Өмнөх спикерийн захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсэг Дубайн хэлэлцээрийг цуцлах шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гаргаснаа УИХ-ын шинэ даргын ширээн дээр тавьчихаад байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар 2015 оны тавдугаар сард Дубай руу нисч очин “Оюутолгой”-н Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг баталсныхаа дараа “Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубайд хэлэлцээр хийсний эцэст гарын үсгээ зурлаа. Өнөөдөөс эхлээд Оюутолгой бол Засгийн газрын ч асуудал биш, улс төрийн ч асуудал биш болно. Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тийм учраас улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюутолгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй адилхан Оюутолгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон” хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл тэр ингэж хэлснээс хойш дөрвөн жил өнгөрч байхад Оюутолгой улс төр, эдийн засгийн халуун сэдэв хэвээрээ байсаар өнөөдрийг хүрэв. Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг тайлан, дүгнэлтээ ҮАБЗ-д хүргүүлчихээд байгаа. Ажлын хэсгийг бүрдүүлсэн таван дэд ажлын хэсэг хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд долоон чиглэлээр санал, дүгнэлт гаргаад байна.
Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэхтэй холбоотой асуудлыг ҮАБЗ авч хэлэлцэх шаардлагатай гэж үзээд байгаа юм. Энэ бол ҮАБЗ-д хүргүүлсэн долоон чиглэлийн нэг нь.
Тэгвэл үүн дотор тусгагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой анхаарал татсан асуудал юу болохыг, ҮАБЗ чухам юунд анхаарах ёстой вэ гэдгийг тодруулж өгөх нь зөв болов уу.
Хөрөнгө оруулагчид зоргоороо шийдсэн нь...
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулахад манай талаас Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор Монгол Улсын Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гарын үсэг зурсан бол Хөрөнгө оруулагч талаас хамгийн эхэнд Р.Фрийдландын “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед” компани эрэмбэлэгдэж, араас нь “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” бичигдэж байв. Арван жилийн өмнө гэрээ анх байгуулагдахад төслийг хэрэгжүүлэх гол эрх мэдэл “Айвенхоу Майнз”-д байсныг сануулъя.
Тэгвэл гэрээ байгуулагдсанаас хойш гурван жилийн дараа буюу 2012 оны эхээр Оюутолгой төслийг Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани өөрийн менежментийн дагуу удирдах бүрэн эрхтэй болсон юм. “Айвенхоу Майнз” компани 15.1 сая ширхэг хувьцаагаа “Рио Тинто”-д худалдсанаар ийм зүйл болж байв. Монголын уул уурхайн салбар дахь хоёр гол тоглогч Оюутолгой төсөл дэх эрх мэдлийн хуваарилалтаа ийн өөр зуураа хөнгөхөн тохироод хийж байх үед Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн гол тал нь болох Монголын Засгийн газар таг чимээгүй байсан юм. Нэгэнтээ эрх мэдлийн эрэмбэ солигдсоны дараа буюу 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр “Засгийн газрын хуралдаанаар “Рио Тинто” компани нь “Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа” гэх мэдээлэл гараад л өнгөрсөн юм. Өнөөдөр Сангийн яамыг удирдаж буй Ч.Хүрэлбаатар сайд долоон жилийн өмнө уг асуудлыг гишүүдэд танилцуулж байсан гэсэн үг.
Оюутолгой төслийн хүрээн дэх хувь нийлүүлэгчдийн гэрээнд “Менежментийн баг нь Айвенхоугийн нэгдмэл сонирхолтой этгээдэд менежментийн чиг үүргээ хэсэгчлэн шилжүүлэх эсхүл туслан гүйцэтгүүлэх замаар шилжүүлж болно. Энэ тохиолдолд менежментийн хөлсний шилжүүлсэн эсхүл туслан гүйцэтгүүлсэн менежментийн үүрэгт ногдох хэсгийг (менежментийн багийн тодорхойлсноор) Компани нь тухайн нэгдмэл сонирхолтой этгээдэд шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр бий.
Харин хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тохиролцсон зүйлүүд дотор “Айвенхоу Майнз” компани болон “Рио Тинто” компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу “Рио Тинто”-гийн зүгээс “Айвенхоу Майнз”-ын хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюутолгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрснийг; харгалзсан гэх өгүүлбэр байдаг. Энэ нь төслийн шууд удирдлагын эрх мэдлийг хоёр компани хоорондоо ярьж байгаад шууд шийдчихэж болохгүй гэсэн ойлголтыг өгч байгаа юм. Гэсэн ч “Рио Тинто” хувь эзэмшлээ ахиулах замаар Монголын Оюутолгой төслийн удирдлагыг өөртөө авсан байдаг.
Нөгөө талд “Айвенхоу Майнз” Оюутолгой дахь менежментийн эрхээ шилжүүлсэн ч ашиг хүртэх боломж нь хэвээрээ үлдсэнийг эдийн засагчид хэлдэг. “Айвенхоу Майнз”-ын толгой компани Канадын Ванкувер хотод байрладаг. Компанийн засаглалын бүтэц нь толгой компани ба охин компаниудыг нэгтгэсэн группийн бүтцээр явагддаг. Охин компаниудаа Нидерланд, Их Британий Виржиний Арлууд, Аруба гэхчлэн газар сайгүй тархаан байгуулдаг бөгөөд охин компани бүр нь өөрийн хөрөнгө бүрэн эзэмшиж, удирдах замаар бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийдөө бол бусад үндэстэн дамнасан корпорациудтай ижил xөрөнгөө тусгаарлах, татвараас зайлсxийх, бизнесийн чиглэлээ салгах, тухайн улс оpнуудын xууль тогтоомжийн давуу болон сул талыг ашиглах зорилгоор ийнхүү охин компаниудыг хаа сайгүй байгуулж иржээ.
Тэгвэл энэ нь дэлхийн 35 оронтой “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ” буюу давхар татварын гэрээ гэгчийг байгуулсан манай улсад сөрөг нөлөөтэй аж. Жишээ татахад, “Оюутолгой” компанийн 2014 оны цэвэр ашгаас Нидерланд дахь толгой компани руу шилжүүлэх ногдол ашгаас Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээний 10.3 дахь заалтаас болж татвар суутган авахгүй тохиолдолд манай улс 110.4 тэрбум төгрөгийн татварын алдагдал хүлээхэд хүрсэн талаарх тооцоолол байгаа юм.
Тэгвэл Оюутолгой компанийн 2018 оны гүйцэтгэлийн тайланг харахад Монгол Улсад зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 8.7 тэрбум ам.доллар, 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцуулсан гэж мэдээлж байгаа юм. Тодотгоход, Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд долоон төрлийн татварын хувь хэмжээг тогтворжуулахаар тохиролцсон байдаг. Тэдгээр нь ААН-ийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, НӨАТ, Онцгой албан татвар, АМНАТ, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар юм. Ер нь бол татварын харьцангуй зөөлөн бодлого дор “Оюутолгой”-н эрх мэдлийг эзэмшигч хөрөнгө оруулагчид урагшилж буй. Тэгсэн хэрнээ ногдол ашиг суутгуулахгүйгээр толгой компани руугаа мөнгө шилжүүлэх эрх зүйн орчинтой байгаа тухай асуудлыг шийдвэр гаргагчид анхаарч үзэх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ компани бол барууны орнуудын даалгавраар Монголын бүх баялгийг дээрэмдэх зорилгоор ажиллаж буй евлейн удирдлагатай, дээрэмчин компани юм.
buruu ajilagaa buriig zogsooj huchingui bolgoj baina ..buruu toltvlogoo shiidber buriig ustgaj baina. buruu huch buriig uh uh uh gej tushaaj baina.sain saihan zuil baigaa bol oson urjij orgojin teleeed bat zzogsoh boltugai.