ТОЙМ: Дэлхийн банк ЖДҮ-ийн луйвраас сэрэмжилж байна

2019 оны 04 сарын 27

Эдийн засгийн салбарт  энэ  долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Засгийн газраас  “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсныг тодотгох нь зөв байх. Мөн засгийн шийдвэрээр БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын холбогдох компанитай хамтран байгуулахаар болов. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль, тогтоомжийн төсөл, “”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон зэрэг эдийн засгийн угшилтай шийдвэрүүдийг засгаас гаргалаа.

Ингээд бусад үйл явдлыг дэлгэрүүлэн хүргэе.

Бондуудын өр төлөх хугацааг 10 жил болгож сунгах уу? 

2019, 2020 онд манай улс томоохон өр төлөхгүй ч 2021-2024 онд бондын өр төлбөрт  нийтдээ 2.9 тэрбум ам.доллар төлөх ёстой. Тухайлбал, 2021 онд Мазаалай бондын 600 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, 2024 онд Их хуралдай бондын 800 сая ам.долларыг тус тус төлж барагдуулах ёстой. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Энэ өрийг төлөх хугацааг 10 жил болгон сунгахаар төлөвлөж байгаа. Дөрвөн жилийн дотор гадаадад төлөх 2.9 тэрбум ам.долларыг 10 жилд хуваарилснаар валютын ханш өсөхөөс сэргийлнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал нөлөөтэй” гэж байсан. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Өрийн удирдлагыг сайжруулах бодлогын хүрээнд Засгийн газрын үнэт цаасыг шууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдаалах боломжтой болгохоор төлөвлөсөн. Өр ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан үе бий. Өр  эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг байсан алдааг дахиж давтахгүй байхад анхаарч ажиллана. Бодлогын хүрээнд ажилласнаар өр ДНБ-ий 54 хувьтай тэнцэх тооцоо гарсан” гэлээ.  

Засгийн газраас 2020-2023 он хүртэлх Засгийн газрын Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг батлаад байгаа юм.

Манай улсын төлөх бондын өр төлбөр гурван тэрбум ам.доллар шүргэж байгаа бол 2020-2024 онд төлөх гадаад өр, хүүгийн төлбөр нийлээд 13 орчим тэрбум ам.доллар болж буйг Төв банк мэдэгдэж байна. Засгийн газар, Монголбанк нийлээд энэ хугацаанд таван тэрбум гаруй ам.доллар төлөхөөр байгаа аж. Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд ахицтай ажиллаж буй манай тухайд валютын гадагшлах хэмжээ өсөлттэй дуулдах нь таатай мэдээ биш. Гэхдээ өр тавьсан бол төлөх нь үүрэг билээ.

Дэлхийн банк ЖДҮ-ийн луйвраас сэрэмжилж байна

Дэлхийн банк манай улсын эдийн засгийн төлөвийг эерэгээр харж байна. Энэ 2019 онд 7.2 хувийн өсөлттэй байна гэж тус байгууллага урьдчилан таамаглалаа. Гэхдээ өмнөх жилүүдэд сануулж байсан эрсдлүүд хадгалагдсан хэвээрээ гэдгийг дахин сануулж байна. 2020 оны сонгууль угтсан жил тул улс төрийн нөлөөллөөр төсвийн эмх цэгцтэй байдалд  сүүдэр тусаад эхлэх вий гэсэн болгоомж дагаж буйг Дэлхийн банкны Монгол  дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Андрей Михнев хэллээ.  Дэлхийн банкны энэ удаагийн “Сорилтыг удирдах нь: Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайланд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд Лаос болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах төлөвтэй байгааг дурдсан байна. Мөн манай улсын тухайд Глобал Финдекс Мэдээллийн үр дүн сайн байгаа ч хөрөнгийн зах зээлийн хөгжил сул хэвээр байгаагийн сацуу хууль, эрх зүйн зарим асуудлууд, засаглалын чанартай холбоотой асуудлууд гээд анхаарах зүйлс цөөнгүй байгааг сануулж байна. Дэлхийн банкны ахлах эдийн засагч  Жан Паскаль Н.Нгану манай эдийн засаг тэрдундаа банкны салбартай холбоотойгоор хэлэхдээ “Засгийн газар болон Төвбанкнаас EFF хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засгийн сэргэлт хурдтай явагдсан нь банкны салбарт нэлээд эерэг нөлөө үзүүлсэн. Гэхдээ цөөн тооны банкуудын өөрийн хөрөнгө тийм ч хангалттай биш, банкны зохистой харьцааны үзүүлэлтийг чанд мөрдүүлэх асуудлууд, чанаргүй зээлийг бууруулах, сайн менежмент хийх асуудлуудыг сайтар анхаарах шаардлагатай” гэж байна.

Мөн Дэлхийн банкнаас ирэх жилүүдэд санхүүжилт олгоход санхүүгийн эрсдэл өндөр байгааг ЖДҮ-ийн хэрэг явдалд тулгуурлан харж буйгаа илэрхийлээд байгаа юм. Тодруулбал, “ЖДҮ-ийн сангаас татаасын дэмжлэгтэй авсан хөнгөлөлттэй зээлийн ихээхэн хэсгийг УИХ-ын гишүүдийн өмчийн эсвэл тэдэнтэй холбоотой компаниудад шилжүүлсэн байсан. Энэ нь зөвхөн улс төрийн ноцтой хямралд оруулсан төдийгүй төрийн үүргээ биелүүлэх чадварт итгэх олон нийтийн итгэлийг сөгдүүлсэн юм. Хэдийгээр Дэлхийн банкны хөрөнгө санхүүжилтэд нөлөөлөөгүй боловч Дэлхийн банкны төслүүд нь ижил төстэй сангуудад дэмжлэг үзүүлдэг, Эдийн засгийн удирдлагыг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан Дэлхийн банк төсвийн дэмжлэг үзүүлдэг. Тиймээс тус байгууллагын зүгээс өөрийн эх үүсвэрийн удирдлага, ашиглалтыг үргэлжлүүлэн нягт хянаж, шаардлагатай санхүүгийн хяналт нь оршин тогтнож байгааг баталгаажуулсаар байх болно” гэж мэдэгдээд байна.

Монголбанк байр сууриа бататгав

Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт сар тутмын хэвлэлийн хурлаа зохион байгуулж, мэдээлэл өглөө. Нэр бүхий гишүүдийн санаачилсан Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслүүд нэгтгэгдэн чуулганы босгоор давж магадгүй болсонтой зэрэгцэн Монголын банкны холбооны төлөөллүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл хэвлэлийнхэн  Төв банкнаас энэ асуудлаар тодруулахад дараах хариултыг өгч байна.

“Энэ асуудал дээр Монголбанкны байр суурь анхнаасаа тодорхой байсан. 2018 онд  Төрөөс баримтлах Мөнгөний бодлогын хүрээнд Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах даалгавар өгч, Монголбанк, эрдэмтэн, судлаачид хамтран уг стратегийг боловсруулсан. Зээлийн хүүг захиргаадалтын аргаар хязгаарлаж эдийн засагт гажуудал үүсгэх биш хүү буурахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2018 онд авч хэрэгжүүлсэн бодлогын дүнд 14 хувь  байсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11 хувь руу орж ирсэн. 20.6 нэгж хувь байсан зээлийн жигнэсэн дундаж хүү 17.2 нэгж хувь болж үр дүнгээ өгч байна” гэлээ.

Мөн олны анхаарлыг татаж буй гол асуудлуудын нэг ипотекийн зээлийн санхүүжилт. Арилжааны банкууд иргэдэд ипотекийн зээл олгохгүй байна, Монголбанкнаас санхүүжилт ирээгүй гэсэн тайлбарыг өгч байна гэх мэдээлэл бий. Тэгвэл 2019 оны эхний 4 сарын ипотекийн санхүүжилтийн нийт хэмжээ 134 тэрбум төгрөг болж байна. Цаашид он дуустал гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно. Ингэснээр энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо 1.5 дахин өсөх тооцоо гарч байна гэж байсан. Баасан гарагт болсон хэвлэлийн хурлаар Төв банкны зүгээс мэдэгдэхдээ “Засгийн газраас энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гарч, холбогдох журмууд эцэслэгдээд бага зэрэг хугацаа алдсан. Энэ сараас эхлээд сард 46 тэрбум төгрөгийг ипотекийн зориулалттай зээлд гаргаад явна” гэсэн юм.

Чанаргүй зээлийг дагаж эдийн засагт эрсдэл үүсдэг

“Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон. Монгол Улсын банк санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаараа эзэлж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар сарын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувь, хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 5.4 хувийг эзэлж байна. Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ буурах, санхүүгийн зуучлал зогсонги байдалд орж, эдийн засгийн идэвхжилт сулрах, бодит секторын өсөлт хумигдаж халамжийн зардлыг өсгөн татварын орлогыг бууруулдаг  бөгөөд улмаар ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг сааруулах бодит нөхцөл, шалтгаан болдгийг олон улсын байгууллагын болон дотоодын онол, судалгаа харуулдаг. Чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэснээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгон, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялгийг бүтээх, хөгжлийг бий болгох, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг мөнгө, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой. Тиймээс чанаргүй зээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, түүнийг үр ашигтай шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох, олон улсын сайн туршлагаас судлах, харилцан мэдээлэл солилцох, цаашид авах арга хэмжээний талаар харилцан мэдээлэл санал солилцох шаардлага байгаа тул ийм арга хэмжээ зохион байгуулж буйг, санаачлагт Төв банкнаас мэдэгдсэн.

Хэлэлцүүлэгт хууль зүйн болон төсөв санхүүгийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хууль, шүүхийн байгууллага, тус салбарын мэргэжлийн сургалт судалгааны байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. БНСУ-ын  Korea asset management corporation (KAMCO)-ийн төлөөлөл өөрийн орны туршагаасаа танилцуулав.

1500 ажлын байр бий болгох үйлдвэрийг  “Эрдэнэс Стийл”,  SINOSTEEL хамтран барина

Монгол Улсад Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх манай улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын SINOSTEEL компани хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт баталгаажлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр орны Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурсны хүрээнд уг хэлэлцээр баталгаажсаныг тоймд онцолж байна.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих төсөл хэрэгжсэнээр 900 гаруй мян.тн коксжих нүүрс, 523.5 мян.тн төмрийн хүдэр, баяжмалын дотоодын хэрэглээг бий болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, цувимал бүтээгдэхүүний импортын хараат байдлыг багасгана. Мөн 1500 орчим шинэ ажлын байр бий болж, жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарсан юм. Уг цогцолбор үйлдвэрт Тавантолгой, Могойн голын коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордуудын төмрийн хүдэр, баяжмалыг ашиглахаар урьдчилан тооцоолсон гэдгийг “Эрдэнэс Монгол” компаниас дуулгаж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(106.102.128.96) 2019 оны 04 сарын 28

энэ их бондуудыг ард түмэн ашиглаагүй штээ тэр зээл нэрээр луйвардсан уих гишүүд бусад эрх мэдэлтэнгүүдээс нэн даруй цуглуулж абмаар юм

1  |  0
Top