Та хүүхдэдээ хоолны 10000-аасаа 1000 төгрөг илүүчлэхгүй биз!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Цэцэрлэгт өдрийн турш өгөх хоол, хөнгөн зууш нь хүүхдийн өсөлт хөгжил болон эрүүл амьдрахад хэрэгцээтэй хоногийн нийт илчлэг, тэжээлийн бодисуудын 80 хувийг хангах ёстой байдаг. Одоогийн байдлаар хүүхдүүдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2014 оны дөрөвдүгээр сарын 08-ны 113 дугаар тушаалын дагуу тооцон олгож байна. Хүүхдийн байгууллагуудад хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлтгэн үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд 1,200 ккал, 4-6 настай хүүхдэд 1,600 ккал, 7-10 настай хүүхдэд 2,000 ккал, 11-14 настай хүүхдэд 2,100 ккал, 15-18 настай хүүхдэд 2,300 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцжээ.

Гэхдээ бага насны хүүхдийн авах ёстой тэжээллэг бодисын 80  хувь нь цэцэрлэгийн хоолноос хамааралтай учир эцэг, эхчүүд ч анхаарал хандуулах нь зүйтэй. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны 41 хувийг төр, үлдсэнийг нь эцэг, эх хариуцдаг байсан бол 2009 оноос энэ байдлыг өөрчилж, төрөөс хоолны мөнгийг нь 100 хувь хариуцдаг болсон.

Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал төрийн өмчит цэцэрлэгүүдэд 1,650 төгрөг, сувиллын, тусгай 24 цагийн цэцэрлэгт 2,400 төгрөг /Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоол, Хоолны зардлын дундаж норматив/ байна.  Гэвч ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай уураг, эрдэс, амин дэм агуулсан тэжээллэг хоол өгөх боломжгүй. Жишээлбэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, сургалтын хяналтын хэлтсийнхэн 2017 оны гуравдугаар сарын 13-наас дөрөвдүгээр сарын 23-нд төрийн 52, хувийн өмчийн 70 цэцэрлэгт шалгалт хийжээ. Тэгэхэд өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээнд дүгнэлт хийх зорилгоор төрийн өмчийн 35 цэцэрлэгийн өдрийн хоолноос дээж авч шинжлүүлэхэд хоолны илчлэг 1928-2628 ккал буюу норм хэмжээндээ байгаа ч шимт бодисын хэмжээ нь хүрээгүй юм. Шимт бодист уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс бодис, ус зэрэг багтана.

Эдгээр нь хүүхдийн махбодын өсөлт, хөгжилт, үйл ажиллагаанд амин чухал үүрэгтэй бөгөөд тэдгээр нь өөр өөрсдийн онцлог, чанар үүрэгтэй байдаг.  Мөн хоол, хүнсэнд зохистой харьцаатай байх нь нэн чухал юм. Хоол хүнсээр эдгээр шимт бодисыг хэт их, эсвэл дутагдалтай, нөгөө талаар хоорондын харьцаа алдагдсан хэлбэрээр авах нь эргээд хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлдэг байна.

ХҮҮХЭД ХЭРХЭН ХООЛЛОХ ЁСТОЙ ВЭ?

Цэцэрлэгт хүүхэд өдөрт дөрвөн цагийн зайтай гурван удаа хооллох ёстой бөгөөд ямар нэг хоол тэжээлийн хамааралт эмгэгтэй бол  4-5 удаа хооллоно. Өглөө, өдөр, үдийн дараах хөнгөн хоолыг цэцэрлэгт өгч, оройн хоолыг гэрт нь хөнгөн хоол өгөх ба тэр өдөр цэцэрлэгт махан хоол өгсөн бол оройн хоолонд болж өгвөл мах багатай хоол өгвөл сайн.

Үдээс өмнө буюу өглөө, үдийн хоолонд мах, өндөг, загастай хоолыг сүү, ногоо, жимстэй өгөх нь зохимжтой ба эдгээр нь уургаар баялаг тул ходоодонд удаан байж хоол боловсруулах шүүс ихээр ялгарах хэрэгтэй болдог учраас үдээс хойш, орой уургаар баялаг хоол өгөх нь зохимжгүй. Хоолноос 10-15 минутын өмнө унд өгнө. Өглөө болон өдөртөө хүүхдэд ус өгч сургах хэрэгтэй.

Үдээс хойш сүү, ургамлын гаралтай хоол өгөх нь зохимжтой бөгөөд орой унтах үед хоол боловсруулах үйл ажиллагаа удааширдаг. Тэгээд ч хоолны зөв дэглэм барьж сурах суурь болдог. Хоолны хооронд байнга юм иддэг бол өлсөх, цадах мэдрэмж үүсэхээ больж цаашид биеийн жин нэмэгдэх, таргалах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хэрэгцээтэй хоолонд дургүй болдог. Хооллолтын хооронд чихэр, гурилан боов өгөхгүй байх шаардлагатай. Харин өдөрт нэгээс хоёр удаа жимс, сүү цагаан идээг өгч болно гэж НЭМҮТ-ийн Хоол судлалын албанаас мэдээлсэн юм.

ТАНЫ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ ХЭРХЭН ХООЛЛОДОГ ВЭ?

Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардал 1650 төгрөг байдаг тухай дээр дурьдсан. 2018 оны хувьд улсын хэмжээнд 256,720 хүүхэд Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-д хамрагджээ. Үүнээс 220,049 хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдсан хэмээн Үндэсний Статистикийн газар /ҮСГ/-н мэдээлэлд бүртгэгдсэн байна. Энэ нь манай улсын 200 гаруй мянган хүүхэд шимт тэжээлийн дутагдалд орсон гэсэн үг юм. Цэцэрлэгүүд дийлэнхдээ өглөөний цай, өдрийн хоол, оройн цай гэсэн дарааллаар хүүхдүүдээ хооллодог байна. Энэ нь өглөө 08 цагаас оройн 18 цаг хүртэл буюу 9-10 цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг хүүхдүүдийн хувьд хангалтгүй байдаг аж. Энэ тухай эцэг, эхчүүдээс тодруулахад, “Манай хүүхэд маш их өлсчихсөн гарч ирдэг. Шууд л юм идье гэдэг” хэмээсэн юм.

ТӨРИЙН ЗҮГЭЭС ЯМАР ШИЙДВЭР ГАРГАЖ, ШИЙДЭЛД ХҮРЭВ

2014 онд Шийдлийн Засгийн газрын зүгээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, үүнийг талыг нь эцэг эхчүүдээс гаргуулах тухай бодлогын баримт бичиг боловсруулсан тухай УИХ-ын гишүүн А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулж байв. Гэхдээ олон нийтийн зүгээс “эрх баригчид, төрийн түшээд  улсын төсвийн хөрөнгөөр тансагладаг байдлаа хасаж чадахгүй байж хэдэн нялх үрсээс  хоолны мөнгө харамлалаа” гэх шүүмж нэлээд газар авсан учир тэгсгээд намжсан байдаг. Гэхдээ одоо энэхүү шийдвэрийг дэмжих эцэг эхчүүд нэлээд нэмэгджээ. Нэг хүүхэд өдөрт 1650 төгрөгийн хоол хүнс хэрэглэнэ гэдэг маш хангалтгүй зүйл. Энэ мөнгөөр томоохон ресторанд аяга цай ч авч ууж чадахгүй шүү дээ гэцгээж байна.

2018 оны нэгдүгээр сарын эхээр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмж, шаардагдах мөнгийг эцэг, эхчүүдээс авах саналыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамнаас гаргасан.

Хэрэв энэ санал дэмжигдвэл шаардагдах санхүүжилтийг эцэг, эхээс нь авахаас өөр сонголтгүй гэдгийг салбар яамнаас тайлбарлаж байв. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээс авна гэсэн заалт бий. Тиймээс хуулийн дагуу хүүхдийнхээ дархлааг нэмж, өдөрт иддэг хоол, хүнснийх нь норм, нормативыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг эцэг, эх нь гаргах үүрэг хүлээж буй.

Энэ тухай БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаа “Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгөн дүнг 1147 төгрөгөөр нэмж,  өдрийн ангийн хүүхдэд 2797 төгрөг, 24 цагийн ангид суралцдаг хүүхдэд 3547 төгрөгийн хоол өгөх” тооцоолол гаргасан гэсэн юм.

Харамсалтай нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөрөнгө, санхүүгийн боломж сайнгүй учраас энэ жил цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэхгүй” хэмээн, салбар яамны санал дэмжигдээгүй.

Бидний дийлэнх нь өдөрт дунджаар 5000-10000 төгрөгөөр өдрийн хоол иддэг гэж бодъё. Харин хүүхэд тань бүтэн өдрийн турш цэцэрлэг дээрээ ердөө 1650 төгрөгийн хоол хүнс хэрэглэж байна. Хэрэв та өдрийн 1147 төгрөгийг өөрөөсөө гаргавал энэ тоо 2797 төгрөг болж өснө. Тэгэхээр та өдрийн хоолныхоо мөнгөнөөс өчүүхэн хэсгийг илүүчилж чадвал таны хүүхэд өдрийн хоолноосоо хангалттай биш гэлээ ч авах ёстой шимт бодисынхоо дийлэнхийг авч чадна гэсэн үг юм. Тиймээс хүүхдээсээ 50 цент харамлахгүй байхыг эцэг, эхчүүддээ уриалж байна. Нөгөөтэйгүүр, сар бүр цэцэрлэгийн хоол, үйлчилгээнд мөнгө зарцуулах нь эцэг, эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, цэцэрлэгийн орчин, хандлага, хүнсний хэрэгцээнд дэмжлэг болох хөшүүрэг юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амка(103.229.123.86) 2019 оны 04 сарын 24

Эцэг эх ар гэр нь 49% иа төлж хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бага ч болов хүлээ. Тэжээж чадга өсгөж хүмүүжүүлнэ гэж хүүхэд төрүүлсэн юм бгаа биздээ. Амтгүйн дээр хямд хятад ногоо будаагаар хүүхдийнхээ ходоодыг л дүүргэж, биеийг нь хордуулах үгүйгээ өөрсдөө шийд. Хүүхдийн хоол хомс бхад сургуулиас тарж ирэх өөрсдийн хүүхдүүддээ арынхаа өрөөнд хоол хулгайлж идүүлэхээ боль, цэцэрлэгийн багш тогооч нараа.

1  |  0
Zochin(64.119.19.93) 2019 оны 04 сарын 24

Tsetsrleg bol eer hereg, tend huuhed hangalttai hoolood irehed amar teheer nemeeed etseg eh ny heden tegreg nemeed egcheed ergeed huuhed chin yu idsen gedegt hyanalt tavih chin deer dee

1  |  0
Zochin(64.119.19.93) 2019 оны 04 сарын 24

Huuhdedee hool egeed yavuulah baitugai hooson nohoj olon honogoor makh iddegyu gedesnii jijiglengeer hoollodog ailuud olon bolson huuhed hohiroh bii dee, huuhdiin hoolnii mungen deer ny nemeed eg l dee, etseg ehchuudee, herev surguuli deer ny hoolloh huselgui bol huuhdiin hooloo eersdee beltgeed toonoos ny hasuulj boloh biz, tegehgyu bol bas tanai huuhdiig hooloson gesen too gargaad munge zavshina , hetsuu yumaa dandaa hoyordoml sanaagaar bodoh gej

0  |  1
z(202.131.225.197) 2019 оны 04 сарын 23

ogii shd

0  |  0
худлаа(124.158.110.82) 2019 оны 04 сарын 24

манай хүүхэд л лав цаддаг

0  |  1
боль(124.158.110.82) 2019 оны 04 сарын 24

за даа дэмий л юм бичсэн байна

0  |  1
Ene hoolnii business(108.218.234.108) 2019 оны 04 сарын 23

Ene hen 1-nii businessee zogsoovol taarna. Ternii orond etseg ehchuud uursduu huuhdedee hooliig ni gereesee uguud yavuuliya, tegvel yadaj naad uguh geed baigaagaas chin shim tejeeltei hool bolno

0  |  3
Top