Таван мянган ажлын байр дагуулах ХҮНД хөтөлбөр хүлээлгийн өрөөнд байна

2019 оны 04 сарын 17

Манай улс анх удаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-г батлаад хэдхэн хонож байна.  Аж үйлдвэрийн салбарыг 15 жилийн хугацаанд хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг зураглалаа дөрвөн жилийн өмнө цаасан дээр буулгасан манай тухайд хөрсөн дээр буулгах чиглэлийн ийм нэг шийдвэр гарсан нь сайн мэдээ. Гэхдээ төлөвлөсөн, тогтсон хугацаандаа багтаж байгуулагдах эсэх нь том асуудал.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж буй тухай мэдээлэл анхаарал татаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Хөтөлбөрийн хүрээнд чухам ямар үйлдвэрүүд  хөрсөн дээр буух вэ гэдэг  сэдэв бодлого боловсруулагчдын ширээн дээр байгаа хэвээрээ. 2018 онд “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг салбарын сайдын  тушаалаар байгуулагдаж, мөн оныхоо арванхоёрдугаар  сарын 5-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Ер нь бол хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлийг манай улс  олон ч баримт бичигт тусгаж өдийг хүрсэн.

Цаасан дээрээс өндийгөөгүй БОДЛОГУУД

Хөгжилд хүрэхэд БОДЛОГО эргэлзээгүй чухал. Харин манай тухайд бодлого нэртэй бичвэрүүд цаасан дээр олонтаа үзэглэгддэг ч, бодит үр дүн барагтай  гардаггүй тул бодлого гэдэг үг үнэ цэнээ алдаад буй билээ. Гэсэн ч байгаа оносон зөв бодлогод суурилсан шийдвэрүүд энэ улс оронд ус агаар шиг хэрэгцээтэй хэвээрээ байна. Тэгвэл үйлдвэрлэл тэрдундаа хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд төрөөс сүүлийн жилүүдэд ямар бодлого баримталж ирсэн бэ гэдэгт  анхаарал хандуулъя.

2016 онд УИХ-аар батлагдсан   “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээг 2030 он гэхэд 50 хувьд хүргэхээр тусгасан байдаг. Мөн Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд зэс, алт цэвэршүүлэх болон газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, хар төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгачихсан.  Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгыг дэвшүүлэн тавьсан.

 Гэвч энэ бодлогын баримт бичиг батлагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч, бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хүнд үйлдвэрийн зорилтот хөтөлбөрийг өнөөг хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүйг УУХҮЯ хүлээн зөвшөөрч байгаа юм. Тиймээс цаашид хүнд аж үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор  хүнд аж үйлдвэрлэлийн гол нэрийн түүхий эд болох зэс, алт, төмрийн баяжмал, нүүрс болон газрын түүхий тосны нөөц, үйлдвэрлэл, экспорт, импортын худалдааны өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ,хүнд аж үйлдвэрийн нийгэм-эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээнд тулгуурлан хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах шаардлага үүссэн гэж үзэж байна. Тэрчлэн хөтөлбөрийн төслийн зорилго, зорилтуудыг дараах  байдлаар зураглажээ.

Бодлогыг хөрсөн дээр буулгах ЗУРАГЛАЛУУД

Нэгэнтээ цаасан дээр чиглэлээ зурчихаад зөрж давхиад байх нь зохистой биш. Тэгэхээр эдийн засагт өгөөжтэй, иргэдэд хүртээлтэй бодлогын шийдвэрүүдээ ажил хэрэг болгох шаардлагатай. Тэгвэл хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд боловсруулж буй хөтөлбөр дараах зорилгуудыг агуулж байна. Эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийн хөгжил, экосистем, хөрш орнуудын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан металлурги, газрын тос, нүүрс, нүүрс-хими, химийн үйлдвэрүүдийг байгуулж хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэх зорилготой байна.

Энэ хүрээнд: Хүнд аж үйлдвэрийн хууль эрх зүй, хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой орчинг бий болгох; Хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг уялдуулах арга хэмжээ авах; Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, зэсийн баяжмал боловсруулах болон алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах бэлтгэлийг хангаж, үйлдвэрийн барилгыг дуусгах; Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх; Нүүрс болон нүүрс химийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх; Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, хөгжүүлэх; Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, метал хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх; Олон улсын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар өөрийн орны нөөц, чадавх, онцлогт тулгуурлан хөгжүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулах зэрэг арга хэмжээнүүд авахаар тусгаж байна. Эдгээр арга хэмжээнүүдийг 2019-2023 онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж, тусгажээ.

Хөтөлбөрт урьдчилсан байдлаар тусгагдсан үйлдвэрүүдийг танилцуулъя. Эдгээр үйлдвэрүүдийн дийлэнх нь өнгөрсөн 2018 онд бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь эхлэхээр анх цаасан дээр бичигдсэн гэдгийг тодотгох нь зөв биз ээ.

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 257 мянган тонн  катодын зэс, 5800 тонн алт, 5.7 тонн  мөнгө үйлдвэрлэх “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд эхлүүлнэ.
  • Дорнод аймагт зүүн бүсийн холимог металлын орд /баяжуулах үйлдвэр/-уудад түшиглэн цайр, хар тугалганы үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийлгэнэ. (2018-2019 он)
  • Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулна. (2018 он)
  • Төвийн бүсэд Дархан Уул аймагт “Дарханы-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл”-ийн хүрээнд жилд  600 мянган тонны хүчин чадалтай шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах, одоо байгаа гангийн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах, шинэ гангийн үйлдвэр нэмж байгуулах замаар 470  мянган тонн  хүчин чадалтай ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолборын 1 дүгээр үе шатны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. (2018-2021)
  • Төвийн бүсэд “Бэрэн групп”-ын Орхон аймагт хэрэгжүүлж байгаа “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төслийн хүрээнд жилд 100 мянган тонн   хүчин чадалтай ширэмний үйлдвэр, 200 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулна.
  • Зүүн бүсэд Дорноговь аймгийн Айраг суманд “МДМУ” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Ширэм болон цутгуурын үйлдвэрийн төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн ба 2018 онд 10 мянган тонны  хүчин чадалтай гангийн үйлдвэр, 200 мянган тонны хүчин чадалтай ширэмний үйлдвэр, гангийн үйлдвэрийг өргөтгөж 50 мянган тонны хүчин чадалд  хүргэснээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа 2019 онд ажиллаж эхэлнэ. (2017-2019)
  • Зүүн бүсэд Дорнод аймгийн Матад сумын нутагт хэрэгжүүлэх “Дорнын хүдэр” ХХК-ийн “Дорнын ган” төсөл нь уурхай-баяжуулах үйлдвэр-ширэмний үйлдвэр-цутгуур/ган/-ын үйлдвэр схемээр 100 мянган тонн хүчин чадалтай ширэмний, мөн 100 мянган тонн  хүчин чадал бүхий цутгуурын үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн ба төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлнэ. (2018-2021)
  • Төвийн бүсэд Орхон аймагт “Ора металл” ХХК-ийн одоо байгаа 3 мянган тонн хүчин чадалтай  цутгуурын үйлдвэрийн шугамыг бүрэн шинэчилж, 10 мянган тонны хүчин чадалтай  бүрэн автомат шугамаар шинэчилнэ. (2018-2020)
  • Зүүн бүсэд Дорнод аймгийн Чойбалсан хотод “Жараахайн булаг” ХХК-ийн цутгуурын үйлдвэрийг суурилагдсан хүчин чадалд хүргэх, техник-технологийн шинэчлэл хийнэ. (2018-2020)
  • Төвийн бүсэд төмөрлөгийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах зорилгоор ферро хайлшийн үйлдвэрийг байгуулна. (2018-2019)
  • Эрдэнэт үйлдвэр”-ийн “Засвар механикийн үйлдвэр”-ийн хүчин чадлыг өргөтгөх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах замаар уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн импортоор авдаг цутгамал эд анги, сэлбэг материал, цахилгаан хэрэгсэл, резинэн эдлэлийн үйлдвэрлэлийг дотоодоос хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ. (2018-2020)

Хэрэв эдгээр үйлдвэрүүд сүндэрлэж босвол дагаад эдийн засагт олон боломжууд бий болох нь эргэлзээгүй. Гэхдээ манай эрх баригчид гаргасан шийдвэрээ хөрсөн дээр буулгахад сонгуулийн циклийн хооронд л анхаарал тавьдаг гашуун үнэн бийг умартаж болохгүй байх. 

Гэхдээ мэдээж хөтөлбөр хэрэгжихэд ямар өгөөж дагуулах вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал. Тэгвэл үр дүнд нь боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, ялангуяа цэвэр зэс үйлдвэрлэлийн хэмжээ 1.6 дахин, зэс утасны үйлдвэрлэл 2 дахин өсч, улмаар нэмүү өртөг шингэсэн шинэ үйлдвэрүүд нэмэгдэж, эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлтүүд орно гэсэн тооцоолол байна.  Түүнчлэн ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7,8 дахин, ширэмний үйлдвэрлэл 3 дахин өсч, ган бөмбөлөг, ган туйван, ган утас зэрэг гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангана. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны  бүтээгдэхүүн авто бензин, дизель түлшний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импорт 1.0 тэрбум гаруй ам.доллараар буурч, энэ хэмжээгээр гадаад худалдааны тэнцлийн орлого  нэмэгдэнэ. Хүнд аж үйлдвэрээс улсын болон орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэж, хүнд аж үйлдвэрийн салбарт ажлын байр тогтвортой өсч, 5000 гаруй ажлын байр шинээр бий  болохын зэрэгцээ хүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, экспортын худалдааны хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн тогтвортой, таатай орчин бүрдэнэ гэсэн зураглалыг одоогоор гаргаад байна. Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс гадаадын хамтран ажиллагч байгууллагууд, мөн олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай салбарын яамны зүгээс хамтран ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top