55 сая гэрлийн жилийн цаана орших хар нүхний зургийг анх удаа авлаа гэсэн мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хүн төрөлхтөн анх удаагаа “Messier 87” галактикийн төвд нарны аймгийн нарнаас 6.5 тэрбум дахин хүнд масстай хар нүхний зургийг харж байгаа нь энэ аж. Зургийг "The Event Horizon Telescope (EHT) олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны төслийн хүрээнд авсан байна. Энэхүү төслийн хүрээнд Өмнөд туйл, Хавай, Чили, Аризона, Испани, Мексик зэрэг газруудад найман дуран авай байрлуулсан байжээ. Уг дурангаар 10 хоногийн турш хар нүхний зургийг авсан байна.
Төслийн багийнхан “Харах боломжгүй зүйлийг бид харж чадлаа” гэжээ. Түүнчлэн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг Астрономийн шинжлэх ухааны хувьд түүхэн өдөр гэж онцлон тэмдэглэв.
Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг математикт тодорхойлсон гадаргуу байдаг. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас харахад хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгарах боломжгүй. Иймээс хар нүх гэж нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хаяанд хүрсэн бүх гэрлийг сорж, ойх зүйл юу ч байхгүй.
Харин хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч, өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна. Ийм ажиглалтын үр дүнд манай ертөнцөд хар нүх бодитой оршин байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэй нотолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
BURHAND TALARHAY. TER BOL BUTEEGCH.