнэ
Хайлан уйлан байсаар
Хайран биеэ барна (Саван.1968.14т)” гэсэн оньсого хэвлэгдсэн даруйдаа, Ж.Дашдондогийн “Гурван баатар” нэртэй мөчлөг шүлэг дотор орж уншигдсаар шүү дээ. Ийм үүсэлтэй бүтээлийг дэлхийн зохиолын судлалд “плагиат” гэнэ. Плагиатыг хэл бүр өөр утгаар орчуулж хэрэглэдэг.
Харин Монголд л “Хулгай”-н утгатай. Тэгвэл биеэ “Хулгайлуулаад” хоцордог зохиолыг нь “сэтгүүр” бүтээл гэдэг байна. Энэ бичил тайлбарыг “Идсэн эрүү биш, идүүлсэн бут” ургадгийн үлгэрээр урвуулбал, авьяас ухааны түгжрэлийг гаргах “Сэтгүүр” болж, биеэсээ “плагиат” төрүүлж хоцорсон, тийм “ээж” зохиолууд байдгийг уншигчдад сонирхуулав.
Утга зохиол судлаач Данзанноровын Хүү
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 0 )