“Жаст”-ын Ш.Батхүү “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн маргаанд уг зээлд батлан даалт гаргасан байж мэдэх “Эрдэнэт” үйлдвэр 2013 оны есдүгээр сараас татагдан орж, улмаар олон улсын Арбитрын шүүх дээр хэдэн жил байцаагдсаны эцэст зээлийн хариуцагч болж шийтгэгдэв. Зээлийн төлбөрт тийнхүү “Эрдэнэт” үйлдвэр 40 сая ам.долларыг төлөх болж, үүнийг Арбитрын шүүхийн шийдвэр ёсоор гүйцэтгэж байгааг хоёр хоногийн өмнө Засгийн газрын зүгээс мэдэгдлээ. “Стандарт” банкны уг зээлийн асуудал 2013 онд “Хадгаламж” банк дампуурахтай зэрэг олон нийтэд ил болсноор Ш.Батхүү наймдугаар сараас нь Монголын хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн юм. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн зээлийн баталгааны гэрээг хуурамчаар үйлдэн энэ зээлийг авсан гэж хэрэг хүлээсэн байдаг. Хэрэв энэ үнэн юм бол “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр Ш.Батхүүгийн зээлийг төлөх нь бүү хэл, “Стандарт” банкны нэг адил хохирогч болох ёстой. Гэвч тэгсэнгүй. Яагаад?!
“Эрдэнэт” үйлдвэр дээрх зээлд баталгаа гаргасан гэрээг Ш.Батхүү гарын үсэг дуурайлган хуурамчаар үйлдэхдээ өөр нэг гэрээг ашиглаж, хуудсуудыг нь сольсон гэж хэлдэг. Үүнийг тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, тэр дундаа Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал баталж, хуудсуудыг нь дундаас нь сольсон гэх эх гэрээг хуулийн байгууллагад өгсөн гэдэг. Харин дундаасаа хуудас хуудсаараа “солигдчихсон” гэгддэг тэр жинхэнэ гэрээний эх хувийг Монголын хуулийн байгууллага Арбитрын шүүхэд гаргаж өгөөгүйгээс болоод Арбитрын шүүхэд ялагдсан гэдэг мэдээлэл бий. Сүүлдээ ч гэрээний эх хувийг хурааж авсан хуулийнхан биш “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч тал буруутай гэх мэдэгдлийг ч албан тушаалтнууд хийх болсон.
Тэгэхээр эндээс тодорхой хоёр эргэлзээ үүсч байна. Юу гэхээр зээлийн баталгаа хуурамч гэдгийг Арбитрын шүүх дээр нотлохгүй байж байгаад өр төлөх сонирхол хэн нэгэнд байсан, эсвэл “гэрээ хуурамч” гэдэг нь худлаа байсан болж таарлаа. Тэгвэл чухам аль нь үнэн бэ?
“ЕЭВЭНГИЙН НӨГӨӨ ТАЛ” БУЮУ ГЭРЭЭНИЙ ЭХ ХУВЬ ХААНА БАЙВ?
Баримтууд болон талуудын урт хугацааны маргаанаас ажиглавал “Стандарт” банк “Жаст” групп хоёрын хооронд зээлийн харилцаа үүсч байх үед буюу 2009 оны үед “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” групптэй худалдан авалтын гэрээтэй байжээ. Зээл авч буй этгээд тогтмол орлоготойгоо нотлох үүднээс “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг болон нефть бүтээгдэхүүн нийлүүлдэг гэрээгээ баталгаа болгон үзүүлсэн нь “Стандарт” банкны хувьд “зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах арга”-д тооцогджээ. “Стандарт” банк анх “Эрдэнэт үйлдвэр “Жаст” группийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргасан учраас” гэдэг үндэслэлээр 51 сая ам.долларыг Арбитрын шүүхээр дамжуулан нэхэмжилсэн байдаг нь ийм учиртай. Үүнийхээ гол нотолгоо болгон “2009 онд Жаст групп” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Стандарт банкны хооронд байгуулсан Богино хугацааны батлан даалтын гэрээ гэх зүйлийг Арбитрын шүүхэд гарган өгсөн байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн тэр үеийн удирдлагууд болон иргэн Ш.Батхүү нар Арбитрын шүүхэд мэдүүлэхдээ “Энэ гэрээнд “Эрдэнэт” үйлдвэр ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг тусгасан. Эх хувь нь Монголын хуулийн байгууллагад байгаа” гэж анх мэдүүлжээ. Арбитрын шүүх эндээс эхлээд л уг гэрээний эх хувийг авчрахыг шаардсан ч Ш.Батхүүтэй холбоотой эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт байгаа гэх тус гэрээний эх хувийг хуулийн байгууллага гаргаж өгөөгүй удаасан аж. Энэхүү арбитрын маргаанд “Эрдэнэт” үйлдвэрийн талд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан “Тайлор Уэссинг” компани Монголын хуулийн байгууллагуудаас гэрээний эх хувийг ирүүлэхийг хүссэн албан бичиг ирүүлсэн ч “хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэдэг хариуг ЦЕГ болон бусад байгууллагуудаас өгч байж. “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд үүнээс хойш 2018 оны зургаадугаар сар хүртэл АТГ, Цагдаа, прокурор гээд олон байгууллагад гэрээний эх хувийг Арбитрын шүүхэд нотлох баримтаар явуулж өгөөч, тэгвэл өр төлөхгүй байх боломж байна гэсэн хүсэлтийг удаа дараа явуулж байсан баримт байна. Ингээд 2018 оны зургаадугаар сард тэдгээрийг арай гэж АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтэст ирүүлснийг “Тайлор Уэссинг” компанид шуудангаар явуулсан байна. Харин “Тайлор Уэссинг” хуулийн фирм өмгөөллийн үйл ажиллагаандаа баримтаар ашигласан ч “шүүх эдгээрийг шийдвэрт нөлөөлөх ач холбогдолгүй гэсэн хариуг өглөө” хэмээн Монголын талд буцаагаад шуудангаар ирүүлжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн төлбөрт унагасан гол гэрээг Ш.Батхүү хуудас, хуудсаар нь сольж хуурамч гарын үсэг үйлдсэн гэдэг нь худлаа. Харин манай хуулийн байгууллагынханд нийт таван жил хадгалагдаж, Арбитрийн шүүхэд гаргаж өгөхгүй гурван жил хав дарсан гэрээний “эх хувь” гээч нь л “хуурамч” байсан бололтой!
Арбитрын шүүхэд яг хэрэгтэй үед нь энэ баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн бол яах байсныг мэдэхгүй. Ямартай ч гурван жил нэхүүлж байж эх хувийг өгсөн нь баримтаас харагдана. Монголын хуулийн байгууллага Арбитрын шүүх дээр манай талд ашигтай баримт болох гэрээний эх хувийг хожуу ч гэсэн өгсөн үү, өгсөн. Тэгэхдээ цаг хугацааны хувьд ямар ч утгагүй болсны дараа өгсөн гэж ойлгогдож байна. Нөгөө талаас ямар ч байсан Арбитрын шүүхэд гаргаж өгсөн гэрээний эх хувьд “... Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт байсан юм бол яагаад шүүхийн шийдвэрт нөлөөлсөнгүй вэ. Эсвэл гэрээний эх хувь дээр “Эрдэнэт санхүүгийн ямар нэг хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт байгаагүй юм болов уу гэсэн эргэлзээ ч төрж болохоор.
Уг нь яг ийм заалт байсныг нь Ш.Батхүү хуудсаар нь сольж, тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалын гарын үсэг болон бусад албан тушаалтны гарын үсгийг дуурайлган хуурамчаар үйлдсэн гэдэг. Харин Ш.Батхүүг эрүүгийн хэрэгт шалгаж эхлэхэд уг гэрээний эх хувь Б.Мөнхжаргалын гэрт байсан ч гэдэг. Тэгэхээр эх хувь гээд байгаа нь яг эх хувь мөн эсэх ч эргэлзээтэй байх аж. Юутай ч, зээлдэгч “Жаст групп”-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн утгатай гэрээг “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд гаргаж өгсөн нь үнэн аж. Энэхүү гэрээндээ “...санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн утгатай заалт орууллаа ч энэ нь гэрээний бүхэл агуулгыг үгүйсгэх чадамжгүй гэдгийг хуульчид хэлж байна. Эцэст нь эндээс нэг таамаг дэвшүүлж болохоор байгаа нь “Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн төлбөрт унагасан гол гэрээг Ш.Батхүү хуудас, хуудсаар нь сольж хуурамч гарын үсэг үйлдсэн гэдэг нь худлаа. Харин манай хуулийн байгууллагынханд нийт таван жил хадгалагдаж, Арбитрийн шүүхэд гаргаж өгөхгүй гурван жил хав дарсан гэрээний “эх хувь” гээч нь л “хуурамч” байсан бололтой.
Сэтгэгдэл ( 3 )
Muu novshnuudiin buh hurungiig ni huraagaad hudulmuriin kolonid yavuulaachee. Ajil hiij zurag tend.
Эрдэнэтийг МАН-ын хэсэг нөхөд санаатайгаар хувааж идсэн хэрэг ш дээ. Хуурамч гэрээ гэдэг бол хувааж идсэнээ нуух гэсэн оролдлого.
Гарын үсэг хуурамч байна гэж хаана ч байхгүй. Эд үгсэн хуйвалдаж Батхүү нь ялаа эдлэхээртохиролцсон хэрэг шүү дээ. Манай төрийн томчууд, цагдаа, хууль шүүхийнхэн ард түмнээ дэндүү доромжлох юмаа.