УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөхөөр Д.Бадарч ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

УИХ-ын дарга Г.Занданшатар Нийгмийн бодлогын зөвлөхөөрөө Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Дэндэвийн Бадарчийг ажиллуулахаар болжээ.

Олны дунд “ШУТИС-ийн Бадарч”, “ЮНЕСКО-гийн Бадарч” хэмээгддэг Д.Бадарч МУИС-ийн харьяанд Политехникийн дээд сургууль гэж байхад багшилж, дараа нь КТМС-ийг байгуулж, Техникийн Их Сургууль, ШУТИС болоход нь ректороор ажиллаж, Монголын дээд боловсролыг дэлхийн стандарт, жишигт хүргэх анхны шан татсан гавьяатанд тооцогддог байна. Түүнчлэн НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн юм.

Тэрбээр ЮНЕСКО-д 15 жил ажилласан. Энэ он жилүүддээ ОХУ-ын Москва хот дахь ЮНЕСКО-гийн бүсийн төвийн захирал, Армен, Азербайжан, Беларусь, Молдав, ОХУ-д ЮНЕСКО-оос суугаа төлөөлөгч, ЮНЕСКО-гийн Мэдээллийн технологийн боловсролын олон улсын хүрээлэнгийн захирлын албыг 11 жил хашиж, Парис, Ташкентад 4 жил төлөөлөгчөөр ажиллажээ. 

Д.Бадарч дэлхийн 30 гаруй улс орны сургалтын туршлагыг нэгтгэн судалж, мэдээллийн технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх асуудлаар төсөл удирдаж, Massive online open course буюу Нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан нь АНУ-ын Ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна. 

Д.Бадарч нь Монгол Улсын ШУТИС, ОХУ-ын Уралын Техникийн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Юта мужийн их сургуулийн хүндэт профессор бөгөөд Японы Тохокугийн их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотын уул уурхайн их сургууль, Германы Дармштадтын их сургуулиудад зочин профессороор уригдан ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top