Аялал жуулчлалын салбар нь жилээс жилд өргөжин тэлж, ажлын байрыг нэмэгдүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож байна. Энэ нь орон нутгийн иргэд нутгийн онцлогт зан заншил, соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах замаар тус салбарт хувь нэмрээ оруулж, түүнээсээ ашиг хүртэх боломжийг олгож байгаа юм. Аялал жуулчлал нь Баянхонгор аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарыг эрчимтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд олон ажлууд хийгдэж байгаа билээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, бүлэг нөхөрлөл, аж ахуйн нэгжид 10 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг олгох зорилго бүхий “Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сан”-г байгуулсан. Тус тусгай сангаас Баянхонгор аймагт бүртгэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүсийн дунд бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын саналаа дэлгэрэнгүй тайлбарласан төслүүдийг бүтэн нэг сарын хугацаанд хүлээн авч, нийт ирсэн 16 төслийг авч хэлэлцэн санхүүжүүлэх 9 төслийг сонгон шалгарууллаа.
Төслийн санхүүжилтийг мөнгөн хэлбэрээр бус төсөлд бичсэн шаардагдах материал тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Төсөл шалгаруулалтын дүнг гуравдугаар сарын 6-ны өдөр танилцуулж, төсөл бичиж оролцон бүх хүнийг 350,000 төгрөгийн төлбөр бүхий төсөл маркетингийг зөв бичиж хэрэгжүүлэх нь сэдэвт сургалтад үнэ төлбөргүй суух эрхийн бичгээр урамшууллаа.
GIZ ЭТИС хөтөлбөрийн мэргэжилтнүүд, орон нутгийн төрийн байгууллага, банкны төлөөлөл бүхий таван гишүүний бүрэлдэхүүнтэй Сонгон шалгаруулах зөвлөл төсөл шалгаруулах журмын дагуу дараах нэр бүхий төслийг Баянхонгор аймагт хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулаад байна.
Шалгарсан төслүүд:
1.Өв урлал, гар урлал
2. Баянхонгорт үйлдвэрлэв
3. Үзмэр бүхий зоогийн өргөө
4. Мандухай жуулчны бааз
5. Дөш нөхөрлөл
6. Шаргалжуут Сарлагийн буян
7. Морьтон Монгол
8. Орог нуур, Богд байгаль хамгаалах төсөл
9. Ганбайгаль
Сэтгэгдэл ( 0 )