Н.Орхон: Уран бүтээлч хүн амьсгал татах мөч хүртэл өөртөө сэтгэл ханаж болохгүй

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Монгол Улсын тусгаар тогтнол, түүхэн замнал, бахархал омогшил, үндэстний хэв маяг, зовлон жаргалыг хүмүүн гэдэг хувьхан ертөнцийн хөрөг дүрээр өгүүлсэн уран бүтээлийн үзэсгэлэндээ шамдан бэлдэж буй уран бүтээлч, олноо “Хөргийн” хэмээн алдаршсан МУСГЗ Н.Орхоны урланд зочлов. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж гээд Монгол Улсын үе үеийн ерөнхий сайдаас эхлээд өнөөгийн Ерөнхийлөгч хүртэл зуржээ. Мөн хөгжмийн зохиолч Б.Шаравыг “эгшиглүүж”, Д.Пүрэвдорж, Б.Догмид, Б.Лхагвасүрэн гээд яруу найрагч, зохиолчдын хөргийг тунхаглаж, жүжигчин Цагааны Цэгмид, Ц.Гомбосүрэн гээд тайз дэлгэцийн бурхдын хөргийг мөнхөлжээ. Тэрбээр гурав дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар шамдаж буй өрнүүн, завгүй үедээ ярилцлага хийх боломж олгосон юм. Монголын урчуудын эвлэлийн гурван давхрын урлангийн өрөөндөө будаг шунх болсон ажлын хормогчтойгоо угтсан түүний яриаг та бүхэнд толилуулъя.


-Таныг урлаг соёл, улс төр гээд салбар салбарын суут алдартнуудын хөрөг зургийг зурсан зураач гэдгээр нь олон түмэн мэднэ. Яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэн өнгөрөгч хавар болсон. Таны бүтээсэн Цэндийн Чимэддорж найрагчийн хөрөг зураг маш амьдлаг, сүнслэг болсон байсан?

-Тийм үү. Ямарваа нэг хүний дүрийг туурвихад тухайн хүний эрчим нөлөөлдөг л дөө. Уран бүтээлч хүний сэрэл мэдрэмжийг зургаа дахь мэдрэхүйгээр чагнан мэдэрч чадна гэдэг бидний давуу тал юм л даа. Хамгийн гол нь хүний сэтгэлийг зурах. Харцыг амилуулах юм.

-Хөргийг нь зурах явцад уншигддаггүй, мэдрэгддэгүй хүн гэж байх уу?

-Дургүй юмаа хийнэ гэдэг шаардлага амьдралын эрхээр гардаг л даа. Тэр үед л орж ирсэн анхны сэтгэл хөдлөлөөрөө зураглаад, татлаад орхихгүй бол хүчилж хийсэн ганц зураас ч хүний сэтгэхүйг дарамталдаг байхгүй юу.

-Тэгэхээр таны бүтээлийг онолын хувьд дүгнэвэл?

-Бодит хүнийг дүрсэлж байгаа нь реалист бүтээл юм шиг боловч тухайн хүний дотоод сэтгэлийн ахин давтагдашгүй агшныг буулгаж байгаагаараа Импрессионист, авангард, абстракт гээд сэтгэлгээний урлаг гээд яривал их зүйл ярина л даа.

-Таны уран бүтээлд эх орны өнөөгийн байдал хэр тусгагддаг бэ?

-Альберт Эйнштэйний яриад байгаа харьцангуй онол гэдэг монгол үндэстэнд өдөр тутамдаа мөрддөг хууль байсан. Улс орон маань түүхэндээ байгаагаагүй хамгийн гутамшигтай үедээ явж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс харь оронд эзлэгдэхэд хамгийн амархан, эмзэг үе дээрээ явна.

 

ТУСГААР ТОГТНОЛОО ХАМГААЛАХ УХАМСАР АЛДАГДААД БАЙНА

 

-Яагаад?

-Манай нүүдэлчин соёлд өрх болгон, хүн болгон төр байсан. Төр болон шашнаас хамааралгүйгээр тэд бие даасан анагаах ухаанч, гүн ухаанч, гариг эрхэстэй харьцдаг байгаль дэлхийн эзэн байсан

-Байсан гэдэг нь?

-Үзэгдэлд битгий итгэ. Мөн чанарт итгэ. Нүдэнд харагдсан зүйл худал шүү дээ. Бид хөгжөөд байна л гээд онгироод байдаг. Гэтэл бидэнд гишгэх газар ч үлдээгүй байна шүү дээ. Морин дэл дээр уурга даялан дарцагладаг байсан эрс маань төмөр тэрэг тачигнуулан, мал амьтнаа үргээж байна. Мал гэдэг чинь хүний сайхан сэтгэл, халамжинд ижилдэн дасдаг сэтгэлтэй амьтан юм шүү дээ.

-Тэгэхээр хүн гэдэг хөгжилд уусахдаа мөн чанараа гээж байна гэсэн үг үү?

-Гээхээр барах уу. Үе үеийн яруу найрагчид л эх орон гэж цээжээ урж, үгээ үлдээдэг. Яруу найрагч Б.Галсансүх хүртэл “Монголын Радио хятадаар мэндэлвэл би үхнэ” гэсэн. Гэтэл Монголын радио хятадаар мэндчилэхэд хэн ч гайхахгүй цаг үе ирсэн байна.

-Үндэсний телевиз нь ч хятад киногоор “бөмбөгдөөд” байна шүү дээ?

-Кино гэдэг бол хамгийн том “уусгах бодлого” юм. Түүгээр тухайн үндэстний соёл ёс заншил, дуу хуур, хүн ардад аажим аажмаар дасгах, дурлуулах, дуртай болгох бодлого явагдаж байгааг хүмүүс анзаарахгүй байна.

-Таны бүтээсэн олон хөрөг зургийг ард түмэн мэднэ. Дорно тал руугаа, үндсэрхэг, сүнслэг чанарын нууц чинад нь юундаа байна гэж та боддог вэ?

-Бидний өвөг дээдсийн уламжлалт сэтгэхүй, ахуй орчин, ёс төр өөрөө тийм нандин байхгүй юу. Гэтэл энэ нандин чанар алдагдаад, тусгаар тогтнолоо хамгаалах ухамсар алдагдаад байна.

-Хамгаалах ухамсрыг яавал сэргээх бол?

-Ухуулж ойлгуулаад ч нэмэр байхгүй. Эрс шийдэмгий алхам хэрэгтэй. Чингис хаан яагаад тэр хүнд цаг үед тодорсон бэ гэхээр шадар нөхдөө таньж чадсан, өөрийгөө чагнаж мэдэрч чадсан. Ямархан уналтаас ямархан сэргэн мандалт руу босч чадсаныг түүх гэрчилж байна шүү дээ.

-Түүх гэснээс таныг Жамуха Чингис хоёрын хагаралдааныг нэгэн үзэсгэлэнт бүсгүйгээс болсон гэх таамаг дэвшүүлж байсан тухай сонссон?

-Би энэ зураг дээрээ /Сур: Яг одоо бүтээж буй Чингис хаан, Жамуха хоёрын зураг руугаа очив/ ийм гаргалгаа гаргаад байна л даа. Нууц товчоо, Хөх сударт Чингис хааны амьдралын 10 гаруй жил яасан нь мэдэгдэхгүй балархай байдаг юм. Тэр үед алтан ургийн удам болсон Тэмүүжин хүүг Тайчуудын Торгуудай Алтан хаанд бариад өгсөн байх магадлалтай. Тэр үед анд нөхрийн барилдлагатай багын анд Жамуха нь андгай тангарагаа биелүүлэн түүнийг шоронгоос чөлөөлсөн. Тухайн үед нэрд гарсан Тагнын Жадараны Жамуха бол Боданчир мунхагийн татвар эмээс гарсан үр. Гэтэл нэг тэнгэрийн дор хоёр хүчирхэг хүн багтаж шингэхгүй болжээ. Яг энэ эгзэгтэй агшинд Жамухын хатан Мөнгөлөнгоо хэмээх машид гоо бүсгүйд Чингис хаан сэтгэл алдарчээ. Энэ зурагт хоёр анд зовлон жаргалаа ярилцан уйлж дуулж, гурван өдөр, гурван шөнө дарс сөгнөн суухдаа бие биений урьдын үл ойлголцлыг таягдан хаяж эвлэрч буй юм шиг мөртлөө, нэгнээ тандан хүлээсэн, гэрэвшин эмээсэн, нэг юм хэлэх гээд дүлэгнэсэн торгон агшныг дүрсэлсэн.

-Тэр хоёр чухам юу хүүрнэлдсэн бол?

-Дэлхий дахины дайн тулаан сайхан бүсгүйгээс үүддэг гэдгийг түүх олонтаа харуулсан. Чингис, Жамуха хоёрын зөрчилдөөн ч Мөнгөлөнгоогоос болсон байх магадалтай. Чингис хаан “Мөнгөлөн...” гээд ам нээмэгц Жамух “Юу гэнэ ээ, миний сэтгэлт бүсгүйг олзолсноос намайг цаазалсугай!” хэмээн андын тангараг өргөн солилцсон бүсээ эгүүлэн тушааж буй дүр зургийг гаргахыг хичээсэн юм.

-Эр хүний жудаг, анд нөхрийн итгэлцэл одоо цагт ямар байгаа бол?

Бидний үед өвөг дээдэс маань хайр нь дотроо, хал нь гаднаа байсан. Үнсэж үлгээд байхгүй ч анд нөхрөө гэсэн сэтгэл үргэлжид халуунаараа байсан. Одоо бол эрх ашгийн төлөөх анд нөхөр их болж дээ.

-Эх оронч сэтгэл хүн бүрт л байдаг. Таны яриа бүхнээс энэ үзэл ханхийгээд байгаа нь магадгүй урлаж буй уран бүтээлтэй нь холбоотой байх?

-Гитлер яагаад еврейчүүдийг хоморголон устгасан бэ гэхээр дийлдэшгүй оюун ухааны потенциалтай үндэстэн байсан болохоор тэр. Одоо ч тэр ноёрхол аль ч салбарт харагдаж байна. Үүн лүгээ адил монгол үндэстэнг хөгжүүлэхгүй байх “зөөлөн дайн”-ы бодлого өнөөгийн төрийн түшээдэд бүр хүчтэй үйлчилж байна. Расул Гамзатов байгаагүй бол Дагестан гэдэг улсыг хэн ч мэдэхгүй, Чингыз Айтматов байгаагүй бол Киргиз улсыг хэн ч мэдэхгүй. Салбар салбарын нэрт соён гэгээрүүлэгчдийг хэлмэгдүүлэн устгах, хэл соёл, үүх түүхийг нь мартуулан замхруулах бодлого ил тод явсныг бид мартах учиргүй гэдгийг ахин дахин хэлмээр байна. Энэ нь ч уран бүтээлд маань шууд тусгалаа олдог.

-Соёл урлаг, утга зохиолыг улс орноосоо дэмждэг улс хөгждөг гэдэг. Манай улсаас хэр дэмжиж байна вэ?

-Хүн хичнээн зовж зүдрээд, ганихарч ганцаардсан ч дуртай дуугаа гиншээд ч хамаагүй аялж өөрийнхөө сэтгэлийг зогоодог доо. Бид тэгж л амьдарч байна. Хүн хоёр нүдээрээ л ертөнцийг хараад байна. Гурав дахь мэлмийгээрээ ертөнцийг тольдвол ямархан байгааг хардаг ч болоосой гэж хааяа боддог шүү.

“Би” гэсэн үзэл бол яг үнэндээ хий дэмий төсөөлөлдөө автсан хүмүүсийн араншин

-Таны хэлсэнчлэн гингэнэж байгаад ч болов ганцаардлыг туулдаг гэлээ. Энэ үе хэр олон тохиодог вэ?

-Үргэлж л тийм үе тохиодог. Гэтлэнэ гэвээс гэтлэхгүй даваа байхгүй шүү дээ. Гэтлээд л гардаг жим нь уран бүтээлчийн сэтгэл юм. Сэтгэл гэдэг тийм тэсвэртэй эрхтэн.

-Сэтгэл зүрх гэдэг эрхтэнг яавал амар амгалан байлгах вэ?

-Хүн гэдэг тансаг хэрэглээ, өнгө мөнгөнд хууртдаг гэмтэй. Түүнээс ангижирч, мөн чанарт шүтвээс илүү амар амгаланг олно

-Та тэр амгаланг олж чадаж байна уу?

-Үнэндээ чадахгүй байна. Зурагтаар нэг нэвтрүүлэг гарлаа гэхэд залуус охид гадаад үзэмжиндээ хэт анхаарч, үг хэллэгийн маяг моод хөөцөлдөөд үнэн байхаа, монгол байхаа больчихож. Одоо Өвөрмонголд Чингис хааны их тайлга гээд ёслол болж байна. Хятадууд манай үндэстний соёл урлаг, үүх түүх бүхнийг мөнгөөр зодож өөрийн болгож байгаад бухимдахгүй байх аргагүй.

-Таны яриа бүхнээс эх оронч үзэл, бухимдал цухалзаад байна л даа. Та гурав дахь бие даасан үзэсгэлэндээ энэ мэдрэмжээ хэр шингээх вэ?

-Би бүх бүтээлдээ шингээнэ. Үзэсгэлэнгийн үеэр бүх зургаа өөрөө тайлбарлана.

-Хоёулаа уран бүтээл рүүгээ эргээд оръё л доо. Та нэг их сайхан уртын дуу сонсохоор онгод хөглөгддөг гэдэг. Яг тэр үед юу мэдэрдэг вэ?

-“Уяхан замбуу тивийн наран” шиг ертөнцөөс тасалж, сансар огторгуйд жингүйдүүлдэг дуу энэ дэлхийд үгүй. Монголчууд харьцангуйн онолыг аль хэдийнэ таньчихсан галактикийн төвшинд сэтгэдэг тэнгэрлэг ард түмэн юм. Хүн төрөлхтөн маш их хохирсон. Юу гэхээр Монгол Улс Манжийн дарлалд байсан 300 жилд дэлхий дахин хаачихаа мэдэхгүй төөрсөн. Нүүдэлчдийн оюун ухаан, соёл иргэншилтэй танилцаагүйгээс болж дэлхий дахины хөгжил ухарсан гэж хэлж болно. Монгол бол гадаад харилцаа, улс төр, эдийн засаг, дайн болон энх тайван хөгжлийн гарцаараа дэлхий дахинд байлдан дагуулж байсан улс орон.

-Тэр их чинадын чинадыг дуу хуураараа, өв соёлоороо, үүх түүхээрээ дэлхийг байлдан дагуулсан үндэстэн гэдгээрээ хүн бүхэнд бахархах сэтгэл төрдөг байх.Та нэгэнтээ “Уяхан замбуу тивийн наран” шиг бүтээл хийхийн төлөө зорино гэж ярилцлага өгч байсан байна. Яг түүн шигээ бүтээл хийж чадсан уу?

-Ер нь уран бүтээлч хүн амьсгал татах сүүлчийн мөч хүртлээ өөртөө хэзээ ч сэтгэл ханаж болохгүй.

-Энэхүү гайхамшигтай уртын дууг ярихаар Норовбанзадыг ярих, Норовбанзадыг ярихаар Дэрэнгийн талыг ярих, Дэрэнгийн талыг ярихаар ижий ааваа дурсдаг учраас таны төрж өссөн нутаг ус аав ээжийн тухай дурсамжийг сөхөхгүй байхын аргагүй юм?

-Би Өвөрхангай аймгийн хүн. Хангайн найман нуураар аавтайгаа хөндлөн гулд давхиж байсан минь, гэрийнхээ хойморт өвгөчүүлтэй хэг хэг гээд инээгээд сууж байгаа аавын минь үнэр, эрэгнэгийнхээ хажууд босон суун бөртөлзөх цагаан ягаан царайтай ээжийн минь намба төрх гээд энэ бүхнийг бодохоор л сэтгэл минь тэжээгдэн өндийж, төлжиж ургаж байдаг даа.

-Та аавынхаа талаар дурсаач?

-Аав маань Ренчин Бимбаев, Чой Лувсанжав гээд тухайн үеийн сэхээтнүүдтэй нөхөрлөж байсан хүн байлаа. Өвөрхангайн зэлүүд талд эзэнгүй ханхай байсан байшинг музей болгож, судар номтой, ан амьтны үзмэртэй музей бий болгож байсан буянтай хүн дээ. Зурж будах маань ч удам дамжсан, охин маань ч энэ авъяасыг маань өвлөсөн.

-Таны урланд нүцгэн бүсгүйн хөрөг олонтаа харагдаж байна. Хөрөг зураг зурахаас өөр байх нь дамжиггүй?

-Би монгол бүсгүйн үзэсгэлэн гоо, намба төрх, дотоод сэтгэлийн гоо сайхныг дэлхийд харуулахыг хүсдэг. Дарьганга ч бай, Буриад ч бай, Торгууд ч бай монгол бүсгүй бүхэнд ёс уламжлал, зан үйл бүх зүйлийг нь багтаахыг хичээдэг.

-Эмэгтэй хүн ярьсных уран бүтээлч хүмүүсийг дурламхай гэлцдэг?

-Залуу насандаа гадаад үзэмжинд өөрийн мэдэлгүй татагдаж байсан бол нас ахих тусам ухамсраараа таньж, эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхны мөн чанарыг ялгаж салгаж таньж хардаг болчихдог юм байна. Ер нь тэгээд уран бүтээлч хүн дурлахгүй болчихвол эрчистэй, хүчтэй бүтээл гарна гэж үү?

-Тийм шүү. Ярилцлагынхаа төгсгөлд уран бүтээлч хүний “Би” гэсэн үзэл хэт их оволзох, бусдыг үгүйсгэх хандлага хэр зөв байдаг юм бол гэж асуумаар байна?

-Үеэс үед ам дамжин дуулагдах домог болсон уртын дуу, ардын дууг би зохиосон гээд хэн нэгэн цоролзоод гараад ирээгүй шиг монгол хүн би тэгсэн, би ингэсэн гэж ярьдаггүй, дотогшоо сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм. Чаддаг хүн олон юм ярьдаггүй. “Би” гэсэн үзэл бол яг үнэндээ хий дэмий төсөөлөлдөө автсан хүмүүсийн араншин, Энэ бол агуу ихийн дэмийрэл шүү.

А.СҮГЛЭГМАА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top