Н.Наранбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 27

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.


-Өмнөговь аймаг 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Өнгөрсөн 2018 оныг бүтээн байгуулалтын жил, салбарын хувьд эрүүл мэндийн жил болгон орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, нийгмийн салбарт томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Энэ онд аймгийн ИТХ-ын тогтоолоор “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгосон. Салбарын хувьд соёлыг дэмжих жил болгон зарласан. Жилд хоёр салбарт түлхүү анхаарч ажиллаж байгаа.

Үйлдвэржилтийн жилийн гол зорилго нь малчид, газар тариалан эрхлэгчдээс гарч байгаа түүхий эдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нар бүтээгдэхүүн болгох, тухайлбал ноос ноолуур, арьс шир боловсруулахыг дэмжиж ажиллана. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ уул уурхайн компаниудад ханган нийлүүлэх зорилт тавьж байна.

Соёлыг дэмжих хүрээнд аймгийн төв Даланзадгад суманд 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театр, дэлхийн жишигт нийцсэн музейн барилга барьж байгуулна. Бүх сумдуудын соёлын төвд фургон автомашин өгч хөдөөгийн малчид, ард иргэддээ соёлын үйлчилгээг үзүүлэхэд дэмжиж ажиллаж байгаа. Мөн бүх сумдын соёлын төвүүдэд 15 сая төгрөг өгч байна. Соёлын төвийн урлаг соёлын хувцас хэрэглэлийг шинэчлэхэд энэ мөнгө зарцуулагдана. Энэ жил дээрх хоёр салбарт түлхүү анхаарч ажиллахаар ажлын хэсгүүд байгуулагдаад төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Орон нутгаас хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас аймгуудад нэг тэрбум төгрөг хуваарилсан. Ингээд манай аймагт гурван тэрбум орчим төгрөгөөр үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ төслийг шалгаруулаад хөнгөлөлттэй жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгоно. Орон нутаг бие дааж ЖДҮ-ийн зээл олгох эрх зүйн орчин байхгүй. Харин ХХААХҮЯ-аас журам гарч, аймаг өөрсдөө ЖДҮ-ийн зээл олгох боломжтой болох юм. Аймаг өөрөө ЖДҮ-ийн зээл олгох боломжтой болоод ирэхээр үйлдвэрлэгч нартаа хөнгөлөлттэй зээл олгоно.

-Музейн барилга хэзээ ашиглалтад орох вэ?

-Оюутолгой, Өмнөговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд “Говийн оюу хөгжил сан” байгуулагдсан. Энэ сан дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутолгой компани энэ сангаар дамжуулан орон нутагт хөрөнгө оруулалт өгч байгаа. “Говийн оюу хөгжил сан”-гийн долоон тэрбум төгрөгөөр дэлхий жишигт нийцсэн музейн барилгыг барьж байгуулна. Өнгөрсөн жил эхлүүлсэн. Энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд гүйцэтгэл нь хийгдэж байна. Өмнөговь аймаг нь аялал жуулчлалын бүс нутаг. Сүүлийн үед гадны жуулчид гэлтгүй, дотоодын жуулчид ирж байна. Иймд хуучин музей маань шаардлага хангахгүй болсон. Тэгэхээр шинэ музейн барилгыг холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай хамтарч зураг төсөл, зохион байгуулалтыг хийгээд барилгын ажил нь хийгдэж байна.

Говь нутгаас анх үлэг гүрвэл, динозаврын яс олдсон гэдгээрээ бид голлож палеонтологийн үзмэрүүдээр баяжуулалт хийнэ. Аймгийн онцлог, ёс уламжлал, түүх, ан амьтныг харуулсан танхимууд, бусад музейнуудад байдаг танхимууд багтана. Мөн бэлэг дурсгал, сувинерийн дэлгүүрүүд музейд байна. Нэг сонирхолтой танхим нь танин мэдэхүйн танхимтай байна. Танин мэдэхүйн танхимд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд очиж хичээлээ хийх, танин мэдэхүйн сургалтуудыг зохион байгуулах, шинжлэх ухааны, байгаль дэлхий, ан амьтдын тухай сонирхолтой мэдээллийг хүүхэд залуус ирж суралцах, танин мэдэх боломжтой болно.

-Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн анхаарч байна вэ?

“Өмнөговь аймгийн иргэдийн ажилгүйдлийн түвшин 2016 онд 14.3 хувь байсан бол 2018 оны эцэст 7.3 хувь болж багассан байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний болон орон нутгийн төсөл хөтөлбөрүүд Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Тухайлбал, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар өрх толгойлсон эмэгтэй, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм.

Ажил хайж байгаа иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж сар бүр шинэчилдэг. Өмнөговь аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт идэвхитэй ажил хайгчаар бүртгүүлснээр 2017 онд 815 иргэн шинээр ажилд орсон бол 2018 онд 1400 гаруй иргэн шинээр ажилд зуучлагдаж ажилд орж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад аймгийнхаа иргэдийг ажилд оруулах чиглэлд анхааран ажиллаж байгаа. Тухайлбал, Оюутолгой компани нь уул уурхайн салбарын хүний нөөцөд томоохон эерэг нөлөө үзүүлж байгаа. 2019 оны гуравдугаар сарын байдлаар орон нутгийн 3231 иргэн Оюутолгой болон гэрээт компаниудад ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт ажилчдын 20 хувийг эзэлж байна. Цаашид Оюутолгойд орон нутгаас ажиллах тоог нэмэгдүүлэх чиглэлд бид хамтран ажиллаж байна.

-Өмнөговь аймаг аялал жуулчлалын бүс нутаг. Жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна?

Монголын говьд түүх дурсгалын ховор олдвор, байгалийн сайхан үзэсгэлэнт газрууд манай нутагт их бий. Үүнийгээ дагаад аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллаж байгаа олон ажлууд байна. Говь гурван сайхан уулын Ёлын ам, Мухарт шивэрт, Хавцгайтын амыг жуулчдын амрах ая тухтай орчныг бүрдүүлэхээр нийтийн бие засах газар /эко нойл/, хогийн цэг, аялагчдад зориулсан сандал, ширээг байршуулж тохижуулсан.

Мөн эвэнт арга хэмжээг зохион байгуулж жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Үүнд Хонгорын голын элсэн манхныг түшиглэн жил бүрийн есдүгээр сард “Элсэн манхны баяр”, тавдугаар сард “Сайхны сарлаг” арга хэмжээг Гурван сайхан уулын Ёлын аманд, Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Ингэний айраг”-ны баяр, мөн есдүгээр сардаа багтаан “Говь фестиваль” намрын ургац, сүү сүүн бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэлд шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулж, гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж ирлээ.

-Тост тосон бумбын нуруунд уул уурхайн компани үйл ажиллагаа явуулаад эхэллээ. Олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Аймаг, орон нутгийн зүгээс хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Тост тосон бумбын нурууны орчимд “Coal trans” ХХК 2003 онд хайгуулын, 2015 онд ашиглалтын лицензээ авсан байдаг юм. Нутгийн иргэдийн эсэргүүцлийг дэмжиж Гурван тэс суманд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яамны сайд нар, УИХ гишүүн, холбогдох яамдын хүмүүсийг урьж аваачиж иргэдтэй уулзуулж байсан. Аймгаас дэмжихгүй гэдэг байр сууриа ч илэрхийлж хэлсэн. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт явуулсан. Очоод шалгахад бүх зөвшөөрлөө холбогдох яамд, агентлагуудаас авчихсан байдаг юм. Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хамгаалалтын бүсээс бас гаргачихсан. Миний хувьд 2016 оноос хойш ажиллахдаа нэгэнт олон жил ашиглаад явж байгаа хэдэн уурхайгаа хууль, журмаар нь ажиллуулаад нэмж шинээр нээлгэхгүй байх бодлого барьж ажиллаж байна.

-Өмнөговь аймаг угтах, үдэх хаалганы цогцолбор барьж байгуулахаар болсон. Энэ цогцолборыг барихад хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Өмнөговь аймаг нь аялал жуулчлалын бүс нутаг. Энэ утгаараа гадаад, дотоодын аялагчид манай аймагт зочилж ирэхдээ, угтах хаалганы цогцолбороос аймаг орон нутгийн тухай мэдээллийг авдаг байх ёстой. Угтах, үдэх хаалга нь дан ганц хаалга гэж ойлгож болохгүй. Зочдын угтах, үдэх талбай, авто зогсоол, явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг, нийтийн био бие засах газар, зэрэг багтсан цогцолбор байхаар төлөвлөсөн. Мөн аймгийн түүх, дурсгалын газруудын тухай мэдээлэл, жуулчны бааз, амралтын газрын мэдээлэл гээд жуулчдад хэрэгцээтэй мэдээллийг багтаасан цогцолбор байхаар төлөвлөсөн. Нийт өртөг нь 680 сая төгрөгөөр барьж байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top